Тэнэгэр говийн ТЭЭВЭРЧИН бүсгүйчүүд
Өмнөговь аймгийн Цогтцэций сум, Цагаан хадны гаалийн хяналтын бүс орчимд монгол жолоочид мөнгөний төлөө зовж, зүдэрч явааг ерөөс тэнд болж бүтэхгүй зүйл олон болохыг онцлон ярих нь олонтаа. Тэгвэл энэ удаад тэндээс өөр мэдрэмж, өөр хүсэл тэмүүлэл, тэс ондоо зориг тэвчээрийг тээсээр Улаанбаатарыг зорьж ирсэн дэгжин, чамин тээвэрчин бүсгүйчүүдийн баяраас бэлтгэсэн сурвалжлагыг дэлгэе.

Шивээхүрэн, Гашуунсухайтын боомтод 100 тоннын хүнд даацын автомашины жолооч бүсгүйчүүд энэ удаад эрвээхий адил дэрвэлзэж, халтайгаад жолоо мушгиж явдаг ч хайрлаж энхрийлүүлэх гэнэхэн хүслээрээ гоёсоор ирсэн нь тун сонихон. “Тээвэрчдийн гэр бүл, гэргий нарын холбоо”-ын тэргүүн С.Майхүү, удирдах зөвлөлийн гишүүн Ж.Туул нарын санаачлагаар тээвэрчин бүсгүйчүүд анх удаа шинэ жил тэмдэглэхээр цугласан нь энэ.
Өөрийнхөө дэгжин чамин байдлаас багагүй цэрвэсэн, өндөр өсгийт дээрээ тогтож ядах тээвэрчин бүсгүйчүүд товлосон цагтаа ирсэн ч хувцас солих өрөөнд цомцойн сууцгааж байна. Хамгийн сайхнаараа хувцаслаад ирсэн ч дэгжин байдлаас өөрөө гэрэвших тээвэрчин бүсгүйчүүдтэй танилцлаа. Тэнд 26-тай залуухан жолоочоос эхлээд 13 жилийн турш 100 тоннын шланз жолоодож яваа ахмад тээвэрчин ч иржээ.

Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат Гашуун сухайт боомтын ахмад тээвэрчин, одонт ээж С.Сүнжидмаа “Би тээврийн замд гараад 10 дахь жилээ үдэж байна. Зургаан охинтой. Гурван охин маань АШУИС-ийг дүүргэсэн. Хамгийн том нь эмчээр, дараагийн хоёр нь эм зүйч мэргэжлээр төгсөөд одоо ажиллаж байна. Өөр нэг охин маань цэцэрлэгийн багшаар суралцаж байгаа бол хоёр бага охин ерөнхий боловсролын сургуульд сурдаг. Харин гэр бүлийн хүн маань надтай хамт тээвэрт явдаг. Эмэгтэй хүн тийм том машиныг хөдөлгөнө гэдэг хүнд биш үү гэж хүмүүс асуудаг. Миний хувьд жолооч болно гэдэг багийн мөрөөдөл учраас өнөөдөр 100 тоннын шланз унаад явж байгаагаараа харин ч бахархдаг. Энэ л миний бахархал. Цалин хөлс боломжийн. Магадгүй би тээвэрт яваагүй бол гурван охиноо их сургууль дүүргэж, дээд мэргэжилтэй хүмүүс болгож чадах байсан болов уу гэж эргэлздэг. Өнөөдөр тээвэрчин бүсгүйчүүдийн анхны шинэ жил болж байна. Сэтгэл маш өндөр байна. Үнэхээр догдолж хүсч хүлээсээр ирлээ. Үе үеийн тээвэрчин бүсгүйчүүдтэй нэг үдшийг өнгөрөөнө гэдэг бидний хувьд бахархам сайхан үйл явдал” гэлээ.
Харин тээвэрчин бүсгүйчүүдийн залуу үеийн төлөөлөл 26 настай М.Уянга “Би интерьер дизайн мэргэжилтэй. Гэхдээ хоёр жилийн өмнөөс нөхрийнхөө хамт тээвэрт явж эхлээд Тавантолгой орчимд суурьшиж амьдрах болсон. Анх намайг шланз барина гэхэд манай гэрийнхэн маш их дургүйцдэг байлаа. Гэсэн ч би өөрөө сонирхсон бас санхүүгийн нөхцөл байдлаас шалтгаалаад жолооч болохоор эрс шийдчихсэн. Тээвэрт явснаар амьдрал дээшилсэн шүү. Төлөвлөсөн ажлууд урьдчилан бүтээд л, алтан шар зам биднийг ивээж л байна. Өнөөдөр нөхрийнхөө хамт 120-150 тонн нүүрс ачаад Цагаанхаднаас Ганцмодны чиглэлд тээвэрт явж байгаа. Бид “хувь хужаагийн” машин эсвэл компанийн машин барьдаг. Миний хувьд “хувь хужаагийн” машин барьж байгаа. Манайх дөрвөн настай нэг хүүхэдтэй. Хүүхэд маань Ганц модны боомтод олон улсын цэцэрлэгт явдаг. Аав, ээж хоёр хүүхдийг маань хардаг юм. Тэнд хүүхдээ аваачсан учраас БНХАУ-ын хилээр гараад хүүхэдтэйгээ хамт хоночихдог” хэмээгээд анх удаа үе үеийн тээвэрчин бүсгүйчүүдтэй шинэ жилийн баяр тэмдэглэх гэж буйдаа туйлаас баяртай, сэтгэл өндөр буйгаа хэлсэн юм.
Гурван хүүхдийн ээж Булган аймгийн Хялганат тосгоны харьяат Ганц мод, Гашуунсухайтын тээвэрчин Ч.Байгалмаа “Ажлаараа баш их бахархдаг. Хамгийн том эрх чөлөө, боломж бол миний ажил. Тээвэр хийгээд тэр том хүлгээ жолоодоод явж байхад үнэхээр их бахархдаг. Би ээж, аав хүүхдүүдийнхээ хамт амьдардаг. Гурван хүүхдийнхээ ирээдүйн сайн сайханы төлөө зүтгэнэ” хэмээв.
Түүний адил мөн л өрх толгойлж, амьдралын хүнд хүчирийг нуруундаа үүрээд аз жаргал өөд авирч яваа Н.Тунгалаг бүсгүй Улаанбаатар хотынх. Дөрөвдэх жилдээ Гашуунсайхад тээвэрт явж байгаа гэнэ. “Шантрах үе байсан ч одоо бол ажилдаа дурласан. Хэр баргийн эрчүүд хийж чадахгүй шантраад явдаг ажил” гэлээ. Хоёр хүүхэд дээрээ ирээд 10 хоноод буцдаг бол энэ удаад тээвэрчин бүсгүйчүүдийн шинэ жилийг зорин зорин үүрээр гараад Улаанбаатарт давхиад иржээ.
Өмнөговь аймгийн Баян Овоо сумын харьяат Ш.Мөнхцэцэг өмнө нь “Оюутолгой” компанид хоёр жил үйлчилгээний ажилтан байжээ. Дараа нь дампны оператороор ажилд орох гэсэн боловч туршлагагүйн улмаас тэнцээгүй гэнэ. Улмаар өөрийгөө хүчирхэгжүүлэхээр Таван толгойн Гашуунсухайтын боот Цагаан хад хооронд нүүрсний автомашин бариад хоёр жил болжээ. Тун саяхан дахин “Оюутолгой”-д ажилд орохоор анкет бөглөсөн гэнэ. Тэрбээр “Би дөрвөн хүүхэдтэй. Хоёр том хүү маань их сургуулиа төгссөн. Эмэгтэй хүн гэдэг гэрийн ажил л хийх ёстой биш. Эрчүүдийн адил ажиллаж, амьдралаа аваад явж чадна гэж боддог. Энэ агшныг далимдуулаад Өмнөговь аймгийн Баян-Овоо суманд суугаа аав ээждээ өндрөөс өндөр наслахыг хүсье” гэсэн юм.
Дундговь аймгийн Дэлгэрхангай сумиын харъяат Ц.Уранчимэг гурван охинтой. Тэрбээр өмнө нь тогооч төдийгүй жирийн малчин ч явжээ. Гашуунсухайтын боомтод 2015 оноос хойш шланз барьж байгаа. Өөрөө техникийн сонирхолтой, эксваторын сургалтад сурсан учраас, өмнө нь нийтийн тээврийн компанид хүргэлтийн ажил хийж басйан туршлагтай тул Цагаанхадыг зорьжээ. “Данхар том машин бариад явахад эрхгүй бахархал төрдөг. Гэхдээ хариуцлага шаарддаг хүнд ажил. Эмэгтэйчүүд жолоо барихыг би буруутгадаггүй. Хамгийн чухал нь техникийн бүрэн бүтэн байдал, аюулгүй байдлаа хангаж явах ёстой. Эмэгтэй хүн гээд л бусдын гарыг харж амьдрах, гэрийн ажил хийгээд суух ёсгүй гэж би боддог” хэмээсэн.
Өмнөговь аймгийн Баян-Овоо сумын харьяат О.Дэлгэрмаа тээвэрт яваад 13 дахь жилийг үдэж буй ахмад жолооч. Таван хүүхдийн ээж тэрбээр ханынхаа хамт тээвэрт явдаг. Бага хүүхэд нь дөнгөж л дөрвөн настай ч тэрбээр ой хүрсэн даруйд нь кабиндаа аваад тээвэртээ явсаар байж. Ингэж л амьдралын төлөө зүтгэж аз жаргалын “жолоог” мушгиж яваа бүсгүй тээвэрчин бүсгүйчүүдийн шинэ жилд очихсон гэхээс хоёр гурван сарын өмнөөс догдолсон гэнэ. Харин сүүлийн 2-3 хоног нойргүй хонох шахуу хүлээсээр өнөөдрийг сэтгэл дүүрэн угтаж буй нь энэ.

Гашуунсухайт, Шивээхүрэнгийн боомтод 300 гаруй монгол эмэгтэйчүүд хүнд даацын автомашин жолоодон тээвэрлэлтэд явж буй гэх албан бус тоон мэдээ бий. Тэдний төлөөлөл болсон 40 гаруй бүсгүй ийнхүү анх удаа “тээвэрчин бүсгүйчүүдийн” гэх тодотголтой шинэ жилийн баяраа тэмдэглэлээ.
Монголоос авахгүй цалинг тэндээс олдог учраас л гэртээ харилгүй ард үлдсэн хүүхдүүдийнхээ гэдсийг өлсөхгүйн тулд тээвэрт явдаг тухайгаа жолооч эмэгтэйчүүд хэлж байна.
Эмэгтэй хүн хүнд, хүчирт тооцогдох том оврын автомашин жолоодно гэдэг хэцүү. Тэгээд 12 мянган эрэгтэй хүмүүсийн дунд ажиллана гэдэг бас л бэрх. Яахав, амьдралаа дээшлүүлэх чин хүсэл нь “асч” буй учраас зүтгээд л байгаа...
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ