Сэтгэл дутсан, сэрдхийлгэм бүтээн байгуулалт


Д.Сүхбаатар жанжины хүрэл хөшөөний гинжин дээр суугаад нар өөдөө харж чадалгүй толгой жаахан гэлжийлгэж авахуулсан зураг магадгүй таны зургийн цомогт бий.
Хүүхдийн баяраар хөөрсөн бөмбөг, хөөсөн чихэр, багачуудын баясал дүүрэн инээдээр бялхана. Харин бусад өдрүүдэд өөр бусдын өлсгөлөн, жаргал зовлон, жагсаал цуглааны хөлд дарагдах буурал талбай...
Залуу хосууд энд цаг товлон болзоно. Хаврын урь ирсэн даруйд хүүхдүүд дугуй унана. Аав, ээжийн ангийнхан 30 жилийн дараа ч анхны хайр, ариухан хүүхэд насаа дурссаар талбайг л зорино. Сэтгэл жаахан гунигтай байвал сэнхийтэл санаа алдаад бүтэн нэг тойрчихвол тайвширах мэт ч болно...Ерөөс олны жаргал, зовлонг мөнхөлсөн буурал талбайд сүүлийн үед утааны эсрэг, шатахууны үнийн нэмэгдлийн эсрэг, оффшорчдын эсрэг, автомашины татварын нэмэгдлийн эсрэг зэрэг олон жагсаал, цуглаан байсхийгээд л болно. Зарим нь нүцгэлнэ, өөр нэгэн нь уйлна, Төрийн ордон руу дайрна, давшилна, өөрийгөө галдан шатаах ч гэж оролдоно. Төв талбай нөгөө л янзаараа дүнхийнэ.
Тун саяхан Сүхбаатарын талбайг тойрон байрлуулсан боржин чулуунууд хэзээд янзаараа л угтах талбайг хэн нэгнээ үдсэн өрх нь бүтээлттэй айл мэт хачин жигтэй санагдуулав. Боржин чулуун дээр авлига авсан, оффшор данстай, ЖДҮ-ээс зээл авсан гэх зарим эрхмүүдийн нэрийг дурайтал он, сартай бичиж засварласан зураг сошиалаар цацагдсан нь бүр ч жихүүдэс төрүүлэв.
Тэгвэл энэ чулууг Төрийн тусгай хамгаалалтын газраас байршуулжээ. Тус газрын зүгээс хотын архитектурын газартай хамтраад загвар дизайныг нь гарган бүтээсэн байна.

Энэ тухай Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Б.Алтаншагай “Сүхбаатарын талбайд Төрийн ёслол, хүндэтгэлийн арга хэмжээнээс эхлээд жагсаал цуглаан, баяр ёслол зэрэг олон арга хэмжээ болдог. Хүмүүс их цугладаг учраас аюулгүй байдлыг хангах үүднээс чулуун хаалтыг байрлуулсан. Чулууг дөрвөлжин хэлбэртэй тавьснаар суурь сайтай, хөдөлгөөнгүй болж байгаа юм. Америк, Орос, Герман, Япон гэх мэт олон орны Төрийн ордны дэргэд дөрвөлжин хэлбэртэй чулууг байрлуулсан байдаг. 2018 оноос яригдаж байгаад сая ажил хэрэг боллоо.
Сүхбаатарын талбай руу согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон иргэн нэвтэрсэн, автомашин хулгайлсан хүн зугатаж явахдаа жуулчин мөргөсөн, жагсаал цуглааны үеэр автомашин шатаах гэж оролдсон гэх зэрэг хэргүүд гарч байсан. Тиймээс иргэдийн аюулгүй байдлыг хангах зорилгоор чулуун хаалтыг хийлгэж тавьсан. Ингэхдээ олон улсын жишгийн дагуу цэвэр монгол чулуугаар хийлгэсэн” гэжээ.
Гэвч энэхүү бүтээн байгуулалтыг шаардлага хангахгүй байгаа тул дахин засварлахыг Нийслэлийн Засаг дарга зөвлөв.
Учирч болох эрсдэлийг урьдчилан тооцоолж босгосон боржин чулуу олны сэтгэлд нийцсэнгүй. Иймд Төрийн тусгай хамгаалалтын газар загвар, дизайныг дахин сайжруулж хоноцийн сэтгэлээр бус хоёргүй зүтгэлээр, сэрдхийлгэм биш сэтгэл татах бүтээн байгуулалт босгоосой.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ