Тэтгэврийн зээлгүй 176 мянган ахмадад нэг удаа сая төгрөг олгохыг шаардав

Тэтгэврийн зээлийг тэглэх асуудалтай холбогдуулан МАХН-аас өнөөдөр /2020.01.06/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.
Тус намын ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга "МАХН 2019 онд "Өргүй монгол" үндэсний хөтөлбөрийг улс орон даяар хэрэгжүүлж өрийн дарамттай иргэдтэй уулзаж, судалгаа гаргасан. Улмаар ипотекийн 8 хувийн зээлийн хүүг тэглэх, зээлийн хүүг үндсэн зээлийн төлбөрт тооцох, цалингийн зээлийн хүүг тэглэх, малчдын зээлийн хүүг тэглэх, эдгээр тэглэсэн зээлийн хүүгийн төлбөрийг нэгтгэн тооцож төр засгаас арилжааны банкуудад нэг удаа нөхөн олгохыг шаардаж байсан.
2019-2020 онд шилжих үед Ерөнхийлөгч Х.Баттулга хэлсэн мэндчилгээндээ хөгшчүүдийн тэтгэврийн зээлийг нэг удаа тэглэх нь зүйтэй гэсэн. МАХН өрийн дарамтаас чөлөөлөх ерөнхийлөгчийн санаачлагыг талархан хүлээж авч байгаа. Аливаа асуудлыг цогцоор нь шийдэх нь чухал. Аль нэг хэсгийг тайрч аваад шийдэх нь буруу үр дүн гаргах эрсдэлтэй байдаг. Өр, зээлийн асуудал зөвхөн ахмадуудад тулгамдаад буй биш нийт ард иргэдэд тулгамдаж байгаа асуудал тул ипотекийн болон цалингийн, малчны зээлийн хүүг ч нэг удаа тэглэх бүрэн бололцоотой гэсэн судалгааг бид гаргаад байна" гэлээ.

Мөн тус намын зүгээс тэтгэврийн зээл авсан ахмадуудад үзүүлж буй дэмжлэгийн жишгээр зээл аваагүй 176 мянга орчим ахмадад нэг удаагийн тус бүр нэг сая төгрөгийн урамшуулал олгох асуудлыг хамтад нь шийдвэрлэх, тэтгэврийн зээлийг үргэлжлүүлэн хүүгүй олгохыг шаардав.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ