Н.УЧРАЛЫН БЯРЫГ Х.НЯМБААТАР СОРИНО

img

 

Монголын улс төрд хамгийн хурдан өссөн улстөрчдийн нэг бол яах аргагүй Ням-Осорын Учрал. Зөвлөхөөс эхэлж, сайд болсон. Сайдаас Намын дарга, УИХ-ын дарга, эцэст нь Ерөнхий сайдын суудалд хүрсэн. Арав хүрэхгүй жилийн дотор ийм зам туулсан хүн Монголын шинэ үеийн улс төрд цөөн. Гэхдээ улс төрийн карьер хурдан өсөх тусам нэг аюул дагаж ирдэг. Тэр нь өөрийн жинхэнэ улс төрийг бий болгож амжаагүй байх эрсдэл.

Өнөөдөр МАН дотор өрнөж буй тэмцэл яг энэ асуудлыг Н.Учралын өмнө тавьчхаад байна.

ХОТЫГ АВАХ ОРОЛДЛОГО МАН-ЫН ДОТООД ДАЙНЫГ ИЛ ГАРГАВ

Хишгээгийн Нямбаатарыг гэнэтхэн улс төрийн төв цэгээс шахах ажиллагаа бол ердөө нөөцийн махны асуудал биш. Х.Нямбаатар мэтийн нөлөө бүхий улстөрчдийг мах, талх, төмсний үнээр чөлөөлчихдөггүй л байх. Мэдээж ард нь эрх мэдлийн нүүдэл явж буй.

Сүүлийн жилүүдэд нийслэлийн улс төр МАН-ын жинхэнэ хүчний төв болсон. УИХ дахь олонхыг хөдөлгөдөг санхүү, хүний нөөц, сонгуулийн машин, дүүргийн сүлжээ бүгд хотод төвлөрсөн. Тийм учраас Хотын МАН-ыг атгана гэдэг бараг намыг атгана гэсэн үг.

Х.Нямбаатар энэ бүтцийг гартаа төвлөрүүлж чадсан цөөн хүмүүсийн нэг. Хотын дахин төлөвлөлт, авто зам, газрын бодлого, тендер, хөрөнгө оруулалт гээд шүүмжлэл дагуулсан ч бодит эрх мэдэлтэй улстөрчийн дүрийг бий болгосон хүн. Тэр өөрийн багийг хэдийнэ бүрдүүлсэн улстөрч бөгөөд өөрийн хамгаалалтын хүрээтэй болсон нэгэн. Хамгийн гол нь  нам дотроо өөрийн талын чамгүй олон гишүүнтэй. Магадгүй үүнээс л Ерөнхий сайд маань бэргэж айгаа юм болов уу даа. Тиймээс Х.Нямбаатарыг буулгах ажиллагаа бол 2027 оны өмнөх МАН-ын дотоод улстөрийн зураг өөрчлөгдөж эхэлсний дохио. Гэхдээ энд Н.Учралын хийсэн хамгийн том алдаа нь түүний арга барил байв.

Улс төрд өрсөлдөгчөө шахаж болно. Гэхдээ шалтгаан, тайлбар нь үнэмшилтэй байх ёстой. Нөөцийн махаар Хотын даргыг авч шиднэ гэдэг логик олон нийтэд үнэмшилтэй байж болох ч улстөр гадарладаг хүмүүсийн хувьд инээдтэй, хэтэрхий жул санаа байлаа. Харин ч эсрэгээрээ энэ бол улс төрийн захиалгат ажиллагаа гэсэн ойлголтыг улам хүчтэй болгочихсон л доо.

Н.УЧРАЛЫН ХАМГИЙН ТОМ СУЛ ТАЛ ӨӨРИЙН БИЕ ДААСАН УЛС ТӨРГҮЙ ЯВАА ЯВДАЛ

Монголын улс төрд залуу үеийн улстөрчдийн хамгийн том алдаа нь өөрийн улс төрийг бүтээж амжилгүй, том ах нарынхаа сүүдэрт хэтэрхий удаан явчихдагт оршдог. Ням-Осорын Учралын улс төрийн замналыг харахад ч яг л энэ замналаар явж буй. Тэр анхнаасаа бие даасан лидер болж өссөнөөсөө илүүтэй МАН доторх хүчтэй улстөрчдийн хамгаалалт, тухайн үеийн эрх мэдлийн урсгал дээр дөрөөлж гарч ирсэн хүн. Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн нөлөө оргилдоо хүрсэн үед залуу үеийн төлөөлөл болж тодорсон, дараа нь Л.Оюун-Эрдэнийн шинэ үеийн Засгийн газрын гол нүүр царай болсон. Үүн дээр нэмээд МАН доторх фракцуудын ашиг сонирхлын тэнцвэр түүнийг үргэлж хамгаалж ирсэн. Өөрөөр хэлбэл, Н.Учрал өнөөдрийн өндөрлөгт өөрийн бие даасан улс төрийн жингээрээ гэхээс илүүтэй системийн дэмжлэг, томчуудын тохиролцоон дунд өсөж ирсэн улстөрч гэсэн үнэлэмжээс одоо хүртэл бүрэн салж чадаагүй байна. Үүнийгээ давуу талаа болгож ашиглаж чадсангүй, уруудлаа даа.

Улс төрд нэг хатуу үнэн бий. Хэн нэгний дэмжлэгээр хурдан өсөж болно, харин удаан тогтож чаддаггүй. Нэг үеэ бодоход “даргын хүн” байх нь давуу тал мэт харагддаг ч тодорхой мөчөөс хойш тэр нь эсрэгээрээ сул тал болдог жамтай. Учир нь улс төр гэдэг эцэстээ өөрийн гэсэн байр суурь, өөрийн гэсэн жинтэй хүмүүсийн тоглоом. Томчуудын сүүдэрт явсаар байгаад өөрийн өнгө төрхгүй үлдсэн улстөрчид хамгийн түрүүнд замаасаа арчигддаг. Ням-Осорын Учрал яг одоо ийм эгзэгтэй цэг дээр ирчихээд байна. Түүнийг олон нийт “өөрийнхөөрөө шийдвэр гаргадаг лидер” гэж харахаасаа илүү хэн нэгний улс төрийн тохиролцоон дундаас гарч ирсэн хүн гэж хүлээж авч байгаа нь хамгийн том эрсдэл нь болж эхэллээ. Хэрэв Н.Учрал цаашдаа ч ах нарынхаа шатрын нүүдлийг хэрэгжүүлэгч хэвээр үлдвэл дараагийн улс төрийн салхинд хамгийн түрүүнд ганхах хүмүүсийн нэг болно. Монголын улс төр угаасаа ийм хатуу. Өсгөж дэвшүүлсэн хүмүүсээ насан турш хамгаалдаггүй. Хэрэгтэй үедээ урдаа барьж гаргаж ирдэг, харин нөхцөл байдал эвгүйтэхэд хамгийн түрүүнд түлхэж орхидог. Яг энэ дүрэм Монгол Ардын Нам дотор ч адилхан үйлчилдэг.

ЭДИЙН ЗАСАГ МУУДАХ ТУСАМ ЕРӨНХИЙ САЙД ГАНЦААРДАЖ ЭХЭЛДЭГ

2025 оноос хойш Монголын эдийн засагт хэд хэдэн таагүй үзүүлэлт давхцаж эхэлсэн. Нүүрсний экспортын орлого савлаж, төсвийн дарамт нэмэгдэж, инфляц өсөж, дундаж өрхийн хэрэглээ агшсан. Том төслүүд улс төрийн маргаанд гацаж, хөрөнгө оруулагчид хүлээлтийн байр суурьтай болсон.

Ийм үед Ерөнхий сайдын рейтинг хамгийн хурдан унадаг зүй тогтолтой.

Учир нь иргэд фракцын тэмцэл ойлгохгүй, алба ч байхгүй. Харин мах, шатахуун, зээлийн хүү, татвар л тэдэнд чухал.

Н.Учралын хувьд асуудал бүр хүндэрч байна. Нэг талд нь эдийн засгийн дарамт. Нөгөө талд нь намын дотоод хуваагдал бол удаах нь 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнөх нам доторх өрсөлдөөнийг өөрөө өдөөчихсөн явдал.

Монгол Ардын Нам дотор 2027 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн тоолол аль хэдийнэ эхэлчихсэн. Ийм үед намын даргын суудал зүгээр нэг албан тушаал байхаа больж, дараагийн эрх мэдлийн тулааны гол зангилаа болдог. Тиймээс Ням-Осорын Учрал одооноос нам дотроо жинтэй, шийдвэр гаргаж чаддаг, хатуу лидерийн дүр үзүүлэх шаардлагатай. Даанч асуудал нь хүчээ харуулах арга нь буруу тал руугаа эргэж эхэлсэнд байна. Хүчтэй лидер харагдах гэсэн оролдлого нь нам доторх өөрийн хүмүүсээ цэвэрлэж эхэллээ, өрсөлдөгчдөө шахаж байна гэсэн хардлагыг улам хүчтэй өдөөж байх шиг байна. Ялангуяа Х.Нямбаатар шиг өөрийн баг, нөлөө, хотын сүлжээтэй улстөрч рүү орсон нь МАН доторх зөрчлийг улам өрдөөчихлөө. Өөрөөр хэлбэл, Н.Учрал 2027 он руу чиглэсэн МАН-ын дотоод эрх мэдлийн тэмцлийн эхний том мөргөлдөөнийг өнгөрөгч бямба гарагт Дэнжийн мянга дээр эхлүүлсэн юм.

ХЭРЭВ Н.УЧРАЛ ӨӨРИЙН ЗАМЫГ СОНГОЖ ЧАДАХГҮЙ БОЛ…

Улс төрд хамгийн эмзэг, хамгийн удаан тогтдоггүй дүр бол өөрийн улс төрөө бий болгож амжаагүй лидер байдаг. Өөрөөр хэлбэл, албан тушаал нь өндөр атлаа шийдвэрийнхээ ард өөрөө биш, харин хэн нэгний нөлөө, фракцын тохиролцоо, томчуудын дэмжлэг харагдаад эхлэхээрээ ‘’нохойд барьдаг мод’’ л харагддаг. Тиймдээ ч асуудал үүсвэл хамгийн түрүүнд золиг гаргадаг. Н.Учралын өнөөдрийн нөхцөл байдал ч яг энэ эргэлзээнд орж эхэллээ. Түүнд албан тушаал бий, эрх мэдэл ч бий. Гэхдээ тэр эрх мэдэл нь өөрийн улс төрийн жин дээр тогтож байна уу, эсвэл бусдын байгуулсан тэнцвэр дээр тогтож байна уу гэдэг асуулт улам тодрох өдрүүд айсуй.

Монголын улс төрд залуу улстөрчид маш хурдан өсдөг. Гэхдээ хурдан өссөн болгон удаан үлддэггүй. Учир нь өндөр албан тушаалд очих нэг хэрэг, харин тэр өндөрлөг дээр өөрийн үзэл, өөрийн баг, өөрийн нөлөө, өөрийн шийдвэрээр тогтож үлдэх огт өөр асуудал. Энэ сууриа байгуулж амжаагүй хүн салхи эргэхэд хамгийн түрүүнд ганхдаг.

Н.Учралын өмнө одоо яг ийм сорилт ирчихээд байна. Хэрэв тэр цаашдаа ч ах нарынхаа улс төрийн тооцоог хэрэгжүүлэгч, бусдын нүүдлийг дамжуулагч хэвээр үлдвэл удалгүй өөрөө тэр тохиролцооны хамгийн амархан золиос болно. Харин эсрэгээрээ өөрийн байр сууриа хамгаалж, эрсдэлээ өөрөө үүрч, алдаа оноогоо өөрийн нэр дээр авч сурвал жинхэнэ лидер болж үлдэх боломж түүнд бий.

Гэхдээ улстөрд бусдын мөрөн дээр гарч ирсэн хүнийг өргөхдөө хурдан байдаг шигээ, түлхэж унагахдаа бүр ч хурдан байдаг.

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ