ЗОРИГОО зөвлөж байна, залуус аа
“...Хайраа хоёулаа хоолонд оръё л доо, өлсөөд байна” хэмээн тэр утсаа салгаж амжилгүй цааш эрхэлсээр яриа нь алсрав. Анх удаа лайв /шууд дамжуулалт/-аар нөхрөөсөө төрсөн өдрийн бэлэг нэхсэн Ж.Өлзийжаргал болон түүний хань “төмс” хочит Зоригоотой уулзахаар цаг товлосон минь энэ.
Онцлох гавьяа, гайхам амжилтын эзэд биш ч хиргүй цагаахан бүсгүйн хэрэг болгон нөхөртөө хандсан хэдэн үг ажлаа тараад алхаж явсан залууг цэцгийн дэлгүүр зориход хүргэсэн байж мэдэх. Эсвэл “Хэзээ хамгийн сүүлд эхнэрээ баярлуулсан билээ” хэмээн хэн нэгэн эрийг санаа алдуулсан ч байж болох.
Дэлгүүрийн маркетинг л гэнэ. Үнэтэй брэнд сурталчилж, үүнийг л авахгүй бол болохгүй мэтээр бараа шахаж баахан бухимдуулсан биш. “Гурван сая төгрөгөөр бараа татна аа” гээд Гуанжуг зорьж эхлүүлсэн залуу хосуудын бизнес бусдад танигдсан л бол болоо доо...Харлуулж, хайнга үг чулуудах хэрэг юун.
ИНЭЭМТГИЙ ЗОРИГОО
Түүнийг Зоригоо биш Б.Зоригт гэдэг. Улаанбаатар хотод төрж өссөн тэрбээр Нийслэлийн II дугаар сургуулийг дүүргэж их дээд сургуульд элссэн ч гурван жил сураад орхижээ. Энэ тухай ярих хооронд түүний дэггүй гэргий “Хайраа, сургуулиа битгий яриарай” хэмээн шивэгнэснээ хэлээ гаргахад Зоригоо үгээ залгиж мушилжсанаа “Эхнэртэйгээ хамт 2019 оны тавдугаар сарын 25-наас хойш онлайн шоп ажиллуулж байна” хэмээн инээмсэглэв.
“Нээрэн та хоёр дэлгүүрээ рекламдах зорилгоор лайв хийсэн хэрэг үү” гэвэл эхнэр Ж.Өлзийжаргал “Бид хоёр долоон сарын өмнөөс дэлгүүрээ нээгээд л лайв хийж эхэлсэн. Лайв хийх тоолондоо яг л комеди шоу үзэж буй мэт сэтгэл төрүүлэхийг хичээж аль болох хөгжилтэй байхыг хүсдэг байлаа. Бидний лайвыг багадаа 1200-4000 хүн үздэг. Тэгэхээр зөвхөн хувцас сонирхох гэж биш хөгжилтэй яриа сонсох гэж үздэг хүмүүс байдаг болов уу гэж хардаг. Энэ удаагийн лайв ч бусад өдрүүдийнхтэй адил би өмнөх шигээ л хошин байдлаар нөхрөөсөө хүсч буйгаа хэлсэн. Гэтэл хэсгээс нь тасалж аваад ийм олон хүнд хөгжилтэй байдлаар хүрнэ гэж бодоогүй” гэв.
Харин Б.Зоригт эхнэрийнхээ бичлэгийг хэзээ үзэж, хэрхэн хүлээж авсан талаараа “Манай эхнэр арванхоёрдугаар сарын 21-нд ээждээ очиж бэлэг барьдаг. Төрсөн өдрөөрөө амжихгүй юм чинь өмнөх орой очье гэж хоёулаа ярилцаад 23.00 цагийн үед ээжийнд очоод жаал юм ярьж суулаа. Тэндээс гараад харих гээд явж байх замдаа манай хүн фэйсбүүк орсноо “Хайраа зөндөө олон хүн надруу чат бичсэн байна” гэсэн. Тэгтэл эхнэрийн маань бичлэгний бэлэгний талаар ярьсан хэсгийг маш олон хүн хуваалцсан байсан. Тэгж л мэдсэн дээ. Надад их эвгүй санагдсан шүү /инээв.сур/. Таних, танихгүй зөндөө хүн Зоригоо, Зоригоо гээд пост бичээд байхаар дотор сонин болоод л явчихдаг юм билээ” гээд мөн л инээх аж.
Б.Зоригт угаас инээмтгий залуу аж. “Уг нь ч би өмнө нь эхнэртээ бэлэг барьж байсан л даа” гээд цааш ярих гэтэл түүний гэргий “Чи ганц л удаа цүнх авч өгсөн биз дээ” гэхэд Зоригоо “Тэгсэн бил үү” хэмээн мэдэн будилаад мөн л инээх юм.
“Төрсөн өдрөөр, Валентинаар, Мартаар манай хүн яагаад ч юм мөнгөгүй байж таараад байдаг. Зээл төлөх өдөр давхцчихна. Бид мөнгөтэй, баян хүмүүс биш учраас боломж, бололцоо тэр бүр бүрдэхгүй. Тийм болохоор тэмдэглэлт баяраар бэлэг жаахан хомс байсаар ирсэн. Гэтэл манай хүн бэлэг барьж байсан гээд дэгсдүүлээд байна. Нэг л удаа бэлэг өгсөн гэдгээ тодотгож хэлэх хэрэгтэй ханиа” хэмээн Ж.Өлзийжаргал бяцхан залруулга хийв.
“Би нөхрөөсөө үргэлж үнэтэй бэлэг нэхээд байдаггүй л дээ. Гэр бүл болсон цагаасаа хойш л үнэртэй ус, цүнх, шуба ярьсан. Тэр болгонд манай хүн сонсоод ч байгаа юм шиг, ойлгоод ч байгаа юм шиг л хүлээж авдаг байсан. Мэдээж мөнгөний бололцоо муу учраас 500 мянган төгрөгийн үнэртэй ус аваад өгчих боломж байхгүй. Бид хоёр орлогоноосоо юм аваад, үрээд байдаггүй. Орлогоноосоо авчих юм бол эргэлтийн мөнгөгүй болчихно. Тийм болохоор авч болохгүй. Гэхдээ манай нөхөр мөнгөө их “дардаг”. Мөнгө байхгүй гэчихээд гэнэт гаргаад ирдэг болохоор баярын өдрөөр баярлуулах юм шиг санагдаад байдаг юм. Би мөнгө харлаа л бол байлгахгүй, маш үрэлгэн. Харин манай нөхөр 5-10 мянган төгрөгийг ч цааш нь хадгалж чаддаг. Одоо ч гэсэн мөнгө байхгүй гэчихээд хоолонд орох гээд сууж байна /инээв.сур/. Тийм учраас горьдоод л байдаг юм. Аягүү бол надад бэлэг авч өгөхийн тулд эртнээс цуглуулчихсан байгаадаа гэж бодохоос догдлоод л байсан" хэмээх бүсгүйн үг яг л хүүхдийнх адил ил цагаан.
Хариуд нь харин Б.Зоригт “Уг нь би баярлуулах гээд өмнөх өдөр нь бэлгээ бэлдчихсэн машиныхаа ард хийсэн юм. Түүнд би чамд бэлэг авч өгөх гээд мөнгө цуглуулсан гэж хэлж болохгүй. Мэдчихвэл манай хүн үрчихнэ, тийм болохоор баригдаж болохгүй” гэв.
Ж.Өлзийжаргал шуналтай хүүхэн биш гэж өөрийгөө тодорхойлсон. Тэр нь ч үнэн бололтой. “Би шуналтайдаа "Chanel" хүсээгүй. Тансаг үнэртэй ус, торгомсог үслэг эдлэл магадгүй бүсгүйчүүд бүрийн л мөрөөдөл байх. Би олон жил нөхрөөсөө “Эмэгтэй хүн болж төрснийх "Chanel"-ийн үнэртэй ус түрхмээр байна. Ориг цүнх баримаар байна” гэж гуйсан юм. Тэр болгонд миний хань нэг л өдөр бэлэглэнэ гэж хэлдэг байсан нь тэр лайвын дараа таарсан. "Chanel"-ийн үнэртэй усыг манай ээж, аав, найзууд гээд маш олон хүмүүс нийлж байгаад авч өгсөн. Зоригоогийн хувьд надад цүнх авч өгсөн. Гэхдээ хань минь надад үнэртэй ус, цүн авч өгсөн ч өгөөгүй ч өмдийг минь оёчихсон сууж байхыг хараад л миний сэтгэл ханачихсан. Төрсөн өдрийн өглөө өмдний товч уначихсан байсныг хадаад сууж байгаа ханыгаа хараад л олон жилийн турш хүсээд байсан бүхнээ авчих шиг л санагдсан” хэмээх бүсгүйн үг өөр олон эмэгтэйн жаахан зүйлд баярладаг сэтгэлийг товчлов.
Бүсгүй хүн жаахан зүйлд ч хүүхэд адил баярладаг тул залуу танд мөнгө үгүй бол эхнэрийн тань шампунь дуусчихсан байвал мэдээгүй байхад нь солиод тавьчих. Шүдний сойзыг нь санаандгүй байхад нь шинэчилэхэд л эмэгтэй хүн их баярладаг гэж Ж.Өлзийжаргал зөвлөсөн шүү.
ЗАЯАНЫ ХАНЬ ЗАМ ДЭЭР
Б.Зоригт, Ж.Өлзийжаргал нар 2014 оны дөрөвдүгээр сард танилцжээ. Ахынхаа компанид ажилладаг Б.Зоригт ажлаа тараад хувийнхаа унаагаар халтуур хийнэ. Нэг үдэш гар өргөсөн бүсгүйг суулгасан нь түүний ирээдүйн хань байж. 3,4 дүгээр хорооллын эцсээс Баянхошуу руу хүргүүлсэн эмэгтэй “Дандаа таксинд явдаг бол байнга үйлчлүүлж байж болох уу” гэдэг санал тавьснаар өглөө ажилд нь, орой ажлаас гэрт нь хүргэсээр хайрын жим татжээ.
Эхэндээ таван мянган төгрөгөөр хүргүүлж авахуулж байхаар тохиролцсон бол угаас сэргэлэн бүсгүй аажимдаа “цалин буухаар өгье” хэмээн лизиндэх болж. Сар өнгөрөх тусам такси ч үнэ хөлсгүй үйлчлэх болж “Соната-6” автомашинд шөнөжин ярилцсаар үүр цайлгадаг байсан залуус тухайн оны есдүгээр сард тусдаа гарч төвхнөсөн байна. Хөгжилтэй залуус “Заяаны хань зам дээр гэж үнэн юм билээ. Үнэхээр зам дээр уулзсан шүү” хэмээн инээмсэглэн энэ тухай дурсав.
Амьдралын зам, мөрөө ингэж холбосон хоёр гэнэтхэн бизнес эрхлэхээр зориг шулуудаж, гурван сая төгрөг халааслаад Гуанжуг зорьжээ. Ингэж онлайн шопоо эхлүүлэв.
Энэ тухай Б.Зоригт “Анх гурван сая төгрөгөөр бараа татахаар Гуанжуд сайн бараа байдаг гэж хүнээс дуулсан төдий гараад жийчихсэн. Уг нь гурван сая төгрөгөө аваад Эрээн явсан бол илүү их бараа авчрах байсан юм билээ. Гэтэл Гуанжу гэдэг чинь гурван саятай ч явдаг газар биш юм билээ. Том тэгээд олон салбар дэлгүүртэй хүмүүсийн л зорьдог газар юм байна. Гэтэл бид хоёр өөрсдийнхөө хувьд баян ч үнэндээ хоосон шахуу л явсан байж. Ганц чемодантай яваад түүнийгээ дундуурхан дүүргээд л буцсан даа” гэв.
Орчуулагч нь “та хоёр бохины мөнгөтэй юу хийж яваа юм бэ. Наад мөнгө чинь гараад таван минут болоод л дуусна. Чамайг дагаж явахаас, өдрийн 220 юаны хөлсийг чинь авахаас ичээд байна” хэмээж байсан гэдэг. Энэ тухай Ж.Өлзийжаргал “Орчуулагч надад Гуанжу гэдэг чинь том зах зээл. Танай монголчууд ирэхдээ нэг бараанаас 50-100 ширхгийг авдаг. Үйлдвэрлэдэг газар ирчихээд чи нэг цамцнаас нэг ширхгийг авна гээд байгаа чинь ичмээр байна” гэж билээ. Би гэтэл өнгө болгоноос нь нэг нэгийг авна гэж дайраад. Худалдагч нь өгөхгүй гээд л хөгжтэй юм болсон. Би тэнд амьдрахын төлөө зориод очсон учраас хоосон буцаж болохгүй. Хэл мэдэхгүй ч гэсэн сармагчин шиг дохио зангаагаар ойлгуулсаар байгаад гуйж байж хэдэн цамц авсан. Хүссэн юмаа авч чадаагүй ч гайгүйхэн ганц нэг хувцас аваад ирсэн” гэлээ. Залуус ийнхүү бизнесээ эхэлж гэрээр хувцасаа зарж, хүргэлт хийж эхлэв.
ДАРУУ ЗАН, ДУЛААН ХАРЦ
Дуржигнатал ярих эхнэрээ хараад л инээмсэглэн суух дулаахан харцтай Б.Зоригт тун даруухан залуу юм. "Зоригоо даруухан. Намайг л нөхрөө "баздаг" гэж хүмүүс боддог. Үнэндээ манай хүн амьдралын жолоодогч гэж Ж.Өлзийжаргал хэлсэн. Мөн “Миний продюсер” гэж түүнийг тодотгосон. Харин миний анзаарснаар тэд хэн хэнийгээ нөхөж, хурцалж, түшиж тулж яваа хосууд. Ийм л ханьтай бүсгүй алздаггүй, ийм л гэргийтэй эр хүн хазайдаггүй биз...
Бидний "Зоригоо" буюу Б.Зоригт эрчүүддээ хандан “Ханийнхаа юу хүсдэгийг нь сонсож, ойлгож, мэдэрч, хайрлаж байгаарай. Хэлсэн, хүссэн бүхнийг нь авч өгч чадахгүй ч жаахан ч гэсэн баярлуулаарай. Эмэгтэй хүн жаахан зүйлд баярладаг хүмүүс шүү дээ. Үнэртэй ус ч гэлтгүй шоколад бариад ороод ирэхэд л баярлана. Манай эхнэр их эрх. Байгаа байдал нь 30 гарсан бүсгүй ч дотор нь 8-9 настай жаахан охин сууж байдаг шиг санагддаг. Эрхлүүлэхгүй бол уурлана. Байнга эрхлүүлнэ гэж байхгүй хааяа загнана. Гаднаас нь харахад ширүүн, догшин нүүрэмгий мэт боловч дотроо эрх хүүхэд шиг. Тиймээс гэргий нараа хайрлаж яваарай” хэмээн залууст зөвлөгөө хуваалцсан юм.
Хэрэв залуу хосуудын бизнесийг дэмжиж худалдан авалт хийхийг хүсвэл 3,4 хорооллын эцэс, “И март”-ын баруун талд байрлах цагдаагийн хэлтсийн хажуудах “Чикэн”-тэй байрны дор В1 давхарт байрлах Ekaterina-online-shop-ийг зориорой.
Г.Тэгшсүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ