Ц.Нямдорж: Эвслийг хэврэг болгож болохгүй

21:20 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж,Төрийн байгуулалтын байнгын хорооноос бэлтгэн ирүүлсэн зарчмын зөрүүтэй 14 саналын томъёоллын 7 саналын томъёоллоор нэгбүрчлэн санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.
Хуралдааны явцад Улсын Их Хурлын дарга “Сонгуулийн хуулийг маргаан, зөрчилгүй, улс төрийн намуудын зөвшилцлийн хүрээнд, холбогдох байгууллагуудын саналд үндэслэн эцэслэн батлах ёстой” гэдэг байр суурийг илэрхийлж, Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаанаар Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг явуулах бэлтгэлийг бүрэн хангах үүргийг Төрийн байгуулалтын байнгын хороонд өгснөөр өнөөдрийн чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө
Маргаан дагуулсан будилаантуулсан санал
19:50 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар УИХ-ын сонгуулийн хуулийн эцсийн хэлэлцүүлгийг хийж байна. Хуулийн төслийн танилцуулгыг ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн танилцуулав. Байнгын хорооны танилцуулагтай холбогдуулан УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ:
-Сонгуулийн хуульд МАХН-ын дарга Н.Энхбаяртай холбоотой заалт орлоо гэж шүүмжилсэн. Үүнийг Төрийн байгуулалтын байнгын хороогоор хэлэлцэв үү. Хэрэгт холбогдсон хүмүүсээ шалгаж нэр дэвшүүлэх байх, улс төрийн намууд. Гэхдээ нэг хүнтэй холбоотой заалт оруулж болохгүй. Цахим орчинтой холбоотой заалтыг зохицуулах дээр ямар заалт оруулсан бэ. Монгол Улс залуучуудын орон. Цахим орчныг нэг өдөр байтугай нэг цагаар ч хаах нь асуудалтай. Цахим орчин агаар ус шиг хэрэглэгдэж байна.
Ажлын хэсгийн ахлагч Д.Тогтохсүрэн:
-УИХ-ын нэгдсэн чуулганаар УИХ-ын Сонгуулийн хуулийн анхны хэлэлцүүлгийг хийх явцад Т.Аюурсайхан гишүүний гаргасан "Авлига, албан тушаалын гэмт хэрэгт шүүхээр тогтоогдсон бол нэр дэвшүүлэх эрхийг хориглоно" гэсэн санал дэмжигдсэн. Үүнтэй холбоотой ҮХЦ-ийн дүгнэлт гарсан байдаг. Тиймээс энэ саналыг хасах асуудал орж ирсэн. Цахим орчныг хязгаарласан асуудал байхгүй. Бүртгэлтэй цахим хаягаас мэдээлж болно байна.
Ийнхүү зарчмын зөрүүтэй 15 саналаар санал хураалт явуулж байна. Эвсэлд нэгдсэн намуудын аль нэг нь гарсан тохиолдолд эвсэл тарсанд тооцох саналыг хураах үед гишүүн С.Бямбацогт "Эвсэлд нэгдсэн намуудаас олонхи нь эвслээс гарсан тохиолдолд" гэж оруулсан. Яагаад өөрчлөгдсөн бэ" гэсэнд ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Эвсэлд нэгдсэн намууд санхүү нь нэг байдаг юм. Олонхи нь эвслээс гарсан гэдэг чинь буруу хувилбар. Гурван нам эвссэн тохиолдолд нэг нь гарвал тарсан гэсэн үг. Хэд хэдэн удаа эвсэл болж байсан. Эвслийг хэврэг болгож болохгүй. Энэ чинь тоглоом биш. Ийм тоглоом хийдэг хүмүүс ч байгаа, нам ч байгаа. Ажлын хэсгийн ахлагч буруу тийшээ зүтгүүлж болохгүй. Би гарцаагүй юм ярьж байна. Та нараас хариулт сонсох дайны жижиг хүн биш, би.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Энэ бол хүмүүст байдаг зовлонгийн нэг. Хууль санаачлагчийн зүгээс оруулж ирээгүй, байнгын хороо дээр яригдаагүй асуудал орж ирж болохгүй. Манайд 34 нам байгаа ч янз бүрийн хуурамч нам байдаг. Бүлэг задрахаас ч хүнд асууудал үүснэ. Эвсэл задарвал хэн нь үлдэх вэ? Эвслийн аль нэг нам дангаараа нэр дэвшүүлж болохгүй гэж байна. Эвсэл задарсан тохиолдолд УИХ-ын гишүүн биш болох уу? Энэ бол осолтой асуудал.
Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга С.Бямбацогт:
-Улс төрийн 10 нам эвсэхэд олонхи нь гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцъё гэдэг саналыг Ж.Батзандан нар гаргасан. Байнгын хороон дээр ингэж орсон томъёоллыг хаана өөрчлөгдсөнийг гайхаад байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандан:
-Монгол Улсад парламентад суудалгүй байгаа 30 гаруй нам нэгдэж санал гаргасан боловч дэмжигдээгүй. Эвсэл байгуулаад УИХ-д гараад тардаг. Эвссэн намуудын 51 хувь нь гарсан тохиолдолд эвслийг тарсан тооцооч гэж үзсэн юм. Энэ өөрчлөлт УИХ-ын дарга Г.Занданшатарын өгсөн чиглэлийн дагуу орж ирсэн. Эвлэлдэн нэгдэх хууль учир дэмжиж өгөөч гэж хүсч байна.
ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж:
-Эвсэл хэврэг байгуулагдвал сонгуулийн үед ч, дараа ч төрөөр тоглоно. 1996 оны МОАХ эвслэ, 2004 оны сайн намуудтай нийлсэн эвсэл, хамгийн сүүлд 2012 оны "Шударга ёс" эвсэл юу болсон билээ. Тийм учраас үүнийгээ байнгын хороон дээрээ дахиж яриач.
Ингээд байнгын хорооны гаргасан "эвсэлд нэгдсэн намуудын олонх нь гарсан тохиолдолд эвслийг тарсанд тооцно" гэсэн саналаар санал хураалт явуулав. Гэвч гишүүдийн олонхи уг саналыг дэмжсэнгүй.
Ийнхүү чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ