Шинэ колоничлолын гинжинд тэлчилж буй Монгол орон
2020-01-06

(цуврал илчлэл – 1)

 

 

Тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулахад хангалттай

Бүгдийг хуу хулгайлахад ганцхан ҮЗЭЛ СУРТАЛ хангалттай! 

 

Шинэ колоничлолын тулгуур баримтлалаас

 

 

Анзаарах, бодох зүйлс

 

2012 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр Ардчилсан намын ҮЗХ-ны хурал дээр одоогийн Ерөнхийлөгч Х.Баттулга бухимдалтайгаар дээрх эшлэлийг онцолж байлаа. Түүний хэлсэн үгийг сануулахад: - Би үүнийг ухаантайдаа яриад байгаа юм биш. “Эдийн засгийн алуурчид” гэж энэ ном гадуур монгол хэл дээр хэвлэгдэн гарсан байгаа. Үүнд уул уурхай гээд бидний баярлаад байгаа зүйлийг бүгдийг нь мөн чанараар нь биччихсэн байна. Та нар дөрөвхөн мөр уншаад үзээрэй. “... тэрбумыг хулгайлахын тулд хууль гаргуулах хангалттай. Харин хуу хамахын тулд ганцхан үзэл суртал хэрэгтэй” гэж... Тэгэхээр энэ үзэл суртал яваад эхэлчихсэн байна.  Ийм үед манай нам арай өөр баймаар байна. Хуу хамуулахгүйн тулд Ардчилсан нам минь сэрээч ээ... 

 

Үүнээс 7 жилийн дараа 2019 оны 10 дугаар сарын 15-нд FATF буюу Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх байгууллага Монгол улсыг "Саарал жагсаалт"-д оруулснаа зарлалаа. FATF-ын хуралд оролцогч орнуудаас 3 нь Монгол Улсын эсрэг санал өгөхөд "Саарал жагсаалт"-д шууд оруулдаг гэх агаад санал өгсөн улсууд нь АНУ, Австрали, БНХАУ болж таарав.

 

Манай стратегийн түнш гэгдэх 2 гүрэн, америкийг аялдан дагагч нэг улс ийнхүү Монголыг “шогложээ”. Яагаад, яах гэж, юуны тулд? ...

 

Логик, бас дахин логик

 

"Саарал жагсаалт"-д Монгол Улс орсон даруйд "Оюутолгой" төслийн хөрөнгө оруулагчид, хамаарал бүхий этгээдүүд хоорондоо зөрчилтэй мэдэгдлүүдийг яаран хийж эхлэв.  "Оюутолгой" ХХК-ийн Гүйцэтгэх захирал Армандо Торрес “Саарал жагсаалт”-ын асуудал нь тус компанийн төслийн санхүүжилтэд нөлөөлөөгүй” гэж мэдэгдсэн.

 

Гэтэл австралийн afr.com сайт Монгол Улс "Саарал жагсаалт"-д орсноор "Оюутолгой"-д санхүүжилт татахад хүндрэлтэй болж байгаа талаар ОУВС-гийн Монгол Улсыг хариуцсан ажлын хэсгийн ахлагч Жефф Готтлиб ярьсаныг мэдээллээ. Жефф Готтлиб “... Оюу толгой нь улсын макро эдийн засагт чухал ач холбогдолтой. Хэрвээ төсөл зогсохоор болвол ... тооцоог дахин нягтлан авч үзэх шаардлагатай. Мөн төсөл зогсвол ... бодлогын зөвлөмжөө дахин нэг эргэж харах хэрэгтэй болно” хэмээн ярьжээ.

 

Гайхах зүйл нь Саарал жагсаалт- ОУВС-ОТ төслийн санхүүжилт яагаад шууд л уялдаад явчихав?

 

""Саарал жагсаалт"-аас болоод “Рио Тинто" компани "Оюутолгой"-д санхүүжилт татахад хүндрэлтэй болж байгаа”-г AFR агентлаг онцолсон нь логикийн хувь ихээхэн зөрчилтэй. Учир нь FATF мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэх асуудалд л анхаардаг. Тэгэхээр "Рио Тинто"-гийн татах санхүүжилт бохир учраас гацах нь гэх логик энд үүснэ. Хэрвээ цэвэр мөнгө байсан бол гацах ёсгүй биз дээ. Эсвэл Тэд ердөө л монголчуудад шахалт үзүүлж, сүрдүүлж байна.

 

FATF байгууллагыг 1989 онд тухайн үед “Их долоо” гэгдэж байсан орнууд байгуулсан.  Одоо тус байгууллагын Ерөнхийлөгч нь Хятад. Нарийн бичгийн дарга нарын зөвлөл нь Америк, Орос, Хятад, Англи, Австрали, Франц, Германы төлөөллөөс бүрддэг.

 

Монголыг "Саарал жагсаалт"-д оруулахдаа тулгасан 4 зүйл “ялыг” жинхэнэ мөнгө угаагчид, терроризмаас санхүүжигчид нь сонсвол хөх инээд нь хүрч, татаад уначихмаар зүйлс ажээ. Тэгээд ч "Саарал жагсаалт" руу “захиалгаар” оруулсан байж мэдэх буруутнууд ямар ч гэм шийтгэлгүй үлдээд, ажлаа хийж яваа нь гайхалтай. FATF :

 

Нэгдүгээрт: Монголд банк бус санхүүгийн байгууллагуудын үйл ажиллагааны хяналт шалгалт нэр төдий, маш сул байгаа нь мөнгө угаах боломжийг олгодог.

Хоёрдугаарт: Санхүүгийн байгууллагууд сэжигтэй гүйлгээ илэрвэл мэдээлэхгүй байна.

Гуравдугаарт: Мөнгө угаахтай холбоотой хэрэг, үйлдлүүдийг мөрдөн шалгаж, гэмт хэрэгтнүүдэд үр дүнтэй, хийсэн хэрэгт нь дүйцэхүйц, давтан үйлдэхээргүй болгох хэмжээний шийтгэл оноохгүй байна.

Дөрөвдүгээрт: Үй олноор устгах зэвсгийг түгээхтэй холбогдсон хувь хүмүүс, хуулийн этгээд нь хөрөнгө мөнгө босгох, шилжүүлэх, хэрэглэхээс сэргийлэх заалтыг зөрчиж байна. Хойд Солонгост тавьсан олон улсын эдийн засгийн хоригийг биелүүлэхгүй байна.

 

Сүүлийн шалтгааныг авч үзье. Хойд Солонгосын 300 орчим иргэд монголд ажиллаж, цалин хөлсөө Элчин сайдын яамандаа тушаадаг гэсэн мэдээллийг энд дурджээ. 300 ажилчин сарын 2 сая төгрөгийн цалинтай гэж тооцъё. Үүнээс өндөр цалин авна гэвэл монгол компаниуд ажиллуулахгүй. Тэд жилдээ 7 тэрбум 200 сая төгрөгөөр Ким Жон Уны цөмийн хэнээрхлийг санхүүжүүлдэг болж таарах нь. Энэ нь 3 сая доллар хүрэхгүй мөнгө болох бөгөөд ийм хэмжээний мөнгөөр цөмийн бөмбөг хийнэ гэвэл элэг доог болох нь тодорхой.

 

FATF 2013 онд Монголыг "Сааралт жагсаалт"-д оруулахдаа ид гаарч байсан Хойд Солонгосын талаар огт дурдаагүй хирнээ хоёр дахь удаад гаргаж ирсэн нь шинэ шалтаг бодож олсных гэхээс өөр тайлбар байхгүй. Тийм л юм бол БНХАУ, ОХУ зэрэг НҮБ-ын хоригийг үл тоон Хойд Солонгосыг илэрхий дэмждэг, эдийн засгийн туслалцаа үзүүлдэг улсуудад хориг тавьж, хар жагсаалтдаа оруулахгүй яагаав? 

 

Тусгаар улс мөн юм бол өөрийнхөөрөө шийддэг, өөрийнхөө эрх ашгийг эн тэргүүнд тавьдаг байх ёстой. Унгарын Ерөнхий сайд В.Орбан ОУВС-г эх орноосоо хөөн гаргаж, тэдний санал болгосон зээл, тусламжаас бүрэн татгалзаж, унгарын мөнгө, хөрөнгө оруулалтын бодлогыг өөрсдийнхөө эрх ашигт нийцүүлэн бие дааж явуулах болсноор сүйрлийн ирмэгт ирсэн Унгар улсыг аварчээ. Өнөөдөр Унгарын эдийн засаг хөл дээрээ зогсож, бусдаас хамааралгүй болж байна. Тэд FATF зэрэг дээрэнгүй байгууллагыг зүгээр л нулимдаг. Алдсан зүйл алга.

 

Мөнгө угаахтай холбоотой хэргүүд шийдэгдэхгүй байгаа нь цэвэр Хууль зүйн сайдын шууд хариуцлага атал энэ хүн огт шийтгэлгүй үлдчихсэн сууж байгаа нь нягтлах ёстой сэжүүр юм. Нэг, хоёрдугаарт дурдагдсан шалтгааны хариуцах албан тушаалтан нь Сангийн сайд мөн атал түүнийг шийтгэл тойрч, Монгол банкны Ерөнхийлөгч, СЗХ-ны дарга хоёроор туг тахиад өнгөрсөн нь ч хачирхалтай.

 

"Саарал жагсаалт"-д орсныг “Сүртэй зүйл биш. Харин ч манайд ашигтай” гэх маягаар тайлбарлах нь бий. Шинэ колоничлолын багийг хуулах, Монголын Засгийн газар шинэ колоничлогчдын өмнө арчаагүйтэн бөхөлзөж байгааг тодруулсан ашиг байх шиг байна.

 

"Саарал жагсаалт"-д монголыг “чихэж” оруулсан гурван улс манай асуудалд бусдаас илүүтэй “зовниж” байгаа нь сонирхолтой. БНХАУ-ын төрийн Синхуа агентлаг АХБ-ны Монгол дахь захирал Pavit Ramachandranthe УИХ-ын даргатай уулзаж, "Саарал жагсаалт"-аас даруй гарахад нь Монгол Улсад туслах хүсэлтэй байгаагаа илэрхийлснийг мэдээлэв.  АХБ-ны гол санхүүжүүлэгч нь БНХАУ билээ.

 

Хятадууд "Рио Тинто"-гийн талд орж, манайд шахалт үзүүлэхэд оролцож байгаагийн цаана олон салаа зорилго агуулагдаж байж болзошгүй юм. Нэгд, хятадын төрийн өмчит компаниуд "Рио Тинто"-гийн хувь эзэмшиж байгаа. Хоёрт, Монголын Засгийн газар "Оюутолгой" төсөл дээр шийдвэр гаргаж чадахгүй удах тусам хувьцааны үнэ унаж, хямдаар гартаа оруулах нөхцөл бүрднэ. Гуравт, Монгол Улс гуравдагч хөршүүдээс хөрөнгө оруулалттай байх нь хятадын ашиг сонирхолд нийцтэй зүйл биш.

 

Хятадын Ардын банктай байгуулсан 2 тэрбум ам.доллартай тэнцэх хэмжээтэй своп хэлцлийн хугацааг 2023 он хүртэл гурван жилээр сунгах Монголын хүсэлтэд тэд таагүй хандаж байгаа нь нөхцөл байдлыг улам дордуулах, шахаанд оруулах чиглэлд хийж байгаа түлхэлт байж болох юм.

 

АНУ-ын Сангийн яамны Терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх асуудал эрхэлсэн дэд сайд Маршалл Билингсли Монголд яаран ирж “Юуны өмнө АНУ Монгол Улс болон Монгол Улсын ардчилал, бие даасан хараат бус байдлыг тууштай дэмждэг гэдгийг хэлмээр байна. “Монгол Улсыг аль болох богино хугацаанд Саарал жагсаалтаас гаргахыг АНУ хүсэж байгаа” хэмээн манжлав. Энгийн хэл рүү хөрвүүлбэл энэ нь дараах утгатай юм." “Рио Тинто"-гийн эрх ашгийг хөндөхгүй шиг бай, аясаар нь яв! Тэгвэл та нарт өлзийтэй”.

 

М.Билингсли монголчуудыг тайвшруулахаа ч бас мартсангүй. “Нийт 66 улс "Саарал жагсаалт"-д орж, бас гарсан байдаг.  Монгол Улс өмнө нь нэг удаа "Саарал жагсаалт"-д ороод гарсан”

 

Тийм ээ, өмнө нь 2013 онд Монгол Улс Саарал жагсаалтад анх тавтай морилсон бөгөөд Ч.Сайханбилэг "Рио Тинто"-д бууж өгч, Дубайн төлөвлөгөөнд шившигтэйгээр гарын үсэг зурснаар “өршөөгдөж” жагсаалтаас мултарч байсан юм. Ерөнхий сайд Н.Алтанхуяг тэдэнд бууж өгөхгүй сөрсөн тул "Монгол Саарал" жагсаалтад морилсон юм. Монгол Улсыг олон улсын шүүхэд ялагдуул гэж Ерөнхий сайд Ч.Сайханбилэг шахаж байсан! гэх ноцтой мэдээллийг ХЗДХЯ-ны Тамгын газрын дарга асан Э.Зоригт саяхан дэлгэсэн. Энэ бол шинэ колоничлогчид цагаандаа гарч байсны нэг л жишээ. Ч.Сайханбилэг Дубайн төлөвлөгөөнд гарын үсэг зурвал хууль зөрчсөн хэрэг болно гэсэн хууль зүйн газрынхаа зөвлөмжийг үл хэрэгсэн нисэж очин зурсан байдаг нь асар том сонирхлоор л өдөөгдөх хэрэг мөн билээ.

 

Маршалл Билингсли “- Монгол Улсыг "Саарал жагсаалт"-д оруулсан орнуудын нэг нь АНУ байсан...?” гэх сурвалжлагчийн асуултад ихэд эгдүүцэн ингэж хариулжээ. - Энэ тухайд үг сонгохдоо болгоомжтой байхыг хүсэж байна. Яагаад гэвэл энэ бол буруутгах үйл явц биш, харилцан үнэлэх үйл ажиллагаа юм. Далд утга нь “юу гээд олон юм шалгаагаад, хардаад байдаг юм. Бид нар та нарыг учиргүй буруутгаагүй, зүгээр л “ухаарах боломж” өгч байхад чинь...”

 

"Рио Тинто" олон улсын байгууллагууд, их гүрнүүдээр дамжуулан шахалт үзүүлдэг нь өнгөрсөн хугацаанд ил болсон. 2017 онд "Оюутолгой" төслийн мөнгөн гүйлгээг Монгол банкаар явуулдаг болгох хуулийн төслийг УИХ идэвхтэй хэлэлцсэн билээ. Төгрөгийн ханшийг тогтвортой байлгахад энэ нь тустай гэх үзэл баримтлал Их хурлын танхимд газар авч байлаа. Гэтэл ОУВС өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрөө зогсооно хэмээн заналхийлж, хөтөлбөрийн хүрээнд зээл олохоор тохиролцсон байсан Дэлхийн банк, Японы Засгийн газар дуу дуугаа авалцан Монголд олгох санхүүжилт гацсан болохыг мэдэгдсэн байдаг. УИХ Оюутолгой төслийн мөнгөн гүйлгээг монголоос гадуур явуулдаг байдлыг хэвээр үлдээсний дараа л хөтөлбөр сэргэж байсныг монголчууд мартаагүй.Одоо дархан мэхээ ахин хийж, Дубайн гэрээг монголд ашигтайгаар өөрчлөх УИХ-ын тогтоол гармагц "Саарал жагсаалт"-ын асуудлыг хурцатган, хүндрүүлэх, монгол руу орж ирэх бүх санхүүжилтын сувгийг хаахаар зүтгүүлж байна.

 

"Тунгалаг Тамир" кинон дээр Цахиур Төмөр, Хатанбаатар ван хоёрын хооронд болсон яриа бий. Баатар ван цагаантнуудтай хэлэлцээр хийхийн урд шөнө Төмөр адууг нь туугаад ирсэн байдаг.

 

Хатанбаатар: - Миний хэлэлцээр хийх гэж байгааг чи мэдсэн үү?

Төмөр: - Мэдсэн. Чингээд морьтой хүнтэй ярьж байснаас явган хүнтэй яривал үгэнд орох нь дээр байх гэж бодсон юм.

 

Яг ийм зүйл "Саарал жагсаалт"-ын эргэн тойронд өрнөж байна. Мөнгөгүй хүмүүстэй хэлэлцэхэд амар гэх логикоор шинэ колоничлогчид монгол руу мөнгө орох бүх нүх сүвийг өөрсдөөр нь хаалгаж, зөвхөн өөрсдөөс нь хамааралтай, өөрсдийнх нь дохиогоор хөдөлдөг болгохоор шахсаар... Монгол Улс ганцхан шинэ колоничлогчдоос өндөр хүүтэй, хатуу нөхцөлтэй мөнгө авах нь цагаан, цэвэрхэн мөнгө болох юм байх.

 

Үүнд идэвхийлэн зүтгэж, FATF-д (Rio Tinto-д гэж ойлгох) таалагдахаар элдэв хуулийн төсөл барин гүйж яваа хүмүүсийн намтрыг уншигчид сөхөөд харчихад гэмгүй. Австралид, Америк, Канадад сурсан, мэргэжил дээшлүүлсэн, ажилласан гэх мэт зүйлс дурайж байгаа.   

 

Монголд үйлдэгдэж буй “эдийн засгийн аллага”

 

2004 онд хэвлэгдэж, дэлхий даяарт түгсэн Confessions of an Economic Hit Мan хэмээх намтарчилсан номын зохиогч John Perkins-ийн илчилсэн, тайлбарласан үйл явдлууд  яг одоо монголд бүрэн утгаараа хэрэгжиж байна.  "Эдийн засгийн алуурчны наминчлал” номд үндэстэн дамнасан корпорациуд,  ДХБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг нь ядуу улс орнуудад их гүрний ашиг сонирхлыг тулган хүлээлгэдэг хэрэгсэл болохыг баримтаар илчилсэн билээ. Түүнээс гадна “Zeitgiest” хөдөлгөөний удирдагч Peter Joseph “НҮБ, Европын холбоо, ОУВС, Дэлхийн банк, Дэлхийн эдийн засгийн форум” зэрэг байгууллагууд нь Үндэстэн дамнасан корпорациудын эрх ашигт үйлчлэхийн төлөө байгуулагдсан” гэжээ.

 

Үнэхээр ч Энэтхэг, Пакистан улсууд шинэ колоничлогчдын байнгын халамжид байдаг ч хэдэн зуун саяар тоологдох гуйлгачидтай, ард түмнийх нь амьдрал там болсон байдалтай байгаа. Эсрэгээр тэдэнд “үгүй” гэж хэлсэн Унгар улс сэргэн бослоо.

 

Шинэ колончилогчид эдийн засгийн аллагаа хэнээр хийлгэдэг вэ?

 

Нөлөөллийн агентууд!  Өөрсдийн нөлөөлөлд оруулсан албан тушаалтнуудаар хууль, шийдвэр гаргуулах, гэрээ байгуулах замаар л хийчихдэг аж. Нэхэн санавал С.Баярцогт, Ц.Элбэгдорж, Ч.Сайханбилэг, Ч.Хүрэлбаатар, Ц.Нямдорж, Л.Элдэв-Очир, Ц.Мөнх-Оргил гээд "Оюутолгой"н талд бат зогсдог, үхэн хамгаалдаг этгээдүүд бүгд америк, австрали, канадад суралцах, ажиллах нэрээр нөлөөллийн агент болсон хүмүүс юм. Эндээс ганцхан Ц.Нямдорж л хүү Н.Анхбаярыгаа Шинэ Зеландад австралийн мөнгөөр сургаад, америкт консулаар ажилуулж “дадлагажуулсан”. Одоо Австралид Элчин сайдаар суулгах гэж байгаа гэдгээс олон зүйл тодорхой болно. Ц.Нямдорж Дубайн гэрээнд өөрчлөлт оруулахаар УИХ хэлэлцэх үед хамгийн чангаар эсэргүүцэн хашгичсаны цаад учир ийм бөлгөө.

 

ОХУ-ын эдийн засгийн доктор А.Е.Лебедев «Банкны ангуучлал» номдоо “Эхэн үеийн колоничлол нь цэргийн хүчээр явагдаж байсан бол, хоёрдугаар колоничлолыг – мөнгө санхүүгийн хүчээр хийсэн юм. Одоо явагдаж байгаа гуравдугаар - Шинэ колоничлол нь үндэсний элит, улс төрийн манлайлагчдыг урвуулан авах, тэднийг хөгжингүй орнуудын жанжлал, давамгайллыг биширдэг, даган баясдаг болгох замаар хэрэгжиж байгаа” гэжээ.

 

Шинэ колоничлогчдын дараагийн мэх нь улс орнуудын санхүүг хяналтдаа оруулахын тул Мөнгө угаахтай тэмцэх, Татвараас зайлсхийх, Терроризмыг санхүүжүүлэхээс сэргийлэх нэрээр хөрөнгө оруулалтынх нь бүх боломжийг хааж, өөрсдөөс нь өөр сонголтгүй болгох замаар санхүүгийн далд дайныг өрнүүлэх байдаг.

 

Угтаа бол АНУ нь мафи, мөрийтэй тоглоом, хар тамхины наймаа, дайн дажин аллагаас олсон асар их бохир мөнгөөр боссон улс шүү дээ. АНУ-ын татваргүй бүс, мужуудад мөнгөө байршуулахыг тэд гэмт хэрэг гэж огт тооцдоггүй. Татварын диваажин гэгдэх Delaware муж улсад нь Rio Tinto бүртгэлтэй байх жишээний. Global Witness байгууллагын судалгаагаар америкийн нутаг дээр байдаг, тэдний хяналтад орсон оффшор бүсүүдэд нийт бохир мөнгөний 72 хувь байршиж байдаг ажээ.

 

Marc Rich гэх "Рио Тинто"-гийн өрсөлдөгч "Glencore" компаний хувьцаа эзэмшигчийг америкууд мөнгө угаасан хэмээн Paradise papers гэх баримт бичиг тараан илчилж, 300 жилийн ял өгнө гэж сүрдүүлсний дараа хамаг мөнгөө америкийн оффшор бүсэд байршуулмагц нь өршөөж, чимээгүй болж байлаа. Өршөөлд хамрагдахын тулд Ерөнхийлөгчөөр ажиллаж байх үед нь 450 мянган долларыг Clinton Library санд хандивлаж байсан нь авлига юм. Өөрсдийнхөө авлига, мөнгө угаалтыг хууль ёсны мэт хүлээж авна. Бусад улсад бол хатуурхна. Ийм хоёр нүүртэй бодлогынх нь ээлжит нэгэн золиос Монгол болжээ. Монгол үхчихгүй, бас сэхчихгүй амьдаараа мөлжүүлээд байж байх нь том гүрнүүдэд чухал.

 

Өнөөдөр монголд хэрэгцээтэй ганц зүйл бол хямд мөнгө, хөрөнгө оруулалтын хямд, урт хугацаатай эх үүсвэр юм. Ажлын байрыг олноор бий болгож байвал тэр мөнгө нь хар, цагаан байх эсэх бидэнд сонин биш байх ёстой. Хамгийн сайн халамж бол ажлын байр юм. Тэтгэврийн өр тэглэх зэрэг бол түр зуурын аргацаасан л арга хэмжээ. Монголыг хөгжүүлэх, энд ажил хийх, бүтээн байгуулалт өрнүүлэх, олон монголчуудыг ажилтай, орлоготой байлгахад зориулагдах мөнгө л чухал.

 

Дэн Сяопин эх үүсвэр тодорхойгүй гадаадын хөрөнгө оруулалтаас эмээгсдэд “'Цэвэр агаар амьсгалахын тулд бид цонхоо онгойлгох ёстой. Гэтэл цэвэр агаартай хамт ялаа, шавьжнууд орж  ирэх л болно шүү дээ” хэмээн хэлж байжээ. Дандаа хожно гэж байхгүй, хожоо алдааны тэнцвэрийг олж, улсынхаа эрх ашгийг эн тэргүүнд эрэмбэлэх эсэхэд л асуудал бий. Дэн, Орбан нар шиг прагматик, эх оронч улс төрчид монголд чухлаар шаардагдаж байна.  “Монголын төлөө бол чөтгөртэй ч эвснэ” гэх уриагаа монголын улс төрчид энд л гаргах ёстой.

 

Хуу хамах ҮЗЭЛ СУРТАЛ

 

“Эдийн засгийг алах, хуу хамахын” тулд шинэ колоничлогчдын бас нэг мэх нь үзэл суртлаа нийгмийн сэтгэхүйд халдаах байдаг. Энэ нь чөлөөт зах зээл, даяарчлал, үл үзэгдэгч гарт найдах зэрэг юм. Гэтэл Дэлхийн банкны зөвлөх байж, эдийн засгийн аллагад нь гар бие оролцож явсан Нобелийн шагналт эдийн засагч Жозеф Штиглиц “Адам Смитийн төсөөлсөн зах зээлийг үр ашигтайгаар чиглүүлж, залж байдаг "үл үзэгдэгч гар" гэж зүйл огт байдаггүй нь тодорхой болсон. Байхгүй учраас "үл үзэгдэгч" юм. Байхгүй учраас хүчгүй юм. Бидний олон жилийн судалгаагаар зах зээлийн явцыг Засгийн газар л чиглүүлж, залж чадна. Засгийн газар л зах зээлд оролцогч талуудын ашиг сонирхлыг нэгтгэж, уялдуулж, бас хамгаалж чадна” гэжээ.

 

Гэтэл манай Засгийн газар гадны чиглүүлэг, удирдамжаар ажиллаж, ёстой жинхэнэ “үл үзэгдэгч гарын” нөлөөнд оржээ. Тиймгүй бол саарал жагсаалтыг нулимаад, боломжит бүх хямд хөрөнгө оруулалтад найр тавих, чадах даах хэмжээгээраа татах ёстой. Гэтэл айж атийсаар, улсаа улам бүр өрөнд бариулж, өтөнд идүүлсээр өнөөдрийг хүргэлээ.

 

Шинэ колоничлогчид өөрсдийн хуу хамагч үзэл суртлаа нөлөөллийн агентуудынхаа судас руу шахаж, нийгмийн сэтгэхүйд “confirmation bias” буюу урьдчилсан бэлэн нотлогоог вирус хэлбэрээр суулгадаг. “Төр бол хамгийн муу менежер, Монгол парламентын засаглалтай улс юм” гэхчилэнгийн бэлэн бөгөөд худал нотлогоонуудыг хэдэн арван жилээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан монголчуудын тархинд суулгасан. Үнэн хэрэгтээ бол өнгөрсөн 30 жилийн туршид монголд парламентын засаглал огт байгаагүй юм. Нотлогоо нь маш энгийн. Парламентаа тараах эрх Ерөнхий сайдад олгогдоогүй.

 

“Хуулийн дагуу хийсэн юм бүхэн зөв” гэх confirmation bias-ыг бидний тархинд суулгачихаад, хуулийг нь нөлөөллийн агентуудаараа дамжуулаад батлуулсныхаа дараа тэд хүссэндээ хялбархан хүрчихэж байгаа юм. Ашигт малтмалын хууль, Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, ОТ Хөрөнгө оруулалтын гэрээ, Дубайн төлөвлөгөө зэргийг ингэж л хийж ирсэн. Үүнийг эсэргүүцсэн хүн хууль зөрчсөн, гэмт хэрэгтэн болж таарна. Харин тэдэнд зориулж хууль, гэрээ баталсан хүмүүсийг ямар ч хүнд хэргээс мулталж, нутагтаа орогнуулна.

 

"Рио Тинто" монгол ажилчдыг цалинжуулж, монголоос худалдан авалт хийж, монголд татвар төлж байгаа нь “дээдийн заяа” гэх нотолгоог тэд бидний тархинд суулгахаар чармайдаг. Австралид уурхай ухаж байгаа компани ийм зүйл ярьж зүрхлэхгүй. Ажилчдаа цалинжуулах, орон нутгаас худалдан авалт хийх нь угаасаа бизнесийн энгийн нөхцөл шүү дээ. 7 мянган ажилчныг гаднаас авчрах нь тэдэнд хэтэрхий өртөгтэй тусна. Ажилчдын хоолны махыг импортоор оруулж ирвэл Парисын хамгийн үнэтэй рестораны үнээр хоолох болно. Тэд татвар төлөхгүйгээр дэлхийн аль нэг улсад уурхай ухах гээд үзэг л дээ, барах уу? Энэ бол “Би өдөр бүхэн хоол иддэг, та нарын төлөө л” гэж байгаагаас өөрцгүй тэнэг ятгалга юм.

 

Үнэндээ бол тайлангаас нь харахад зөвхөн 2019 онд гэхэд Зэсийн үйлдвэрлэл нь 45 800 тонн буюу 2018 оны нэгдүгээр улирлаас 18 хувиар өсөлттэй, алтны үйлдвэрлэл нь 120 мянган унци буюу 2018 оны нэгдүгээр улирлаас 187 хувиар өсөлттэй гарчээ. Жилийн 8 хувийн өсөлтийг сайн гэж үздэг, 17 хувийн өсөлтийг гайхамшиг гэж шагшдаг байхад 187 хувийн өсөлт үзүүлээд, тэгсэн хирнээ баялагийн эзэд нь дааж давшгүй өртэй хоцордог ийм бизнес, тийм тохиролцоо гэж байх уу?  Хамтдаа хожих, харилцан ашигтай байх гэдэг бизнесийн зарчим огт үйлчлэхгүй байгаа юм.

 

Гинжнээс салцгаая

 

Шинэ колоничлогчид биднийг үзэл суртлаараа ховсдон, өр зээлээрээ урхидаж, элдэв гэрээ хэлцлээрээ туйлдуулж, гинжлэн баглажээ. Үндэстнүүдэд өөрсдийнх нь эрх ашгаас дээгүүр зүйл байх ёсгүйг дэлхий дахины түүх хэдэн мянган удаа нотолсон юм. Монголчуудын сайн сайхны төлөө зүтгэх үндэстэн дэлхий дээр монголчуудаас өөр байхгүй гэдэг хатуу үнэнг ухаарцгаая. Үндэснийхээ төлөө тэмцсэн болгоныг “популист”, “баялгийн үндэсний үзэлтэн” гэх мэт нэр хоч өгөн дайран доромжлох, шантаажлах ажлыг гадны гар хөл бологсод эздийнхээ мөнгөөр тултал нь хийж ирлээ. Унгар орноо сэргээн мандуулсан Виктор Орбанд тэд бүх муу муухай нэр хочийг өгч, мохоохоор дайрч байсан. Тэр сөрсөн, ялсан, тэр үндэстнээ аварсан.

 

Монголыг хүлж багласан колоничлолын гинжнээс бид эрс өөрчлөлтөөр л салж чадна. Элдэв тайлбар, шалтаг тоочоод суугаад байвал юу ч өөрчлөгдөхгүй. Үүнийг колоничлолын гинжийг тасар татсан Унгарын туршлага харуулж байна. Өөрсдийнхөө төлөө, бидний үр хүүхэд, бас тэдний хүүхдүүд элбэг хангалуун, эрх чөлөөтэй, сайн сайхан амьдралд хүрэхийн төлөө одоо л бид хөдлөхгүй бол дууслаа. Үүрдийн боол байх тавиланд биднийг унагажээ.

 

Марксын маягаар илэрхийлбэл Бидэнд гинжнээсээ өөр алдах зүйл байхгүй. Олохдоо үндэсний баялгаа, эдийн засгийн эрх чөлөөгөө, бүх нийтийн амьдрал сайжрах боломжоо л олох болно. Үүний тулд юу хийх ёстой вэ?

 

Үргэлжлэл бий...

Прагматик улс төр судлаач, Х.Болор-Эрдэнэ

 

Shuud.mn
Сонин хачин
Жаргал:
Үргэлжлэлийг хүлээж байна олон хүн уншаасай
2020-03-14
Баясах.Ж:
Сайн материал байна!
2020-03-13
Ж.Баясах:
Ёстой хэрэгтэй материал байна!
2020-03-13
Баясах.Ж:
Сайн материал байна!
ИРГЭН:
БҮГДИЙГ ХУЛГАЙЛАХАД ЖИНХЭНЭ БУЛАЙ ХУЛГАЙЧ БУЮУ ЭДИЙН ЗАСГИЙН АЛУУРЧИН НЬ УРЬДНЫ ХУЛГАЙГАА ОР ТАС МАРТААД, ШУДРАГА ТЭМЦЭГЧ БОЛЖ ЖҮЖИГ ТАВИХАД ХАНГАЛТТАЙ.
2020-01-08
tugs:
Бусдыг буруутгах ч яах вэ, манайхны ганц чаддаг ажил, гэхдээ судлаачийн хэлснээр бид бас өөрөөсөө өө хайх хэрэгтэй байх аа...
2020-01-07
иргэд олон түмэн:
ХЗДХ-ийн Яам ийм сайдтай байхад хууль ёс яаж хэрэгжих билээ,мөн ч их ярьлаа залхаж байна,шийдвэртэй арга хэмжээ авах цаг болж
2020-01-07
Зочин:
Хятад, Орос гэж 2 хахуулын орон байгаа цагт Монголын улстөрчдөд хахууль өгөөд илчлэх бол сүрдүүлнэ гээд сууж байгаа цагт өөдлөхгүй. МАН, АН гэсэн хахуулын тулам болсон 2 намаас салж байж байдал өөр болох байх. Салхитын мөнгөний ордын авлига Хятадын 2 компании хоорондын зөрчлөөс болж илэрсэн шүү дээ. МАН, АН 2 авлигад авсан мөнгөөрөө 30 жил ядуу иргэдийнхээ саналыг худалдаж луйвардан төрийн эрхийг хууль бусаар авч эдийн засгийн луйварчдад буян үйлдсэн шүү дээ. МАН, АН 2 үүнийхээ төлөө 20 онд шангаа хүртэх цаг нь болсон.
2020-01-07
Зочин:
За за.
2020-01-07
Зочин:
Баярлалаа доктороо??? Маш судалгаа логик дүгнэлттэй бичсэн байна. Сулаач эрдэмтэн хүн ийм л байх ёстой. Манай удирдагчид- эдийн засгийн алуурчдын гар хөл бологсод үүнийг ойлгох болов уу? Одоо 20 оны сонголт үлдлээ. Иргэд 4 жил хоосон хонодог ч байсан МАН-АН-ы эдийн засгийн луйварчдын гар хөл бологчдоос салах ёстой. Шуналтай хүмүүсийг гаргавал дахиад л дахииад л эдийн засгийн алуурчдын гарт орно. Сана Бүү март. Чингис хаан байсан бол эдийн засгийн алуурчид байна гэж өглөө бүр надад сануулж бай гэж хэлэх байсан биз ээ??????
2020-01-07
зочин:
За да бид нар ч 3 дагч хөрш Япон Герман Aмериk эн тэр гээд нэмэргүй Oрос Xятад 2-оос өөр сонголтгүй аймшигт он жилүүд нөмөрч байна бна да. Монголын уул уурхайн баялаг нүүрс уран зэсийг зөвхөн Oросуудад эзэмшүүлэх геополитиkийн дайн эхлээд удаж байгаа. Женkoeв Xалтмаев Баттулгыг асуудал гаргах бүрд олны анхааралыг сарниулах зорилгоор бичсэн ядмагхан нийтлэл байна.
2020-01-06
Зочин:
За за.
irgen:
hamgiin novshiin gurvan oron l baina shdee, mongoliin tord uhaalag hymyysiig songoj baihgui bol neg l medehed gadniihand ginjlyylne
2020-01-06
Болор-Эрдэнэ оросын троллд:
Саарал жагсаалтаас Хятад холбоотон Пакистан улсаа хамгаалаад үлдсэн бол орос холбоотон Монголын эсрэг санал өгсөн шүү Энэ нийтлэлд оросыг дурдаагүй байна Америк Монголын эсрэг санал өгөх нь аргагүй шүү дээ Америкийн дайсан умард Солонгост МИГ 21 ийн мотор зарсан Дипломат албаныхан хар тамхины хийгээд баригдана Хулгайчууд мөнгө угаана яахийн Гол нь орос Монголын эсрэг саналаа өгсөнд маш гомдолтой байна
2020-01-06
Mongol:
Zoo zo
2020-01-06
bayarlalaa mash uneniig bichsen bna
2020-01-06