Г.Занданшатар: Авлигын хэргээр шийтгэгдсэн хүнийг нэр дэвшихийг хориглосныг эргэж харах хэрэгтэй

Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдав. Хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн төслийн эцсийн хэлэлцүүлгийг хийв. УИХ-ын дарга Г.Занданшатар:
-УИХ-ын сонгуулийн хуулийн төсөлд улс төрийн намуудаас гаргасан зарчмын саналуудыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзэж байна. Нэгдүгээрт, АН-ын зөвлөлөөс "сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуууд авах" асуудлыг өмнөх хуулийн дагуу хугацаатай, хувь хүний нууцыг задруулахгүй оруулах саналыг хуралдаан даргалагчаас хүссэн. Энэ дагуу судлан үзэх хэрэгтэй.
Хоёрдугаарт, Иргэдийн эвлэлдэн нэгдэх хүрээнд улс төрийн намуудаас гаргасан "эвсэлд нэгдсэн намуудаас олонх нь эвслээс гарсан бол эвслийг тараах" саналыг гаргасан. Энэ саналыг мөн байнгын хороо судлан үзнэ үү.
Гуравдугаарт, авлига, албан тушаалын хэргээр шийтгэгдсэн хүнийг сонгуульд нэр дэвшүүлэхийг хориглох тухай заалт ҮХЦ-ийн 2008 оны дүгнэлттэй зөрчилдөх эсэх, нэг хүнд чиглэгдсэн зохицуулалт болоод байна гэсэн шүүмжлэл гарсан. Энэ асуудлыг судлах хэрэгтэй. Эцэст нь олон улсад маргаан дэгдээж байгаа асуудал "Ард түмний сонголтыг шүүх шийдвэрлэх" тухай. Энэ асуудлыг хянаж зохицуулахыг гишүүд чуулган дээр ярьсан. Олон мандаттай тойрогт нэр дэвшиж байгаа учраас нэр дэвшигчдийн хэнийг татах вэ. Үүнийг гишүүд судлан үзэх хэрэгтэй. Сонгуулийн тухай, Зөрчлийн тухай, байгууллагын тухай хууль зөрчилдөх үү? Дөрвөн зөрчлийг ШБӨЗГ хянан шийдвэрлэхээр байна. ШБӨЗГ бол бизнес, монополийн эсрэг байгууллага. Сум, багт гарч байгаа зөрчлийг яаж хянах вэ?
УИХ дахь МАН-ын бүлгийн дарга, Сонгуулийн хуулийн ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн:
-Анхны хэлэлцүүлгийн үед хэлэлцэгдсэн асуудлуудаас УИХ-ын даргын өгсөн чиглэлийн дагуу бэлтгэн оруулж ирж байна. АН-аас тавьсан сонгогчдын нэрсийн жагсаалтыг намуудад өгөх тухай заалтыг оруулахаар байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлүүлсэн асуудлыг дахиж хэлэлцэхээр байгаа. Нийтдээ 11 зарчмын зөрүүтэй саналыг оруулж ирж байна гэлээ.
Өчигдрийн чуулганы хуралдаанаар Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдож, шүүхээр шийдвэрлэгдэн, ялаа бүрэн эдлээгүй бол сонгуульд нэр дэвшихийг хориглосон заалтыг дэмжсэн юм. Харин өнөөдөр байнгын хорооны хуралдаанаар уг асуудлыг эргэж харахаар болж байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-АТГ ажлаа хиймээр байна. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдсон хүмүүс УИХ-д орж, хамгаалалтад орох гээд байна гээд шүүмжлээд байна. МАН авлигатай тэмцэнэ гэсэн хэвээрээ юу. Т.Аюурсайхан алга боллоо. Т.Аюурсайхан авлига, албан тушаалын гэмт хэргээр ял шийтгэгдсэн хүнийг нэр дэвшихийг_ хориглох саналыг гаргасан шүү дээ. Авлигатайгаа эвлэрээд яваад байна уу, та нар.
Ажлын хэсэг хэлэлцэх асуудалд байр сууриа нэгтгэхээр болж Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаан түр завсарлалаа.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ