Хүүдээ автомашин авч өгсөн хөгшний зээлийг улс тэглэнэ
Манай улсын нийт хүн амын 6.8 хувь буюу 223 мянга нь 60-с дээш насны ахмадууд. Нийт ахмадуудын 71 хувь нь тэтгэврийн зээлтэй байна. Шинэ он солигдох мөчид Ерөнхийлөгч Х.Баттулгын хэлсэн “тэтгэврийн зээлийг тэглэнэ” гэх үг тэдний нурууг нь тэнийлгэв.
Төрийн тэргүүн мэндчилгээндээ “Туурга тусгаар Монгол Улсын хөгжил дэвшлийн төлөө залуу насаа зориулсан ахмад буурлуудаа өрийн дарамтаас салгах зорилгоор алдагдсан байсан Салхитын мөнгөний ордоо эдийн засгийн эргэлтэд оруулах замаар тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх тухай Үндэсний Аюулгүй байдлын зөвлөлийн гишүүд санал нэгдэн шийдвэр гаргасныг он солигдох энэ мөчид ахмадууд та бүхэндээ дуулгаж байгаадаа баяртай байна” гэдгийг онцолсон.
Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд нар ҮАБЗ-ийн бүрэлдэхүүнд багтдаг. Гэхдээ ҮАБЗ зөвлөмж хүргүүлдгээс шийдвэр гаргадаг газар биш.
Гэтэл хөөрхий ахмадууд Ерөнхийлөгчийн үгэнд туйлаас итгэн “төрийнхөө буянд зээлгүй боллоо” хэмээн хөөрцөглөн сууна. Хачир дээрээ тэдний өрийг хэн, хэзээ, хэрхэн тэглэх нь тодорхойгүй байна.
Ерөнхийлөгчийн гэнэтийн шийдвэрийг цочирдож хүлээж авсан нөхдүүд зөв, буруу хэмээн хоёр талцсаар. Харин хөгшчүүд “сар шинээс өмнө зээлгүй болчихвол ч” хэмээн санаж чих тавин хүлээж сууна.
Ахмадууд тэтгэврийн зээлийг 2-3 жилээр нь авах шалтгааныг судалбал сонирхолтой. Тэд ихэнхдээ хүүхэддээ тус нэмэр болох үүднээс тэтгэврийн зээлд хамрагддаг байгаа юм. Хүүгийнхээ бизнесийг дэмжих гэж, хүүхдээ хүнээс дутаахгүй гэсэндээ унах унаатай болгоод өөрөө харин өрөнд нь банкны барьцаанд үлджээ.
Жишээ татвал хамаатны 30 гаруй насны эр ээж нь дөнгөж тэтгэвэрт гарсан анхны сараас л хоёр жилийн хугацаатай тэтгэврийн зээл авахуулаад автомашин аваад уначихсан. Ингэхдээ ээждээ сар бүр 300 мянган төгрөг төлж байхаар “хувь лизинг” хийсэн байгаа юм. Гэтэл тэтгэврийн зээл авахуулж унаатай болсон өдрөөс хойш ээждээ эхний сард 200 мянган төгрөг төлөөд үүнээс цааш амьдрал ахуй, эхнэр хүүхэд, ар гэртээ гэсээр ээждээ сар бүр өгөх төлбөрөө төлсөнгүй. Ээж нь “Хөгшний тэтгэврээр болоод л байна” хэмээн хүүгээ өмөлзөн санасаар нэхсэнгүй.
Гэтэл тэтгэвэр тэглэх сургаар хүү нь “Улс миний өрийг тэглэх нь, би ёндоорсон” хэмээж явна. Харин ээж нь “Тэтгэврээ бүтэн авч үзэх нь, гялай” хэмээн алга хавсарч сууна...Энэ бол нийгмийн нийтлэг дүр зураг.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ