ДЭЛХИЙ-2019: Орос Олимпийн эрхээ, Трамп бусдын итгэлийг алдав  

img

Энэ онд дэлхий дахинаа эсэргүүцэл, тэмцэл, халаа сэлгээ, байгалийн гамшиг дүүрэн жил болж өнгөрч байна. Амьтай бүхний амьсгалах агаарыг тэтгэгч ой мод ихээр шатсан бол Францын төдийгүй хүн төрөлхтний соёлын өв болох Парисын дарь эхийн сүм ч галд өртөв. Казахстан, Боливи зэрэг улсад олон жил эрх барьсан төрийн тэргүүнүүд нь солигдож, Хонконг олон сарын туршид Засгийн газраа эсэргүүцэн жагссаар байна. 

 


ХААН ХАЛААГАА ӨГӨВ  


2019 онд улс төрийн хүрээнд олон халаа сэлгээ гарсны дотроос 30 орчим жил төрийн эрхийг барьсан Нурсултан Назарбаев суудлаасаа буух болсон нь дэлхий нийтийн анхаарлыг ихээр татсан юм. 


Гуравдугаар сарын 19-нд тэрбээр ард түмэндээ хандан мэдэгдэл хийж,  ерөнхийлөгчийн эрх мэдлээ дуусгавар болгохоор шийдсэнээ зарласан.  Гэнэтийн энэ шийдвэрийг гаргах болсон шалтгааныг шинжээчид төрөл бүрээр тайлбарлаж байсны дунд Казахстан дахь засаглалыг шилжүүлэх явц нь Хятадад Дэн Сяопиний ашигласан загвартай ижил байгааг олон шинжээч онцолж байв. Дэн Сяопин эрх мэдлээ шилжүүлсэн ч улсынхаа бодлогод нөлөөлөх гол хөшүүргээ хэвээр хадгалан залгамжлагчдыг эцсийн байдлаар тодорхойлж байсан юм. 


Хэдийгээр тэрбээр үүрэгт ажлаа шилжүүлсэн ч “Елбасы” буюу үндэсний тэргүүнээр үлдэх бөгөөд улс орны гадаад болон дотоод бодлогын үндсэн чиглэлүүдтэй холбоотой бүхий л санал санаачилгуудыг “елбасы”-тай зөвшилцөх ёстой.

 

БОИНГИЙН СҮЙРЭЛ  


Boeing 737 MAX 8 онгоцны сүйрэл энэ онгоцыг үйлдвэрлэдэг Боинг корпорацийн эдийн засгийг сүйрүүлэх дөхөв. 


Гуравдугаар сарын 10-ны өдөр Этиопийн агаарын тээврийн компанийн Boeing 737 MAX 8 онгоц Этиопд сүйрч, 157 хүн амиа алдсан юм. Үүнээс хэдхэн сарын өмнө, 2018 оны оны 10 дугаар сарын 29-нд ч мөн энэ загварын онгоц Индонезд осолдон 189 хүн амиа алдсан эмгэнэлт хэрэг гарч байсан нь Боингийн шинэ онгоцны аюулгүй байдалд эргэлзээ төрүүлэв. 


Улмаар дэлхийн улс орнууд энэ онгоцыг ашиглах, агаарын орон зайдаа нэвтрүүлэхгүй байхаар шийдсэн юм. Ийнхүү дэлхий даяар татгалзсан 737 МАХ  онгоц үйлдвэрлэхээ  Америкийн Боинг корпораци 2020 оны нэгдүгээр сараас зогсоохоор болов. 

 

ВЕНЕСУЭЛИЙН ХЯМРАЛ

 
Чавесын популист арга барилаас үүдэлтэйгээр хямарч эхэлсэн Венесуэлийн эдийн засаг 2018 онд туйлдаа хүрч инфляци 1 700 000%, ДНБ 15 хувь буурч, хямралын улмаас 3 сая гаруй иргэн нь эх нутгаа орхив. 


2019 оны нэгдүгээр сарын 10-нд Чавесын залгамжлагч Николас Мадуро дахин сонгогдсоныг сөрөг хүчин эсэргүүцэн, хууль бус сонгууль хэмээн эсэргүүцллийн жагсаал хийж Венесуэлийн Үндэсний ассамблейн шинэ тэргүүн Хуан Гуайдо “засаглалыг хүч түрэмгийлэн авч байгаа”-г зогсоохын тулд шилжилтийн засгийн газар байгуулахыг уриалав. Улмаар нэгдүгээр сарын 23-нд Хуан Гуайдо өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч гэж зарласан юм. Сөрөг хүчин, албан ёсны эрх баригч нарын хоорондын тэмцэл үргэлжилсээр байна. 

 

НАЙМАН ЗУУНЫ ТҮҮХ ШАТЛАА

 
2019 оны дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 850  жилийн түүхтэй, анхны томоохон готик сүмүүдийн нэг болох Парисын дарь эхийн сүм шатлаа. 


Түүх дурсгалын хосгүй өвийг хамгаалахын тулд гал сөнөөгчид олон цаг ажиллан, гал гарснаас маргааш өглөө нь буюу дөрөвдүгээр сарын 16-нд унтраажээ. Галын улмаас  модон орой болон дээвэр шатаж нурсан бөгөөд сүмийг сэргээн босгоход нэг тэрбум гаруй евро шаардлагатай гэсэн тооцоолол гарч байв. 


Энэ явдлын дараа дэлхий дахин зөвхөн Францын төдийгүй хүн төрөлхтний өв болсон энэ сүмийг сэргээн босгоход хандив тусламж өгөхөд бэлэн гэдгээ илэрхийлж, харин Францын Ерөнхийлөгч Эммануэль Макрон сэргээн босгоход зориулан хандив цуглуулах үндэсний хэмжээний аяныг зарласан юм. 


ЯПОН ШИНЭ ХААНТАЙ БОЛЖ, РЕЙВА ЭРИН ЭХЛЭВ  


Тавдугаар сарын нэгний шөнө дунд  дэлхийн хамгийн ачаалалтай уулзвар буюу Токиогийн Сибуя өртөөн дээр ихэвчлэн залуусаас бүрдсэн олон мянган хүн шинэ хаан Нарухито хаан ширээнд суусанд зориулсан албан бус цуглаан зохион байгуулав. 


Өмнөх хаан Акихито нь амьд ахуйдаа хаан ширээгээ залгуулсан анхны эзэн хаан болсон юм. Шинэ хаантай болсноор Японд шинэ эрин эхэлдэг бөгөөд Нарухитогийн хаанчлал Рейва эринийг эхлүүлэв. 

 

ПЕРСИЙН БУЛАНГИЙН ХЯМРАЛ

 
Зургаадугаар сарын 13-нд Оманы буланд газрын тосны хоёр танкер халдлагад өртөв. Түлш ачиж явсан хоёр танкер халдлагад өртсөн талаарх мэдээлэл газрын тосны үнэд хүчтэй нөлөөлж, үнэ өссөн юм. Болсон явдалд АНУ Ираныг буруутгасан бөгөөд улмаар энэ улсын эсрэг хориг арга хэмжээ тавьснаар Ираны эдийн засаг багагүй хохиров. 


ХОНКОНГИЙН ЭСЭРГҮҮЦЭЛ 

 

Зургаадугаар сарын есний өдөр эх газрын  Хятад руу сэжигтэн сэжигтэн шилжүүлэх тухай хуулийн төслийг эсэргүүцэн хонконгчууд гудамжинд жагсаж эхлэв. Олон нийтийн дарамт шахалтын улмаас Хонконгийн захиргаа хуулийн төслөө эргүүлэн татсан ч гудамжны эсэргүүцэл өнөөдөр ч зогсоогүй, Хонконг тэр чигтээ эмх замбараагүй байдалд шилжээд байгаа юм.  Тэд гагцхүү хуулийн төслийг эгүүлэн татахыг шаардаж байсан бол одоо ардчилсан сонгууль явуулах зэргээр олон шаардлага тавьж байна. 


Эсэргүүцэл эмх замбараагүй байдал дэгдэхээс өмнө жуулчлалын гол хот байсан Хонконгийн эдийн засгийн чухал салбаруудын нэг болох  аялал жуулчлалын салбар иргэдийн эсэргүүцэл, эмх замбараагүй байдлын улмаас  ихээхэн хохирол амсчээ. Хонконгийн Засгийн газрын мэдээлснээр эсэргүүцэл эхэлснээс хойш сарын дараа жуулчны урсгал таван хувиар буурч байсан бол наймдугаар сард 40 хувь буурсан үзүүлэлттэй гарчээ. Зочид буудлын дүүргэлт 50 хувьтай болж жижиглэн худалдаа найман сар дараалан орлого нь хумигдаж байгаа гэнэ. 

 

Жагсагчид тээврийн салбарт ихээхэн саад болж, зам, метроны буудал, нисэх буудлуудыг хааж байгаагийн улмаас 2019 оны гуравдугаар улиралд Хонконгод "техникийн хямрал" /хоёр улирал дараалан ДНБ буурах/ нүүрлэсэн бөгөөд энэ нь 2008-2009 оны санхүүгийн хямралаас хойш анх удаа гарч буй үзэгдэл юм.

 

МОРАЛЕС "ЦӨЛӨГДӨВ"


10 дугаар сард болсон ерөнхийлөгчийн сонгуулиар Боливийг 13 жилийн турш удирдсан Эво Моралес ялалт байгуулсанд олон нийт дургүйцэн, эсэргүүцлийн жагсаал өрнүүлж, улмаар эмх замбараагүй байдалд шилжсэн юм. Энэ эсэргүүцэлд цэрэг цагдаагийнхан нэгдсэн бөгөөд Эво Моралесыг сайн дураар огцрохыг шаардаж байлаа. Улмаар Эво Моралес улс орныхоо амгалан тайван байдлын төлөө суудлаасаа татгалзаж байгаагаа мэдэгдэн, Мексикийг зорив. 

 


ОРОС "СПОРТГҮЙ" ҮЛДЛЭЭ


12 дугаар сарын есний өдөр Дэлхийн допингийн агентлаг Оросыг олон улсын тэмцээн уралдаанд оролцох эрхийг нь хасав. Оросын тамирчид допинг хэрэглээгүй гэж батлагдсан тохиолдолд тэмцээнд оролцох эрхтэй бөгөөд гэхдээ Оросын далбаа, төрийн дуулалгүйгээр хөндлөнгийн далбаан дор оролцох боломжтой юм. Энэ шийдвэрийн улмаас Оросын 145 тамирчин тэмцээнээс хасагдсан юм. 


ТРАМПЫН ИМПИЧМЕНТ  


Дональд Трамп 12 дугаар сарын 19-ний өдөр импичментээр шалгагдах гурав дахь Ерөнхийлөгч болов. АНУ-ын Конгрессын доод танхим тус улсын Ерөнхийлөгчийг буруутгасан үндэслэлүүдийг хэлэлцэн санал хурааж, дэмжснээр Трамп албан тушаалаасаа огцрох эсэхийг Сенат шийдэх үлдэж байгаа юм. 


Ингэснээр Дональд Трамп АНУ-ын түүхэнд ерөнхийлөгч импичментийн асуудлаар шүүгдсэн гурав дахь ерөнхийлөгч болж байна. Өмнө нь 1868 онд Ерөнхийлөгч Эндрю Жексон, 1998 онд Билл Клинтон нар төлөөлөгчдийн танхимын зүгээс буруутгагдаж байжээ. Гэхдээ энэ хоёр тохиолдолд хоёуланд нь сенат тэднийг зөвтгөж байв. 

 

2019: Байгаль орчинд нөлөөлсөн ОНЦЛОХ үйл явдлууд

 

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ