Хойд Солонгос "шийдвэрлэх" туршилтаа хийлээ
2019-12-16

 

Хойд Солонгосын эрх баригчид сансрын хиймэл дагуул хөөргөх талбай дээрээс "шийдвэрлэх туршилт" хийсэн талаараа зарлалаа. Эдгээр туршилтууд нь "найдвартай стратегийн цөмийн тогтоон барих бодлого"-ыг хүчирхэгжүүлэх ёстой гэж Пхеньян мэдэгджээ. 

 

Цөмийн хэлэлцээр дээр Вашингтоноос буулт хийхийг шаардан АНУ-д өгсөн хугацаанаасаа хэдэн долоо хоногийн өмнө туршилтыг хийсэн нь "нэг ёсны сануулга" хэмээн шинжээчид үзэж байна.

 

Хойд Солонгост 12 дугаар сарын 14-нд туршилт явуулсан гэх бөгөөд гэхдээ чухам ямар туршилт хийсэн талаар Солонгосын цахим мэдээллийн төв агентлаг тодруулсангүй. Гагцхүү туршилтыг долоо хоногийн өмнө өөр нэг "нэн чухал туршилт" хийсэн Сохэ дахь хиймэл дагуул хөөргөх талбай дээр явуулсан талаар мэдээлжээ. Шинжээчид  пуужингийн хөдөлгүүр туршсан байж болзошгүй хэмээн таамаглаж байна.

 

Эргэн сануулахад, 10 дугаар сарын хоёрны өдөр Хойд Солонгос шумбагч онгоцноос шинэ баллистик пуужин амжилттай хөөргөсөн талаараа зарлаж байлаа. Пуужин хөөргөсөн зорилго нь "гадны аюул заналыг тогтоон барих, батлан хамгаалахаа хүчирхэгжүүлэх"-тэй холбоотой хэмээн мэдэгдэж байв.

 

Энэ оны зургаадугаар сараас хойш БНАСАУ нийтдээ 13 бага болон дунд тусгалын пуужин хөөргөсөн. Харин удахгүй алсын тусгалтай пуужингийн технологи ашиглан хиймэл дагуул хөөргөж болзошгүй хэмээн зарим шинжээчид таамаглаж байгаа юм.

 

Хэдийгээр НҮБ БНАСАУ-ыг аливаа төрлийн баллистик пуужин туршихыг хориглосон ч энэ улс пуужингийн технологи ашигласан "энхийн зорилготой хиймэл дагуул" удаа дараа хөөргөж байлаа.

 

Улмаар 2020 онд тив алгасах баллистик пуужин хөөргөж болзошгүй гэж шинжээчид үздэг.

 

Дашрамд дуулгахад, 2018 оны зургаадугаар сард АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп болон БНАСАУ-ын удирдагч Ким Жон Ун нар анх удаа уулзан, Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй болгох талаар ажлын түвшний хэлэлцээрийг сэргээх эрмэлзэлтэй байгаагаа мэдэгдэж байлаа.

 

Улмаар талууд энэ оны хоёрдугаар сард Ханой хотноо дахин уулзсан ч амжилт ололгүй,  Хойд Солонгосын цөмийн болон пуужингийн хөтөлбөрийг зогсооход чиглэгдсэн хэлэлцээр гацаанд орсон юм.

 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин