Ерөнхийлөгч хэлсэн ч Ерөнхий сайд шийдвэрлэнэ

Он солигдох мөч, шампанскийн хөөсрөл, салютын цацраг, хундаганы жингэнээн, сэтгэлийн хөөрөлтэй давхацсан “тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэсэн Ерөнхийлөгчийн мэндчилгээн дэх өлгөц үг зарим ахмадуудын магнайг тэнийлгэж, заримын нь сэтгэлийг гонсойлгов. Манай ахмадууд шинэ оноо угтаад Цагаан сарын бэлтгэлдээ шууд ордог “уламжлалтай”. Тиймээс ч зарим ахмадууд тэтгэврийн зээлээ тэглүүлэх болсондоо баярлаж, шинэ оны ажлын эхний өдрийг тэсч ядан хүлээж, ямар бичиг баримт бүрдүүлэх талаар асууж лавлах гээд харьяа банкийг зорьж, төр засгаас ямар шийдвэр гаргах талаар чих тавин хүлээж байна.
Энэ асуудалд хөрсөн дээр бууж бодитоор хандъя.
Төрийн тэргүүн мэндчилгээндээ “Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэдгийг онцолсон. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд багтдаг. Гэхдээ ҮАБЗ зөвлөмж хүргүүлдгээс шийдвэр гаргадаг газар биш.
ҮАБЗ-ийн зөвлөмжийг хэрэгжүүлэх эсэхийг УИХ шийдвэрлэнэ. УИХ-ын дарга зөвлөмжийг УИХ-аар хэлэлцүүлэхэд ҮАБЗ-ийн гишүүн Г.Занданшатараас үл хамаарч, төрд төлөөлөл болж байгаа 75 гишүүний олонхийн саналаар шийдвэрлэгдэнэ.
Нөгөөтэйгүүр тэтгэврийн зээлийг тэглэх эсэхийг гүйцэтгэх засаглал тооцоо, судалгаан дээрээ үндэслэж шийдвэрлэнэ. Өнөөдрийн улс төрийн цаг үеийн тухайд Ерөнхий сайд, МАН-ын дарга У.Хүрэлсүхэд л үүнийг шийдвэрлэх эсэх бүрэн эрх нь байгаа. Учир нь тэр парламентын гаднах Ерөнхий сайд хэдий ч эрх баригч хүчний даргын албан тушаалаараа засгаа ч тэргүүлж, парламентыг ч удирдан чиглүүлж байгаа.
Парламентат засаглалтай улсын хувьд УИХ-ын дарга нь ч, эрх баригч хүчний удирдагч Ерөнхий сайд нь ч “тэтгэврийн зээлийг тэглэх” асуудлаар ганц үг ган хийгээгүй байхад ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг хундаганы үгэндээ попров. Тэгвэл:
-Өнгөрсөн 11 дүгээр сарын мэдээллээр арилжааны банкуудаас 233034 хүн тэтгэврийн зээлийн данс нээлгэж, 776 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл төлөх хэрэгтэй гэсэн мэдээлэл байна. Тэтгэврийн зээлийг тэглэхдээ ямар хугацааг хамруулах вэ? Өдөр хоногоор зээлийн мөнгө нэмэгдэн эргэлдэж байгаа.
-Тэтгэврийн зээлийг тэглэхдээ 2020 оны төсөвт тодотгол хийх үү. Сангийн сайд Ч.Хүрэлбаатар төсвийн тодотгол хийхийг эрс татгалздаг хатуу байр суурь баримталсаар ирсэн. Тэгвэл ямар нэг хуулинд өөрчлөлт оруулах уу.
-Салхитын мөнгөний орд төрийн мэдэлд бүрэн очсон уу. Хувь эзэмшигч гадаад хөрөнгө оруулагчийн, авлигад холбогдсон шүүгчдийн асуудал шүүхээр бүрэн эцэслэгдсэн үү? УИХ-ын дарга Салхитын мөнгөний ордын олборлолтын дээжээс 50 кг мөнгөнийг Монгол банкинд тушаасан. Салхитын мөнгөний ордыг хэзээ эдийн засгийн эргэлтэд оруулах вэ? Хэзээний олборлолтоос тэтгэврийг тэглэхээр тооцсон бэ? зэргээр асуултууд хөвөрч байна.
“Тэтгэврийн зээл тэглэнэ” гэж Ерөнхийлөгч зөвхөн хэлсэн болохоос шийдвэр гаргах, хэрэгжүүлэх нь УИХ, Засгийн газарт оногдоно.
Манай ерөнхийлөгч бол хувь хүний тухайд азтай, адтай, одтой, супермэн залуу байсан. Азын шооны нүх мэдэж, алдрын тэнгэрт тодорч, алтан титэм өмссөн, тэр.
Харин өнөөдөр албан тушаалаараа ард түмний эв нэгдлийг илэрхийлэгч. Тиймээс ч монгол түмний эв эеийг сахиулахын төлөө ухаан бодлоо хөвчилж, урамын галыг дэврээж, оюун билгийн нүдийг нээж зүтгэх нь Монгол Улсын Ерөнхийлөгч, ҮАБЗ-ийн тэргүүн Х.Баттулгын үүрэг.
Тэгээд ч тэтгэврийн зээлийг тэглэх сонгуулийн шоу бус хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, төгрөгийн ханшийг чангалах, эдийн засгаа сэргээх бодлогоо хэлэлцээч ээ, ҮАБЗ-ийн гурав аа.
Н.Энхбат
СЭТГЭГДЭЛ БИЧИХ