Гэр бүлдээ хайртай бол согтуугаар жолооны ард бүү суугаарай

Цагдаагийн алба хаагчдын хийсэн хяналт шалгалтын үеэр өнгөрөгч долоо хоногт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 89 жолоочийг илрүүлж, эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 30 хүнийг шүүхээр баривчилж хуулийн дагуу хариуцлага тооцсон байна.
Байгууллага, хамт олны шинэ жилийн баярын арга хэмжээ, үдшийн цэнгүүнээр өнгө "сүлсэн" арванхоёрдугаар сард иргэд, олон нийт согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож амь бие, эрүүл мэндээ эрсдэлд учруулах тохиолдол цөөнгүй. Хэрэв өнөөдөр таны хамт олны, найз нөхөдийн эсвэл төрсөн өдрийн тэмдэглэлт баяр тохиож буй бол та харихдаа найдвартай дуудлагын жолоочоор үйлчлүүлэх, автомашингүйгээр таксидаж харих зэрэг сонголтыг хийгээрэй. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодох талаар бодох ч хэрэггүй.
Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 2.24.9. жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдлээ хянах чадваргүй тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-д заасныг баримтлан, зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээ авна гэж заасан байдаг.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 400 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасдаг. Та гэр бүл, үр хүүхэддээ хайртай бол согтуугаар жолооны ард бүү суугаарай.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ