Чернобыль: Тусгаарлагдсан бүсэд шинэ жилийн гацуур засчээ

Чернобылийн атомын цахилгаан станц дээр гарсан ослын улмаас орхигдсон Припять хотод шинэ жилийн гацуур суурилуулсан талаар Regnum мэдээллээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, гацуурыг хотын төвд, "Энергетик" соёлын ордны эсрэг талд зассан байна. Гацуур засах арга хэмжээнд өмнө нь энэ хотод амьдарч байсан хүмүүс оролцож, гацуурыг тоглоом, өөрсдийн багын зургаар чимэглэжээ.
Припять хот Чернобылийн атомын цахилгаан станцаас гурван километрийн зайд байрлах бөгөөд осол гарахаас өмнө энэ хотод 45 мянган хүн амьдардаг байжээ.
Дашрамд дуулгахад, одоогоос 33 жилийн тэртээ 1986 онд Чернобылийн АЦС дээр тооцоолол дээр алдаа гарсан, мэргэжилтнүүдийн хайнга ажиллагаанаас болж дөрөвдэх эрчим хүчний блок дэлбэрсэн юм.
Атомын цахилгаан станцд гарсан дэлбэрэлтийн улмаас цацраг идэвхит бодис тархаж, Украинд 12 мужид 50 мянган кв.км газар бохирдсон байна. Түүнчлэн радио идэвхит бохирдлын нөлөөнд 60 мянган кв.км газар нутгийг эзлэсэн 2,6 сая хүн амтай Оросын 19 бүс нутаг, мөн Белоруссын нийт нутаг дэвсгэрийн 23% нь өртжээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ