Эмийн ургамал дотор нэг тонн түүхий нүүрс нууж нэвтрүүлэхийг завдсан

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газраас сайжруулсан шахмал түлшний хэрэглээ, угаарын хийн дуудлагатай холбоотой цаг үеийн асуудлаар сэтгүүлчдэд мэдээлэл /2019.12.30/ хийлээ.
Нийслэлийн онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй "Сүхбаатар дүүргийн Бэлх, Сэлх, Хайлааст, 7 буудал орчим утаагүй, Хан-уул дүүргийн Нисэх, Яамраг, Сонгинохайрхан дүүргийн Толгойт, Баянгол дүүргийн 1 хорооллын арын хэсэг, Чингэлтэй дүүргийн Дэнжийн мянга орчмоор утаа багатай, Баянхошуу, Дамбадаржаагийн эцсийн уулзвараас эхэлж утаа тогтож улмаар 32-ын уулзвар, 100 айл орчим утаатай, хотын төв Сүхбаатарын талбай, Бага тойруу, МУИС орчмоор тархсан байдалтай байлаа. Гэр хорооллын өндөрлөг газруудад утаа багатай байгаа нь хяналт, шалгалтаар ажиглагдсан.
Угаарын хийд хүнд, хөнгөн хэлбэрээр хордсон гэх дуудлага тасрахгүй байгаа. Үүний гол шалтгаан нь нөгөө л пийшин зуухны битүүмжлэлийг шалгаагүй, яндангаа хөөлөөгүй байдлаас болж дуудлага ирсээр байна. Хүний амь нас эрсдээгүй ч иргэдийн хэнэггүй байдалтай холбоотойгоор угаарын хийн дуудлага тасрахгүй байгаа" гэлээ.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн "Өнгөрсөн шөнийн байдлаар нийт 8 товчоогоор 1714 автомашинд үзлэг шалгалт хийсэн. Үүнээс 30 автомашинд 990 тонн нүүрс тээвэрлэж байсныг шалгахад дамжин өнгөрөх 96, зөвшөөрөлтэй 94 тонн түүхий нүүрс нэвтэрч орж ирлээ. Мөн хоёр иргэн түүхий нүүрс оруулахыг завдсан зөрчил илэрсэн. Тухайлбал өглөө 06.50 минутад иргэн "Портер" машинаар эмийн ургамал дотор 1.3 тонн түүхий нүүрс тээвэрлэж явсныг илрүүлж "Амгалан дулааны цахилгаан станц"-д төвлөрүүлж, холбогдох хуулийн заалтын дагуу Зөрчлийн хэрэг үүсгэн ажиллаж байна" гэв.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ