16-хан настай хөвгүүн архины халуунд амиа хорлохыг завдав уу?

img

 

Ээ дээ, манайхан жил бүрийн арванхоёрдугаар сард архинаас л болж хорвоог орхих, эсвэл эрүүл мэндээрээ үүрч хохирчих гээд болохгүй юм. Шинэ он сарын сүүлийн ганцхан өдөрт л тохиож ганцхан хоромд солигддог ч арванхоёрдугаар сар гарав уу үгүй юу албан байгууллага, анд нөхөд, арван жилийн ангийн уулзалтууд ар араасаа хөвөрнө. Бүр болохгүй бол унадаг машин, санаа нийлдэг хэдээрээ мөнгө нийлүүлж байгаад л шинэ жил тэмдэглэнэ. Бас нэг ордонд төрсөн хэд ч баярлаад амжих нь бий. 

 

Баярлаж болно. Гэхдээ балаггүй, эрсдэлгүй, амь нас, эрүүл мэндийн хохиролгүй баярламаар байна. Цагдаагийн байгууллагаас өгсөн мэдээллээр зөвхөн энэ арванхоёрдугаар сард архины гүн хордлогын улмаас 26, архи,согтууруулах ундааны зүйл хэрэглэсний улмаас осгож, хөлдөж 23 хүн хорвоог орхижээ. 

 

Дахин нэг золгүй явдлын тухай дурдвал Завхан аймгийн Сонгино сумын Бор-Өндөр багийн иргэн Л-ын 8х16 метрийн хэмжээтэй ‘’Номин’’ зоогийн газар, 7×8 метрийн хэмжээтэй гарааш өчигдөр /2019.12.29/ шатаж  орон нутгийн 54 иргэн, 8 автомашинтай  3 цаг 15 минут ажиллаж галыг унтраасан байна. Харамсалтай нь уг гал түймэрт тус сумын харьяат Ц/46 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ өртөж нас баржээ.

 

Мөн өчигдөр /2019.12.29/ 22.24 цагийн орчимд "Нийслэлийн Баянзүрх дүүргийн 2 дугаар хорооны 53 дугаар байр 9 давхар  орон сууцны байрны дээврээс 2 хүн унах гээд байна" гэсэн дуудлага Онцгой байдлын албанд иржээ. Дуудлага мэдээллийн дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын Аврах ангийн 8 алба хаагч, 2 автомашинтай 9 км зам туулан 22:35 цагт очиход тус дүүргийн 3 дугаар хорооны 24 дүгээр байранд оршин суугч иргэн М /22 настай, эрэгтэй/, мөн байрны оршин суугч иргэн Б /16 настай, эрэгтэй/ нар согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн үедээ 9 давхар байрны дээвэр дээр гарч үсрэхээр ноцолдож байсныг эсэн мэнд буулган тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгчээ.

 

Амьдралыг таньж ч амжаагүй 16-хан настай хөвгүүн, 22 настай залууд амиа хорлох шалтгаан юу байв. Архины халуунд ааг омогоо барьж дийлэлгүй байшингийн дээвэр рүү гүйж гарав уу. Амьд явахын аргагүй байдалд хүрээд зоримог шийдэв үү? Ямар ч шалтгаан байлаа гэсэн амиа хорлоход хэтэрхий хайран нас юм. 

 

Мөн тун саяхан БГД-ийн ...хороонд байрлах цэцэрлэгийн өргөтгөлд 44 настай эрэгтэй Д нь согтуурсан үедээ өөрийнхөө хүзүүг хутгаар зүсч цус алдсаны улмаас амь насаа алдсан хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдсэн.

 

ДЭМБ-ын судалгаагаар амиа хорлолтын үзүүлэлтээр манай улс дэлхийн 177 орноос тавдугаарт жагсаж байна. Улсын хэмжээнд сүүлийн гурван жилд 1061 хүн амиа хорлосон харамсалтай дүн мэдээ гарсан. 

 

Манай улсын 10-аас 35 хүртэлх насны хүүхэд залуусын нас баралтын тэргүүлэх шалтгаанд амиа хорлолт орж буй талаар Үндэсний статистикийн хорооноос мэдээлсэн. Түүнчлэн амиа хорлогчдын ихэнх буюу 54-91 хувь  нь эрэгтэйчүүд байгаа ажээ. Нас барсан хүн амыг насны бүлэг болон шалтгаанаар авч үзвэл ялангуяа өсвөр үе, залуучуудын дунд амиа хорлолт тэргүүлж байгаа төдийгүй тэдгээрийн дийлэнх нь эрэгтэйчүүд байна.

 

Ээ дээ эрчүүд минь та бүхний хүчирхэг хийморлог, омог бардан зан хаана гээгдчихээ вэ. Есөн эрүү шүүлтийг давж гарсан эрмэг зоримог эртний сайхан эрчүүдийн удам угсаа хаана тасарчихав аа. Хайр дурлалд бүтэлгүйтэж, хэн нэгэнд хаягдсан байлаа ч, ижий аавыгаа алдаж энэ орчлонд ганцаардсан ч бай зүүний үзүүр дээр будаа тогтох адил тийм их хувь заяагаар хүн болж төрсөн тул танд ямар ч бэрхшээл тулгарсан бай даваад гарахийг хичээгээрэй. Хэзээ хойно хэтэрхий өчүүхэн зүйлийн төлөө дээвэр дээр гүйж гарснаа эргэцүүлж инээмсэглэх вий. 

 

16-хан насандаа архины халуунд амиа хорлоход амьдрал дэндүү хайран байна, залуусаа!!!

 

Г.Сүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

[[:
https://ref.kickex.com/26b530c400ffe57bf76ef20394fb6512
2019-12-30