Иргэдийн нуруун дээр ирэх ачааг хөнгөлсөн ХОРИГ

УИХ 2020 оны улсын төсвийг батлахдаа НДШ-ийг хоёр хувиар нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Ингэснээр ажил олгогч, ажилтан аль аль нь НДШ-ийг одоогийн үйлчилж байгаа хуулиас нэг, нэг хувиар нэмж төлөхөөр байлаа. Харин үүнд Ерөнхийлөгч бүрэн эрхийнхээ хүрээнд хориг тавьж, УИХ хүлээж авснаар иргэдийн нуруун дээрх ачаа ч хөнгөрлөө. Учир нь ирэх оны улсын төсөв хэлэлцэхтэй зэрэгцээд батлагдсанаас хойшхи хугацаанд бизнес эрхлэгчид, иргэд сэтгэлзүйн хүнд дарамтад ороод байсан юм. Зарим иргэдийн зүгээс НДШ-ийг төлөхгүйгээр ажиллаж болох гарц ч хайж байлаа. Учир нь өнөөдөр авч байгаа цалин амьдралд хүрэлцэхгүйн дээр, дахиад татвар шимтгэлд төлөх эдийн засгийн хямрал ирэх онд нүүрлэхээр байсан. Ажил олгогчдын хувьд ч хөл дээрээ тогтож ядан явахад татварын дарамт өр зээлийг улам бүр нэмэхээр байлаа.
2019 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар Нийгмийн даатгалын байгууллагад бүртгэлтэй 46 мянга орчим ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын 19 мянга орчим нь 176,0 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэлийн өртэй гэсэн тоон мэдээлэл байна. 2020 оноос нийгмийн даатгалын шимтгэл дахин нэмэгдэх тохиолдолд эдгээр ажил олгогч аж ахуйн нэгж, байгууллагын өр улам өсөх, Нийгмийн даатгалын сангийн алдагдал ихсэх, ажил олгогчдын ажлын байр шинээр бий болгох болон ажилтныхаа цалин хөлсийг нэмэгдүүлэх сонирхол эрс буурах, дундаж давхаргын амьдрал доройтох, ажилгүйдэл ядуурал улам тэлэх зэрэг ноцтой, сөрөг үр дагаврууд шууд бий болох эрсдэл үүссээд байгаа нь үнэн.
Өнгөрсөн хугацаанд эрх баригчид эдийн засгийн 6 хувь хүртэл нэмэгдсэн, дефольт үүсэхээс сэргийлж чадсан гэж түмэнтээ ярьж байгаа. Цалин, тэтгэвэрт нэмлээ гэж байгаа ч өргөн хэрэглээний барааны үнэ тасралтгүй өссөөр ирснээс иргэдийн амьжиргаа улам бүр доошилсоор байгаа. Эдийн засгийн өсөлт иргэдэд мэдрэгдэхгүй байна гэсэн асуултад “цаг хугацаа нь болоогүй” гэсэн тайлбарыг хийдэг. Гэвч өрхийн төсөв байтугай аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаанд ч эдийн засгийн өсөлт мэдрэгдээгүй нь үнэн. Өнөөдөр эрх баригч хүчний гишүүдээс аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй олгодог тусгай сангуудын зээлийг авсан асуудал нэр ус, хамаарал бүхий хувийн компанитайгаа дурдагдаж байгаа. Эрх мэдэл, мэдээллийн давуу байдлаа ашиглан ЖДҮХС-гаас тэрбум тэрбумаас нь зээл авсан гишүүд өөрсдийгөө хамгаалж өмгөөлсөн мэдэгдэл хийсээр ирсэн. ХХААХҮ-ийн сайд Б.Батзоригийг огцруулсныг эс тооцвол хариуцлага хүлээж, гэмшсэн эрхэм энэ парламентад байхгүй.
Тиймээс “Капитал” банкинд байршуулсан эрүүл мэнд, нийгмийн даатгалын сангийн 240 тэрбум төгрөгийг төлүүлэх асуудал тодорхой шийдвэрт хүрээгүй атал НДШ-ийг нэмэгдүүлж, “алдаагаа засах” гэсэн эрх баригчдын сөрөг бодлого шийдвэрийг Ерөнхийлөгч эсэргүүцэж, хориг тавьсаныг олон нийт алга ташин хүлээж авсан. НДШ-ийг нэмэгдүүлэх шийдвэрийг цуцлах нь ОУВС-ийн хөтөлбөрийг эсэргүүцсэн хэрэг болно гэж Сангийн сайд тайлбарласаар байгаа. Өнгөрсөн хугацаанд төсвийн сахилга батыг барьж, эдийн засагт хямралыг тогтворжуулах бодлого хэрэгжсэн нь ОУВС-гийн хөтөлбөр гэдэгтэй маргах нэгэн байхгүй. Энэ хөтөлбөрийн хүрээнд улсын улайссан гадаад валютын нөөц ч нэмэгдсэн. Харин эрх баригчид төсвийн сахилга батыг барьж, урсгал зардлаа танаж ажиллаагүй нь үнэн. Ирэх онд л гэхэд хоёр их наяд төгрөгийн алдагдалай төсвийг баталсан. Харин алдагдлаа нөхөхөөр ард түмний нуруун дээр ачаа нэмээд байж болохгүй.
Ирэх оны төсөв тойрогт хийхээр төлөвлөсөн хөрөнгө оруулалтаас эхлээд танаж, хасах зүйл их бий. Наанадаж, “Капитал” банкнаар алдсан мөнгөө төлүүлж, төвлөрүүлэхийг Ерөнхийлөгч хоригтоо дурдсан. МҮСТ-д суралцагчдад сар бүр одоогийн урамшуулал 100 мянгыг нь өгөөд явж байхад болно. Ирэх оноос тэд 200 мянган төгрөг авахаар төсөвт тусгаж, эрх баригчид сонгуулийн шоугаа эхлүүлээд байгаа. Эрх баригч хүчний дарга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх Хэнтий аймагтаа, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар Увс аймагтаа хөшөө босгох, соёлын төв барихаар хамгийн өндөр төсвийг батлуулсан. Энэ бүхнээс эхлээд танагдахаар зардлууд 2020 оны төсөвт дурайж байгаа нь үнэн.
ОУВС-гийн зөвлөсөн төсвийн сахилга батыг зөрчиж, төсвийн хөрөнгийг оруулалтыг нэмэгдүүлсэн хэрнээ НДШ-ийг нэмэгдүүлж, иргэдийн нуруун дээрх ачааг нэмсэн эрх баригчид авир, үйлдэлд сонгогчид ирэх сонгуулиар дүн тавих биз ээ.
Н.Энхлэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ