Согтуу жолооч түргэний машин мөргөв

Согтуу жолооч дуудлагатай явж байсан түргэн тусламжийн автомашин мөргөсөн осол бүртгэгджээ.
Тодруулбал 2019.12.25-ны шөнийн 01.00 цагийн орчим Баянгол дүүргийн 22 дугаар хороо Хасбаатарын гудамж “Анар” дэлгүүрийн урд замд Honda Fit маркийн автомашины жолооч Б /20 нас, эрэгтэй/ нь согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож “Нийслэлийн түргэн тусламжийн төв”-ийн Hyundai Starex автомашинтай мөргөлдсөн осол бүртгэгдсэн байна.
Согтуу жолоочоос болж хүний амь нас, эрүүл мэнд хохирох цаашлаад бусдын амьд явах эрх зөрчигдөх ноцтой үр дагавартай тул иргэд жолооч та бүхэн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл бүү жолоодоорой.
Нийслэлийн иргэдэд эмнэлгийн яаралтай тусламжийн үйлчилгээ үзүүлэх түргэн тусламжийн 1 автомашин эвдрэл гэмтлийн улмаас тодорхой хугацаанд үйлчилгээнд гарч чадахгүй нөхцөл байдал бий болж байна. Ухамсаргүй согтуу жолоочийн үйлдлээс болж иргэдийн эрх ашиг хохирох учиргүй.
Замын хөдөлгөөн зохицуулах, хянан шалгах журмын 2.24.9. жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, эсхүл өөрийн үйлдлээ хянах чадваргүй тохиолдолд Цагдаагийн албаны тухай хуулийн 32 дугаар зүйл, Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын 2016 оны А/138, А/131 хамтарсан тушаалаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэт нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгах журам”-д заасныг баримтлан, зөрчлийг баримтжуулах, тээврийн хэрэгслийг түр саатуулах зэрэг холбогдох арга хэмжээ авна гэж заасан байдаг.
Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодвол 400 мянган төгрөгөөр торгож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилээр хасдаг. Та гэр бүл, үр хүүхэддээ хайртай бол согтуугаар жолооны ард бүү суугаарай.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ