Зүтгэлээрээ ирээдүй бүтээгчид

img

“...Чи заавал эмч бол. Манайхнаас олон ч эмч нар төрөн гарсан... Урлагаар хоолоо олж иднэ гэдэг чинь юу бол. Түүний оронд багшаар сур... Чиний гарын дүйтэй нь яах вэ. Нэр хүндтэй сургуульд ор. Онц сурч явсны чинь хэрэг юу билээ...“  Аав ээжийн ятгалга, ах дүүсийн шахалтын тухай ийм яриа ахлах ангийн сурагчтай айл бүхэнд хааяа өрнөнө. Тэр тоолонд “...Би ч мужаан болох хүн дээ. Хөдөлмөрийн хичээлдээ муугүй... Барилгын салбарт л ажиллах юмсан. Би яг чадна...” гэх цагаахан мөрөөдөл мохож  байдаг нь харамсалтай.  Хүүхдэд хүчээр тулгах биш, сонголтоо бодитоор анзаарвал боломж хаа сайгүй байна. Цаг өөр болжээ.

 

 

Амьдрал ойр мэргэжил “үнэд орно”


Үндэсний статистикийн хорооноос гаргасан судалгаагаар, амьдралд ойр мэргэжлүүд хамгийн эрэлттэй хэмээн нэрлэгджээ. Монголд эрэлттэй 10 мэргэжлийн дотор өндөр зэрэглэлийн тогооч, барилгын инженер, авто барилгын инженер, гоо сайхны мэс засалч, уул уурхайн инженер зэрэг мэргэжлүүд багтаж байна. Дээрх мэргэжилтэй ажиллах хүчнийг улсын хэмжээнд төрийн болон төрийн бус өмчийн 86 МСҮТ, Политехник коллеж бэлтгэдэг. Дэлхийн хөгжингүй улс орнууд, тухайлбал, Герман улсад Ерөнхий боловсролын сургууль төгсөгчдийн 60 хувь нь МСҮТ-ийг сонгон суралцдаг байна. Япон, БНСУ зэрэг улсууд ч мэргэжилтэй ажиллах хүчин бэлтгэхэд бодлогоо чиглүүлдэг.

 

Аж үйлдвэр, бүтээн байгуулалт, хөгжил дэвшлийнх нь нэг гол үндэс нь ч тэр аж.  Одоогоор Монголд байдал эсрэгээрээ ч гэлээ, эрэлттэй мэргэжил сонговол цалин хөлс, ажлын байр, дэвших боломж гээд давуу талыг нь ойлгодог болж эхэлж байгаа нь сайн хэрэг. Үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн сургалтын арга зүйч Н.Оюунчимэг  “Сурагчид бүрэн дунд боловсролоо эзэмшихийн хажуугаар  1,5-3 жил суралцаад давхар мэргэжилтэй болоод төгсдөг нь маш том давуу тал.  Сурагчдын нэг хэсэг нь аав ээжийн зөвлөгөөгөөр, нөгөө хэсэг нь сонирхлоороо элсэж байгаа нь анзаарагддаг. Үүнээс гадна, сонирхол хоббигоо хөгжүүлье, үсчин, маникюрчин болъё” гээд сонгосон нь ч  бий. Төгсөөд ажилгүй гэхийн зовлонгүй. Хамгийн гол нь, үнэ төлбөргүй сурдаг гээд давуу тал олон” гэж боломжийн тухай цухас дурдсан.

 


Монголд эрэлттэй 10 мэргэжил (Эх сурвалж: Үндэсний статистикиийн хороо)


1.  Маркетингийн менежер
2.  Мэдээллийн технологийн мэргэжилтэн
3.  Өндөр зэрэглэлийн тогооч
4.  Барилгын инженер
5.  Авто барилгын инженер
6.  Гоо сайхны мэс засалч
7.   Уул уурхайн инженер
8. Архитектор
9.   Геологич
10. Төслийн менежер

                                                

20 настай мэргэжилтэн 2 саяын цалинтай

 

Энд ч хөрөө дуугарч, тэнд ч будаг үнэртэж, суралцагчид завгүй гүйлдэцгээнэ. Нэгнийхээ хийснийг шоолох, минийх чинийхээс давгүй боллоо гэж тэрүүхэндээ уралдацгаах нь хүүхдээрээ байгааг нь илтгэнэ.  Гэхдээ, багшийнхаа үгийг дуулгавартай сонсож, няхуур ажиллах аж.  “МСҮТ, Коллежууудад дөнгөж 9-р ангиа төгссөн 15,16-тай шилжилтийн насны хүүхдүүд элсдэг. Үзэл бодол нь төлөвшөөгүй хүүхдүүдийг шууд ажил олгогчийн шаардлага хангасан чадвартай, үг даадаг нэгэн  болгож төгсгөх амаргүй. Гэхдээ маш сайн төлөвшсөн боловсон хүчин эндээс л гардаг гэдэгт огт эргэлздэггүй” гэж хэлсэн өөр нэгэн сургуулийн багшийн үг санаанд оров. Үнэхээр ч тэд харах өнцгөө өөрчлөөд төгсдөг, тухайгаа ам уралдан ярьцгаасан. “20 настайдаа төгсчихнө, сайн ажиллавал хоёр сая төгрөгийн цалин авах энүүхэнд. 16 насандаа л сарын 200 мянган төгрөгийн цалинтай дадлагаа эхлүүлчихнэ.  Ангийнхантайгаа уулзахаар “чи ч гоё юм аа” л гэдэг хэмээн инээмсэглэн  ярихаас нь хүүхдийн дэврүүн мөрөөдөл, ирмүүн хүсэл мэдрэгдэнэ.

 

Цахилгаанчин,гагнуурчин, барилгачин,  тогооч, үсчин гээд эрэлттэй мэргэжлээр суралцахаар    зориг шулуудсан сурагчид мөрөөдлөө дагаж, хэн юу ч гэж гайхаж тавласан ч зорилгодоо үнэнч үлддэг нь бахтай санагдав. “Эмэгтэй хүүхэд байж чи яагаад, хэцүү биш үү, чадах уу” гэх эргэлзсэн, бас цаагуураа тавласан олон хүнтэй таарсан ч шантралгүй суралцаж яваа, Төв аймгаас Улаанбаатарт ирсэн энэ охиныг Б.Дашдолгор гэдэг.

 

Техник технологийн Политехник коллежийн 2а ангийн сурагч Б.Дашдолгор: Мужаан болохын тулд хөгжмийн сонирхлоо хойш тавьсан

 

 

 -Эмэгтэй хүүхдэд ахадсан гэмээр амаргүй мэргэжлийг яагаад сонгох болов?


-Би багаасаа л урлагийн авьяастай хүүхэд байлаа. Ёочин хөгжмөөр есдүгээр анги хүртлээ хичээллэж, уралдаанд ч оролцож ирсэн. Багш нар маань урлагийн чиглэлээр суралцахыг зөвлөдөг байсан.  Гэхдээ сонирхол гэдэг нэг хэрэг. Харин ирээдүйд амьдралаа авч явах мэргэжил бас ондоо гэдгийг олж харсан учраас хөгжмийн сонирхлоо хойш тавихаар болсон. Аав, ээж минь малчин. Би өөрөө айлын том охин. Гурван дүүтэй. Дүү нараа ямар хүн болгон хүмүүжүүлэх, өөрөө ч тэдэндээ яаж дэмтэй явах вэ гэдгээ бодож Барилгын мужаан болохоор есдүгээр ангиасаа эрс шийдсэн юм. Миний төлөө бүхнээ зориулдаг аав ээжийнхээ ачийг хариулах гүүр нь суралцаж байгаа мэргэжил минь гэдэгт эргэлздэггүй.

 

-Шантрах үе хэр гардаг вэ? Хичээлдээ дасч байна уу?

 

-Хүмүүс чи эмэгтэй хүүхэд байж яагаад гэж асуух нь хэцүү санагддаг байлаа. Одоо нэгэнт дасчихсан. Өөрийгөө хэзээ ч хөрөө бариад зогсоно чинээ төсөөлөөгүй явсан болохоор өөрөө ч “Би яг хаашаа ороод ирэв” гэж бодох үе цөөнгүй байсан.  Далий хөрөөднө, гар өвдөнө. Гэхдээ эхлэл гэдэг угаасаа л хэцүү байдаг шүү дээ.  Ингэж явсаар дадлагад гараад л мэргэжилдээ улам сонирхолтой болсон. Мэргэжил минь ирээдүйн зорилгод минь ямар нөлөөтэй билээ, айлын том хүүхэд шүү дээ гэж өөрийгөө  дахин дахин хурцалдаг. 

 

 

-Мэргэжлээ сонгох гээд эргэлзэж суугаа олон хүүхэд бий. Тэдгээр хүүхдүүдэд юу гэж зөвлөх вэ? Сургууль чинь ямар боломжуудыг олгож байна?

 

-Хэн нэгний ятгалгаар, эсвэл бусдыг даган дуурайж ажил олдохгүй мэргэжлээр, сэтгэл хөөрлөөр ирээдүйн сонголтоо битгий хийгээсэй гэж үеийнхэндээ уриалмаар санагддаг. Заавал дээд сургууль гээд цаг алдахгүй байгаасай л хэлмээр байна. Магадгүй би багш болохоор шийдсэн бол 2 жилийн дараа л их сургуульд элсэнэ. Мэргэжлээ эзэмших гэж дөрвөн жил сурна. Төгсөөд 500-600 мянган төгрөгийн цалин авна. Харин би барилгын мужаанаар сурч төгсөхдөө үүнээс дор хаяж 3 дахин их цалин авна. Бүрэн дунд боловсролын гэрчилгээгээ, мэргэжлийн гэрчилгээтэйгээ цуг авч төгсөх учраас дахин их сургуульд сурахад ч нээлттэй. Суралцаж төгстөлөө сардаа 100 мянган төгрөгийн тэтгэлэг авдаг нь ч их дэмтэй. Хэрэглээндээ зарцуулна, хэл сурах ч юмуу, өөр байдлаар өөрийгөө хөгжүүлэхэд зориулна. Ирэх оны нэгдүгээр сараас тэтгэлэг маань 200 мянган төгрөг болж нэмэгдэнэ. Тэр үед өөр олон чиглэлээр өөртөө оюуны хөрөнгө оруулалт хийнэ гэж бодож байгаа. Зорилгоо зөв тодорхойлоод хүүхдүүд энэ боломжийг ашиглаасай гэж хүсч байна.

 


                      

 Сурагчид, ажил олгогчдод шинэ боломж:  “Нэг сумаар 4 туулай”

 

Технологи хөгжих тусам хөдөлмөрийн зах зээл дээр хөрвөх чадвартай мэргэжилтэн хамгийн их эрэлттэй  болжээ. Энгийнээр тайлбарлавал, хэд хэдэн төрлийн ажлыг ганц хүн гүйцэтгэдэг байх хэрэгтэй гэсэн үг. Ийм мэргэжилтнүүдийг ч Монголд анх удаа Үйлдвэрлэл урлалын Политехник коллеж болон Дархан-Уул аймгийн Политехник коллежид бэлтгэж эхэлсэн байна. Тухайлбал, Үйлдвэрлэл урлалын Политехник коллеж Механтроник мэргэжлээр оюутнуудаа сургаж эхэлснээс хойш 7 жил өнгөрчээ.


Үйлдвэрлэл урлалын Политехник коллежийн Техник технологийн тэнхимийн эрхлэгч  П.Чулуунбат: 4 өөр мэргэжлийг цогцоор нь нэг дор эзэмшинэ

 

 

-Мехатроникч бол нэлээд өвөрмөц мэргэжил. Механикч, цахилгаанчин, электроникийн инженер, программист зэрэг дөрвөн мэргэжлийг цогцоор нь нэг дор суралцаж байгаа хэрэг. Энгийн жишээ аваад үзье л дээ. Айлын тоос сорогч засах шаардлага  гарлаа гэж бодъё.

 

Механик гэмтэл, цахилгааны асуудлыг нь хялбархан засчихаж болох юм. Гэтэл орчин үеийн цахилгаан бараа ихэвчлэн ухаалаг үйлдлийн системтэй болчихсон. Програмчлалын алдаа, гэмтэл гараад ирвэл засварчин нь гайхаад зогсчихож болохгүй шүү дээ. Нөгөө талаар, компаниудын Үйлдвэрлэлийн явцад нэг шугамд л доголдол үүсэхэд компани маш их алдагдал хүлээдэг. Ийм учраас л тал бүрээс нь “ухаж” чадах Мехатроникч мэргэжил эрэлттэй болж байна. Манай сургууль энэ чиглэлээр нэг ангидаа дээд тал нь 12 хүүхэд элсүүлдэг. Дадлагын бааз суурь,багшийн хүрэлцээндээ тулгуурлаад бэлдсэн цөөн тооны төгсөгчдийг маань дотоодын компаниуд булаалдаад л авчихдаг. Өнөөдөр ААН-үүд мехатроникийн мэргэжилтнийг Өвөрмонголоос урьж авчраад ажилуулж байна.

 

Гэтэл тэр хүмүүс системийн тохиргоогоо хугацаатай хийчихдэг. Жилийн дараа дахиад л нөгөө мэргэжилтнээ дуудаж ирүүлэх хэрэг гарна. Хөдөлмөрийн аюулгүй байдлаа хангах үүднээс заавал хоёр хүн ирдэг. Ингээд ажлын хөлс, унааны зардал гэсээр 6 орчим сая төгрөг гарчихаж байгаа юм. Ийм учраас хөрвөх чадвартай мэргэжилтэнг өөрсдөө дотооддоо хангалттай тоогоор бэлтгэх  шаардлага гарч байна. Компаниуд ч хүүхдүүдийг анх элсэхээс нь авахуулаад дадлагаар ажиллуулж, төгсөхөд нь урьдаг болсон.

 

 

Ерөнхий Боловсролын Сургуулийн ахлах ангийн сурагчдын хувьд Мехатроник мэргэжил цоо шинэ боломж аж. 9-р ангидаа элсээд нийт 4 жил сурна. Ажлын байран дээр гараад багадаа 1 сая 600 мянган төгрөгийн цалинтай ажиллаж эхэлдэг талаар Мехатроникийн багш нар хэлсэн. 2011 онд анхны төслөө бичин, Германы хамтын ажиллагааны байгууллагаас дэмжлэг авч, 4 лаборторио байгуулж, анхны элсэгчдээ авч байсан тус сургуулийнхан өнгөрсөн хичээлийн жилд Механтроник мэргэжлээ 5 жилээр магадлан итгэмжлүүлжээ. Компани ч олон хүн хайхгүй, Механик инженерээр төгсчихөд дахин програмчлал сурна гэж зовохгүй. Ийм л аль аль талдаа хэрэгтэй, хосолсон мэргэжил хөдөлмөрийн зах дээр эрэлт ихтэй, үүнийгээ дагаад цалин нь ч харьцуулшгүй өндөр байна.

 

Ажилгүй бол сургаад өгнө, мэргэшээгүй бол дадлагажуулна

 

Иргэн Батаа ажил алга гээд  гараа хумхиж суухын оронд яваад очвол сургаад өгнө. Компанийн захирлууд “тохирох мэргэжилтэн алга” гэж гомдол тоочихоосоо урьтаж, дагуулаад хүрвэл мэргэшүүлээд сургачихна. Өөрөөр хэлбэл, хэрэгтэй мэргэжилтэнг нь захиалгаар сургаад гаргах гэнэ. Ур чадвартай мэргэжилтэй боловсон хүчнийг бэлтгэх, давтан сургах боломжийг энэ мэтээр чадамжийн төвүүд олгож эхэлжээ. Дэлхийн улс орнууд ч чадамжийн төвийг олноор бий болгож, зөв ажилд тохирох хүнийг бэлтгэхэд чиглэж байна.  Хэд хэдэн аймгийн Политехник коллеж, МСҮТ-д ийм төвүүдийг ашиглалтад оруулсны нэг нь Техник,Технологийн Политехник коллеж. Тус коллеж нь Мужааны чадамжийн төвийг хөгжүүлж байна. Орчин үеийн тоног төхөөрөмжид суурилж, 3D, 4D модон хийц үйлдвэрлэх ур чадварыг эзэмшүүлдэг.

 

 

Манай улсад ойрын жилүүдэд ашигт малтмал болон түүнийг дагалдах үйлдвэрлэлийн салбарт 40 мянга орчим мэргэжилтэй ажиллах хүчин шаардлагатай гэсэн тооцоо бий. Тэдгээр мэргэжилтнүүдийг бэлтгэхэд Чадамжийн төвүүд бааз суурь чухлыг мэргэжлийн багш нар хэлж байлаа. Дадлагын сургалтын бааз нь цогцоороо бүрдсэн учраас сурагчид ч энд  хичээлээ хийхэд давуу талтай аж. Техник, технологийн коллежид Барилга угсралтын мужаан,  Барилга угсралтын мужааны техникч гэсэн хоёр өөр мэргэжлээр сурагчид суралцахдаа дадлагаа уйгагүй  хийдэг гэнэ. Эхний жилдээ гараа зүгшрүүлээд, хоёрдугаар ангидаа цахилгаан машинууд дээр ажиллаж эхэлнэ. Харин гуравдугаар ангиасаа суурь машинууд дээр ажиллаад сурчихдаг гэв. “Хамгийн гол нь төвийн тоног төхөөрөмжийн бааз суурийг шинэчилж байх чухал. Технологи хөгжихийн хэрээр томоохон компаниуд шинэ тутам гарч байгаа төхөөрөмж авах нь нэмэгдсэн. Гэтэл дараагийн шинэ багаж гарчихсан байхад бид хуучинтайгаа зууралдаад суувал төгсөгчид маань ажил дээр гараад гологдоно. Үүнд голлож анхаардаг” гэж мужааны мастер багш нар онцолсон.

 

                                                 Дэлхийд өрсөлдөх Монгол залуус

 

МСҮТ, Политехник коллежид суралцаж буй суралцагчид  дэлхийд өрсөлдөж, олон улсын тавцанд өндрөөр үнэлэгдэж байна.  Барилгын Политехник коллежийн Угсралтын техникчийн 2а ангийн сурагч Г.Учрал энэ оны 8-р сарын 22-29-ний өдрүүдэд  ОХУ-ын Казань хотноо болсон Дэлхийн ур чадварын тэмцээн буюу “World  skills 2019” уралдаанд амжиллттай оролцоод иржээ. Сургуульдаа болон улсдаа аваргалж эрхээ авсан тэрбээр багаасаа аавыгаа дагаж, хөдөлмөрийн үнэ цэнийг мэдэрсэн нь Барилгын чиглэлээр суралцахад нөлөөлжээ. Удахгүй төгсөх тул сургуульдаа бүтээл хийж үлдэхээр шамдаж суухад нь бид очив.   

 

 

“Ажлын урилга ч зөндөө ирсэн, үргэлжлүүлж их сургуульд сурах ч боломж бий, дүнгээ, кредит цагаа  дүйцүүлж тооцоод Их сургуулийн хоёр, гуравдугаар курсэд ч шууд элсэх эрхтэй байдаг” хэмээн залуу мэргэжилтэн инээмсэглэв.

 

Барилгын Политехник коллежийн Угсаралтын техникчийн 2а ангийн оюутан  Г.Учрал: Тууштай, зорилготой байх нь амжилтын үндэс

 

-Багаасаа өвөөтэйгээ хамт модоор ойр зуурын эдлэл хийдэг байсан. Жижиг сандал, ширээ хийж үзээд  гарын дүйтэй гэдгээ мэдсэн. Долдугаар ангидаа аавтайгаа хамт Баянхонгор аймгийн Бууцагаан суманд  Шинэ сум төслийн барилга дээр ажилласан. Амралтаараа ажиллаад заавал гар утас авна гэж зорьсон болохоор хэцүү байсан ч гүрийсээр ажлаа дуусгасан. Тэндээс л аав ээжээсээ мөнгө нэхэж зовоохгүй, өөрийгөө дайчилбал юунд ч хүрч болно гэсэн урам авч байснаа мартдаггүй. 11-р ангидаа орох жилээсээ энэ сургуульдаа элссэн.

 

Энэ жил Дэлхийн ур чадварын тэмцээнд босго 700 оноог давж, шагналт байранд орохоос 17 оноо л дутсан. “Russia” гэсэн үгийн бүх үсгийг барилгын өрлөгөөр өрөх гэх мэт хүнд даалгавар ихтэй, өрсөлдөөн ширүүн байсан.  Байр эзлээгүй ч улсаа төлөөлж дэлхийд өрсөлдөөд мөрөөдлөө биелүүлсэндээ баярладаг. Тэр ч гоё, энэ ч сайхан гэж мэргэжлээ дундаас нь орхиж болохгүй. Бас өөрөө юунд хамгийн сайн бэ гэдгээ бодож сонголтоо хийх хэрэгтэй гэж боддог. Тууштай зорилготой байвал юунд ч хүрч болно гэдгийг найзууддаа, ялангуяа мэргэжлээ сонгох гэж байгаа дүү нартаа хэлмээр байна. Манай сургуулийн 4 найз саяхан Оюутолгой компаниас ажиллах урилга авсан. Өөрөө л хичээвэл ажлын байр асуудал биш болсон нь сайхан санагддаг.

 

Залуус зорилготой, түүндээ зөв хандлагаар хүрэхийг мэрийдэг болжээ. Г.Учралын нэгэн адилаар үндэсний аваргаар шалгарч, цаашлаад Дэлхийн ур чадварын тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох мөрөөдөл өвөртөлсөн Сантехникчийн 2а ангийн сурагч О.Тамир улсын аварга шалгаруулах тэмцээндээ  их л нухацтай бэлдэж суув. Хоёр дахь  жилдээ улсад өрсөлдөх гэж буй тэрбээр “Слесариас эхлээд инженер болтлоо сурна гэж боддог. Багаас нь эхэлж байж л том амжилтанд хүрнэ гэж багш нар маань сургадаг гэж хэлээд яаравчлан бэлдэцээ угсрав. Хажуудаа цаг тавиад өөрийгөө сорьж байгаа нь энэ ажээ. Харин түүний багш Ч.Энхмаа “Дэлхийн хэмжээний ур чадвартай залуус Монголдоо бэлтгэгдэж байна. Бид жилдээ 100 орчим сурагчийг барилга, сантехникийн чиглэлээр төгсгөж байна. Хамгийн гол нь мэрийлттэй, зөв хандлагатай хүүхдүүд энд төлөвшин гарч байгаад баярладаг. Ур чадвараас гадна хандлага, төлөвшийг нь харж ажилд авдаг болсон цаг” гэж онцолсон. Хэн илүү хөдөлмөрлөсөн нь торойгоод гараад ирдэг бичигдээгүй хуулийг бодитоор үзүүлж буй эдгээр залууст Дэлхийн аваргаас ч холын мөрөөдөл бий. Шинэ үеийн шижигнэсэн залуус өөрсдийнхөө гараар эх орныхоо бүтээн байгуулалтад хэзээ мөдгүй оролцож эхлэх нь олзуурхам.    

                                              

Хандлагаа өөрчилж, боломжоо ашиглая

 

Амьдралд ойр мэргэжил хичнээн чухлыг эцэг эхчүүд ч, хүүхдүүд ч ялгаж салгахтайгаа болсон нь нэгээхэн дэвшил гэж  мэргэжлийнхэн онцлов. “Хөөрхий муу хүүгээ бусдын дайтай явуулъя гэсэндээ  хэдэн малаа зарж, банкны зээл хөөцөлдөх аав ээж. Гэтэл багадаа 5 сая төгрөг “татсан” оюутан нь төгсчихөөд ажил олдоггүй ээ гэж гэдсээ илж хэвтэх.  Коллежид орохгүй гэж томорчихоод, нэр сүрийг нь бодож “том” сургууль сонгосон залуус  “Солонгос руу л явж ажиллая. Цалин бүтэхгүй нь, амьдрал дээшлэхгүй нь” гэж гомдоллох. Их сургуульд элсэхийг буруутгаж байгаа хэрэг огт биш.  Чухамдаа  “моод” хөөж биш, ажил орлого, зах зээлийн эрэлтээ  бодож сонголт хийхийг цаг үе шаардаж байна.

 

Хэдхэн жилийн өмнө нийтлэг байсан, одоо ч буй сөрөг буруу  хандлагыг  МСҮТ, Политехник коллежийн шилдэг төгсөгчид өөрчилж байна. “Болдог юм, боломж ирдэг гэдгийг харуулаад эхэлсэн нь бахархам шүү” гэж багш нар  ярьцгаав. Тэд эрэлттэй мэргэжлээр үнэгүй суралцаж төгсөөд аль компанийн саналыг нь хүлээж авах вэ гэдэг сонголттой л нүүр тулдаг аж. Жил бүр 32-36 мянган оюутан их дээд сургууль төгсдөг. Тэдгээрийн 60 гаруй хувь нь мэргэжлээрээ ажилладаггүй гэх судалгаа бий. Харин эсрэгээрээ МСҮТ, политехник коллеж төгссөн оюутнуудын 70 хувь нь төгсөөд шууд ажлын байртай болдгийг статистик дүн харуулж байна.  Иймээс ч мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэхэд төрөөс түлхүү анхаарахад хөгжлийн бодлогоо чиглүүлжээ.  Үндэсний хөтөлбөрийн хүрээнд 2021 онд гэхэд 70 мянга гаруй буюу одоогийнхоос 2 дахин их мэргэжилтэй ажиллах хүчнийг бэлтгэх зорилт тавиад байна.

 

Хичээвэл хүн бүрт боломж бий.  Мөрөөдөлдөө хүрэх илүү дөт зам хангалттай байна. Гагцхүү, агуулга бус хэлбэр хөөж, сонголтоо хийхгүй байх нь зорилгодоо хүрэх зөв чиг юм. Хорин настайдаа хувийн компаниа байгуулж, үеийн найзуудаа ажилд авч яагаад болохгүй гэж. Алх барин зогсох арван хэдтэй охин, хөрөө барин хөлсөө арчих хорь хүрээгүй хүү үүнийг харуулж байна. Боломжтой гэдгийг нь өөрөөрөө үлгэрлэж явна.

 

“Мэргэжилтэй ажиллах хүчин Монголын ирээдүй гэх хандлага бат тогтох тусам боломж тэр хэрээр нэмэгдэнэ. Зүтгэлээрээ жигүүрлэсэн тэд эх орны хойчийг бүтээж байна. Цаашид ч сүндэрлүүлэх нь дамжиггүй.

 

Д.Ганзориг

СЭТГЭГДЭЛ БИЧИХ