Б.Отгонсүх: Нэгдүгээр эмнэлгийн үүднээс автомашин ачаад зугтдагаа боль

Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх автомашин ачилтын үйл ажиллагаа явуулдаг компанийн удирдлагуудтай өнөөдөр /2019.12.19/ уулзалт хийлээ. Уг уулзалтад нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар болон ачигч компаниудын төлөөлөл оролцов.
Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх "Өнөөдөр өглөө “Тоёото” маркийн автомашиныг хөндлөн чирээд явж байгаа бичлэг сошиалаар цацагдсан. Энэ аль компани вэ. Энэ машин дүрэм зөрчиж зогссон бол бид ачих үүрэгтэй ч хөндлөн чирээд явах эрх, үүрэг байхгүй. Хүний эд хөрөнгөтэй холбоотой асуудал яригдана. Хоёр сарын өмнө надад зогсоол дээр байсан автомашиныг ачаад явсан гэх гомдол ирсэн. Дараа нь тус ачилтын компаниас мөнгөө эргүүлж авсан иргэн гомдол гаргасан, баримт нь байна. Дүрэм зөрчсөн гээд иргэдийн автомашин, техникийг хөндлөн чирдэг, эвдэлдэг, тээвэрлэж яваад хүний машин мөргөчихөөд зугтдаг энэ асуудал хэрээс хэдэрлээ нөхөд өө. Үүнд ямар арга хэмжээ авах вэ. Эмнэлэг зэрэг эмзэг цэгүүдээс машин ачаад байх юм. Би ч хэн нэгэн маань өвдвөл машинаа орхиод л эмнэлэг рүү гүйгээд орно. Гэтэл Улсын Нэгдүгээр эмнэлгийн үүднээс автомашин ачаад зугтдаг. Ачиж явахдаа бусдын эд хөрөнгийг эвдэлж хохирол учруулдаг гэх гомдол өдөр бүр ирдэг. Тухайлбал сүүлийн долоо хоногт надад таван өргөдөл, гомдол ирсэн. Засаг даргад үүнээс ч олон гомдол ирсэн байгаа” гэлээ.

Нийслэлийн авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индра “Улаанбаатар хотод 2016 оноос хойш нийтдээ 19 аж ахуй нэгж зургаан дүүргийн нутаг дэвсгэрт ачилтын үйл ажиллагаа эрхэлж байсан. Өнгөрсөн хугацаанд шалгалт явуулж дөрвөн аж ахуй нэгжийн гэрээг цуцалсан. Дахин шалгалт зохион байгуулж алдаа дутагдал гаргасан аж ахуй нэгжүүдийн гэрээг цуцална. Аж ахуй нэгжүүдэд жилд нэг удаа шалгалт хийдэг байсан бол одоогоор улиралд нэг удаа шалгалт хийж байна. Энэ бол үйлчилгээ үзүүлж байгаа аж ахуй нэгжүүд. Иргэдэд үйлчилж байгаа тохиолдолд Хууль зүйн яамнаас гаргасан сайдын тушаал НИТХ-аас гаргасан тогтоол шийдвэр, Авто замын хөгжлийн газраас гаргасан гэрээ зэрэг олон бодлогын бичиг баримтыг хаа хаанаа ойлгох хэрэгтэй. Буруутай автомашин байсан ч ачилтын үйл ажиллагааг явуулах жолоочдоо сургалт явуул, соёлтой үйлчил. Гурван удаа зарлан дуудна. Энэ тохиолдолд ирээгүй тохиолдолд Тээврийн цагдаагийн албаны зөвшөөрлөөр ач гэдэг үүрэг даалгаврыг удаа дараа өгсөн. Удаа дараа өгсөн үүрэг даалгаварыг нэр бүхий аж ахуй нэгжүүд хэрэгжүүлэхгүй алдаа дутагдал гаргаж байна. Үүнтэй хатуу тэмцэнэ. Гэрээгээ цуцална. Бид үйл ажиллагаа илүү сайжруулна” гэв.

Ачигч автомашинуудын нэгдсэн холбооны тэргүүн Б.Наранбаатар “Холбоо дөрөвдүгээр сараас хойш маш эрчимтэй ажиллаж байгаа. Бүх ачигч автомашиныг хувийн болон баазын дугаартай болгосон. Одоо холбооны зүгээс дөрвөн оператор компанитай ярилцаад мессеж тусгай дугаарыг гэрээ хийгээд авсан. Программ хийлгээд холболтын ажил явагдаж байна. Ирэх долоо хоногоос иргэдийн автомашины цонхны шилэн дээрх утасны дугаар руу автоматаар мессеж очдог болох гэж байна” гэлээ.
Уулзалтын төгсгөлд Нийслэлийн Засаг даргын орлогч, зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх “Компаниуд ачилтын автомашинуудаа нэмж байгаа болохоос үйлчилгээгээ сайжруулж чадахгүй байна. Энийг яаж сайжруулах вэ гэдгээ Нийслэлийн автозамын газартай ярьсан уу, Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй уулзсан уу” гэдэг асуулга тавиад “Хууль дүрэм зөрчсөн жолоочийн автомашиныг ачиж болно. Ачаад явж байхдаа хүнйи эд хөрөнгийг авч яваа шүү гэдэг сэтгэлээр ажил явуул. Үйл ажиллагаа явуулж байгаа 15 аж ахуй нэгжүүдээр явж газар дээр нь очиж ажиллана. Дүрэм журмынхаа хүрээнд ажиллаж буй эсэхийг шалгана. Стандарт шаардлага хангахгүй байгаа компаниудын тусгай зөвшөөрлийг цуцална” гэдэг үүрэг даалгаврыг өглөө.

Хэрэв ачигч компаниудын буруутай үйл ажиллагаанаас шалтгаалан иргэн хохирол амссан бол Нийслэлийн автозамын хөгжлийн газрын утсанд болон цахим хуудсанд өргөдлөө гаргах боломжтой аж.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ