ҮАБЗ болоод Засгийн газрын тогтворгүй араншин

img

Тавантолгойг ташуурдах холын шаардлага бий ч, туших ойрын хэрэгцээ мөн л байгаа бололтой, улстөрчдөд. Хэлж ярьсанаа болоод хүлээсэн үүргээ хэрхэн ажил болгож буй талаар Ерөнхий сайдын тайлагнаснаас үзэхэд Тавантолгой ордыг эргэлтэд оруулах асуудал ном журмын дагуу хэвийн явагдаж байна гэж ойлгогдохоор.

Тэрбээр “онцгой анхаарал хандуулж ажиллаж байгаа бас нэг төсөл нь Тавантолгойн нүүрсний орд” гэдгийг давтан мэдэгдээд УИХ-аас Тавантолгойн орд газрыг ашиглалтад оруулах хоёр тогтоол баталж, удирдамж өгсөний дагуу уг орд газарт төрийн өмчит Эрдэнэс Тавантолгой компани олборлолтоо эхэлж, төсөв, Хүний хөгжлийн санд 116 тэрбум төгрөгийг төвлөрүүлсэн.

Энэ ондоо багтаан 1 сая тонн, ирэх онд 3-4 сая тонн нүүрс экспортлох зорилт тавин ажиллаж байна. “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх ажлыг 2011 оны 3 дугаар сард хэрэгжүүлж, иргэн бүр 536 ширхэг хувьцааны эзэн болж,гадаад, дотоодын хөрөнгийн зах зээлд хувьцааг арилжих бэлтгэл ажлыг эхлүүлээд байна.

УИХ-ын 2010 оны 39 дүгээр тогтоолд хөрөнгө оруулагчдын дунд сонгон шалгаруулалт явуулж, нэгдсэн консорциумтай хэлэлцээ хийж, дамжин өнгөрөх тээвэр, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэл, урьдчилгаа төлбөр зэрэг асуудлыг тохиролцох үүрэг өгсний дагуу ажиллаж байна.

Цанхийн баруун хэсгийн талбайд гадаадын хөрөнгө оруулагчийг сонгон шалгаруулах хэлэлцээр хийгдэж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд танилцуулан санал зөвлөмжийг авсан. Яриа хэлэлцээ үргэлжлэн явагдаж байна” хэмээн мэдэгдлээ.

Тэгвэл бодит байдал дээр асуудал хэрхэн өрнөж байна вэ гэдэг асуулт гарч ирнэ. Засгийн газраас байгуулагдсан Ажлын хэсэг хэлэлцээрийн явцад БНХАУ-ын Шинхуа групп 40, АНУ-ын Пибоди 24, Орос-Монголын хамтарсан консерциум 36 хувийг хамтран эзэмшихээр болсон талаар мэдээлэх үед Монгол Улсын Ерөнхий Сайд С.Батболд ҮАБЗ-өөс өгсөн зөвлөмж болоод УИХ-аас баталж өгсөн хоёр тогтоолыг хатуу удирдлага болгон ажилласан гэж хэвлэлийнхэнд хэлж байсан билээ.

Хэрэв тэгж хатуу удирдлага болгон ажилласан юм бол ҮАБЗ Тавантолгойн хөрөнгө оруулалтын гэрээний төслийг дараа нь буцаах болсон учир юу вэ. Өдийд яриа хэлэлцээ үргэлжлэн явагдаж байна, 39 дүгээр тогтоолын дагуу нэгдсэн консорциумтай хэлэлцээ хийж тохиролцохын төлөө ажиллаж байна гэсэн үгс Ерөнхий сайдын амнаас унаж байх учиртайсан бил үү.

Зөвлөмж болоод хоёр тогтоолыг хатуу удирдлага болгон ажилласандаа Ерөнхий сайдын сэтгэл нэн хангалуун байтал Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл ҮАБЗ дээр бүдрэхийн учир юу билээ. Нөгөө талаас хатуу удирдлага болгосон зөвлөмж, тогтоолуудад асуудал байна уу. Тухайлбал, нэгдсэн консорциумтай гэрээ байгуулах ёстой гэж зөвлөсөн мөртлөө стратегийн орд дээр хоёр хөрш болоод бусад гуравдагч хөршүүдийнхээ сонирхол, оролцооны тэнцвэрийг хангах учиртай гэсэн агуулгатай зөвлөгөөг ҮАБЗ-өөс үзэглэн гаргасны цаад учир юу байв?

Өдгөө сонгууль угтсан 2011 онд Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулах нь ерөөс цагаа олоогүй хэрэг буюу тавилттай жүжиг үү гэхчлэн анхаарал татсан асуултууд ч гарах юм.

Уг нь энэ ордыг эргэлтэд оруулах улстөрчдийн алхмууд 2008 оноос илүү даацтай болсон гэж болно. УИХ-ын 40 дүгээр тогтоолоор Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах үндсэн зарчим, удирдамжийг баталсны дагуу тухайн оны арванхоёрдугаар сард Ерөнхий сайдын захирамж гарч Ажлын хэсэг байгуулагдаж байв. Энэ нь гурван жилийн өмнөх.

Харин таван сайдаас бүрдсэн Засгийн газрын Ажлын хэсэг болоод Эрдэнэс МГЛ, ТӨХ-ны төлөөллүүдтэй нийлэн нягтарсан том Ажлын хэсэг нийт 33 удаа хуралдсаны эцэст Тавантолгойн стратегийн хөрөнгө оруулагчдыг тодруулсанаа албан ёсоор мэдэгдсэн нь энэ оны долдугаар сарын 4-ний өдөр буюу гурван жилийн дараах билээ.

Гэхдээ ийм мэдээлэл бидэнд ирэх хүртэлх хугацаанд Тавантолгойн асуудал ихээхэн замыг туулсан.

Өнгөрөгч оны 3, 4 дүгээр сард Тавантолгойн нүүрсний ордыг хамтарч ашиглах асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцэж, хөрөнгө оруулагчтай хэлэлцээ хийж, гэрээний төсөл боловсруулах үүрэгтэй Ажлын хэсгийн бүрэлдэхүүнийг дахин шинэчлэн баталсан. Шинэчлэгдсэн Ажлын хэсэг “Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах зарим асуудлын тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл, Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл, Хөрөнгө оруулалтын гэрээний төсөл, Нүүрс олборлолтын гэрээний төсөл, Таван толгойн нүүрсний ордод хөрөнгө оруулж хамтран ажиллах компанийг сонгох урьдчилсан шалгаруулалтын баримт бичгийн төсөл болон бусад материалыг боловсруулсан. Түүнчлэн ордыг ашиглахтай холбогдсон баримт бичгийн төслүүдийг Засгийн газрын мөн оны дөрөвдүгээр сарын 21-ний өдрийн хуралдаанаар хэлэлцэн дэмжээд Үндэсний аюулгүй байдлын Зөвлөлд танилцуулахаар хүргүүлж байсан. Засгийн газар төсөлд Тавантолгойн ордын ашиглалтын тусгай зөвшөөрлийг төр 100 хувь өөрийнхөө мэдэлд хадгална гэсэн саналаа тусгаад хүргүүлж байсан билээ.

Үндэсний аюулгүй байдлын зөвлөл засгийн тэрхүү саналыг дэмжсэний сацуу Зөвлөмж гаргасан юм. Зөвлөмжид: Тусгай зөвшөөрөл эзэмшигч төрийн өмчит компанийн хувьцааг цаашид Монгол Улсын иргэд, аж ахуйн нэгжид эзэмшүүлэх асуудлыг хууль тогтоомжийн дагуу үе шаттайгаар хэрэгжүүлэх нь зүйтэй.

Тавантолгой ордыг ашиглахдаа нүүрсний нөөц, олборлолтын нөхцөлийг нь харгалзан үзэн тодорхой хэсгүүдэд хуваах, ордын аль нэг хэсэг талбайг хөрөнгө оруулагчтай хамтран ашиглах, дамжин өнгөрөх тээвэр, үнэ тарифийн асуудлаар хөрш орнуудтай хэлэлцээр хийх, тодорхой улс орнуудад угтуулан тавих нөхцөлийг боловсруулах, орд ашиглах, үйлдвэр, зам, дэд бүтцийн барилга байгууламж барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандарт баримтлах, дотоодын аж ахуйн нэгжүүдийг төслийн үйл ажиллагаанд оролцуулах, Монголчуудыг ажлын байраар хангах, монголд үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнийг тэргүүн ээлжинд хэрэглэх, нийлүүлэх зэрэг асуудлыг хэрэгжүүлж ажиллахыг тусгасан. Тухайлан хүргэвэл:

-Урьдчилсан сонгон шалгаруулалт, яриа хэлэлцээг улс орны хөгжлийн гадаад таатай орчинг бүрдүүлэх, улс төр, эдийн засгийн тэнцвэртэй харилцааг бэхжүүлэхэд чиглүүлэх.

-Хөрөнгө оруулагчдын туршлага, санхүүгийн чадвар, байгаль орчинд ээлтэй технологи, нөхөн сэргээлтийн төлөвлөгөө, стандарт, бүс нутгийн дэд бүтэц, усны хайгуул, ашиглалт, бүтээгдэхүүний үнэ, зах зээл, нийгмийн хариуцлагатай үйл ажиллагаа явуулах санал зэрэг шалгуур үзүүлэлтээр шалгаруулах.

-Хот төлөвлөлт, ордыг түшиглэсэн үйлдвэр, барилга байгууламж, дэд бүтэц, зам, тоног төхөөрөмжийг барьж байгуулах, ашиглахад олон улсын жишиг стандарт /Европын холбоо/-ыг баримтлан үндэсний үйлдвэрлэлийг дэмжих бодлоготой уялдуулж, Монгол Улсын иргэдийг ажлын байраар хангах.

Мөн Тавантолгойн ордыг ашиглах сонгон шалгаруулалтад гадаадын аж ахуйн нэгжийг оролцуулах бол нэг компани буюу консорциум гэсэн зарчим баримталж, яриа хэлэлцээрийн дүнг ҮАБЗ-д урьдчилан танилцуулах гэхчлэн зөвлөмжийг өгсөн. Мөн ҮАБЗ зөвлөмжөөс гадна тэмдэглэл гаргасан.

Тэмдэглэлд: Өнгөрсөн хугацаанд болон цаашид Тавантолгойг сонирхсон гадаадын хөрөнгө оруулагчидтай хийсэн уулзалт, ярианы тэмдэглэл, саналыг Засгийн газар, ҮАБЗ-д танилцуулж хувийн хэрэг үүсгэж ажлын хэрэгцээнд ашиглаж байх, …Монгол Улсын Засгийн газраас ордыг ашиглах үзэл баримтлалыг УИХ-д танилцуулах баримт бичигт ҮАБЗ-ийн зөвлөмжийн заалт, чиглэлийг тодруулан тусгаж, ҮАБЗ-ийн ажлын албаны болон шинжээчдийн санал дүгнэлтийг тухай бүр харгалзан хэлэлцэж байх, …Тавантолгойн уурхайн ашиглалт, дэд бүтэц барьж байгуулах асуудлыг “Өмнийн говь” төсөлтэй уялдуулан УИХ-д оруулах гэсэн асуудлуудыг тусгасан юм.

Энэ зөвлөмжийн дагуу Засгийн газар Тавантолгойн ордыг ашиглах үзэл баримтлалыг гаргаж УИХ долоодугаар сарын 7-ны өдөр Тавантолгойн нүүрсний ордыг ашиглах тухай УИХ-ын 39 дүгээр тогтоол батлагдсан. Тогтоолд Тавантолгойн ордыг төрийн өмчит “Эрдэнэс MGL”-ийн охин компани болох “Эрдэнэс Тавантолгой” компани 100 хувь эзэмшихээр тусгасан бөгөөд хувьцааны 10 хувийг ард түмэндээ үнэгүй эзэмшүүлж, 10 хувийг үндэсний аж ахуйн нэгжүүдэд нэрлэсэн үнээр, 30 хувийг гадаад, дотоодын бирж дээр гаргаж, нөгөө 50 хувийн хувьцааг нь хадгалж байхаар тусгасан.

Тэгвэл өдгөө ҮАБЗ-ийн зөвлөмж болоод 39 дүгээр тогтоол аль аль нь зөрчигдсөн тухай ярьж буй. Эхэнд өгүүлсэн Ерөнхий сайдын мэдээллээс харахад “Эрдэнэс-Тавантолгой” ХК-ийн хувьцааны 10 хувийг Монгол Улсын иргэнд эзэмшүүлэх ажлынхаа талаар ярьсан байгаа. 39 дүгээр тогтоолд заасанчлан Үндэсний аж ахуй нэгжид оногдох 10 хувийн тухай юу ч яриагүй. Тэгэхдээ иргэн бүрт 1072 ширхэг хувьцаа эзэмшүүлж, харин аж ахуйн нэгжид хувьцаа олгохгүй байх талаар хуулийн төслийг Я.Батсуурь, Б.Батбаяр нарын гишүүд санаачлан боловсруулж, мөн 39 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах тухай тогтоолын төслийг УИХ-д өргөн барьсан гэдгийг энд сануулах нь зөв биз ээ.

Нэг ёсондоо УИХ-ын баталсан тогтоолыг өөрчлүүлэхээр Засгийн газар бус УИХ-ын гишүүд нь өөрсдөө зүтгэж эхэлсэн гэсэн үг.

ҮАБЗ-ийн зөвлөмжтэй холбоотойгоор өгүүлэхэд “Тавантолгойн ордыг ашиглах сонгон шалгаруулалтад гадаадын аж ахуйн нэгжийг оролцуулах бол нэг компани буюу консорциум гэсэн зарчим баримтална” гэж тусгасан. Тэгэхээр Засгийн газрын дээрх шалгаруулалтаас харахад Монгол, Хятад, Орос, Америк гэсэн дөрвөн тал орж ирэхээр шийдвэрлэгдсэн байсан. Тэдгээр нь тус тусдаа 3 консорциум мэт ойлголт хэнд ч төрж байсан. Тиймээс ч ҮАБЗ-ийн зөвлөмж, болоод УИХ-ын 39 дүгээр тогтоолд заасан “нэг консорциум” гэдэг ойлголтоос хол байсан.

Мөн Гадаадын аль нэг орноос хийгдэх хөрөнгө оруулалтын хувь, хэмжээг гадаадын нийт хөрөнгө оруулалтын гуравны нэгээс хэтрэхгүй байлгах бодлого баримтлах тухай... Стратегийн ач холбогдолтой салбарт хөрш орон, өндөр хөгжилтэй бусад орноос оруулах хөрөнгө оруулалтын хэмжээг тэнцвэртэй байлгах бодлого баримтлах тухай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалтай зөрчилдсөн дүн байсан.

ҮАБЗ-ийн шинжээч Б.Алтан-Очир хэвлэлд “-Энэ гэрээний агуулгыг үзэхээр хариуцлагагүй зүйл заалт олон байна. ҮАБЗ-ийн зөвлөмж, тэмдэглэл, УИХ-ын 39 дүгээр тогтоолын агуулгаас орхигдсон зүйл маш олон байна. Тухайлбал, Баруун Цанхид байгуулагдах гэж байгаа консорциумд нь Хятадын “Шинхуа” групп 40 хувь, АНУ-ын “Пибоди” 24 хувь, Монголын тал 18, Оросын тал 18 хувь гэж ярьж, бичээд байгаа ч тэр талаар нэг ч үг үсэг байхгүй. Монгол нь нэг хувийг эзэмших юм уу, 0,5 хувь юм уу, эсвэл бүр 30 хувь юм уу гэдэг нь оруулж ирсэн гэрээний төсөлд байхгүй байгаа. Энэ мэтчилэн зөрчилтэй, дутуу юм олон бий” хэмээн ярьсан байгаа юм.

Харин Ерөнхий сайд шалгаруулалтын дүн ил болсоны дараа “...Монгол Улс Тавантолгойг өмчийн эзэн шиг шийдэж байгаа. Харин үүнийг зарим нэг хүмүүс санаатайгаар ард түмэнд буруу ойлгуулах гэж оролдож байх шиг байна. Бодит байдал гэвэл Тавантолгой орд газар түүний лиценз эзэмшил бүгд 100 хувь Монгол Улсын мэдэлд, Монгол төрийн мэдэлд, Монголын ард түмний мэдэлд байгаа. Өөр хэнд ч очихгүй. Хэнд ч эрх нь шилжихгүй... Баруун цанхи дээр нь 30 жилийн гэрээгээр бидэнтэй харилцаатай гол стратегийн түншлэгч орнуудынхаа төлөөллийг оролцуулсан консорциумыг УИХ-ын тогтоолын дагуу шалгаруулаад явж байна. Олборлолтыг нь хийлгээд, борлуулалтыг нь хийлгээд ажиллуулна. Дахин хэлэхэд лиценз шилжихгүй...” хэмээн ярьж байсан.

Тэгэхээр шаардлага хангаагүй хөрөнгө оруулалтын гэрээний төсөлтэй холбоотойгоор яригдах зүйл цөөнгүй бий. Ерөөс Засгийн газар гэлтгүй ҮАБЗ болоод УИХ –д ч асуудал байна. Анхнаасаа “нэг консорциум” гэдгийг ямар агуулгаар зөвлөв. Ямар агуулгаар тогтоолд тусгаж батлав гэдэг нь өнгөрсөн хугацаанд хэвлэлийнхний анхаарлыг татаж ирсэн. Өдгөө Тавантолгойн хэлэлцээр дахин үргэлжилж байгаа энэ үед дахин асууя.

Хятадын “Шинхуа”, АНУ-ын “Пибоди”, гэнэтхэн нэг консорциум болчихсон байсан Орос, Монголын хамтарсан баг, тэгээд гомдол мэдүүлээд дуусахгүй байгаа Япон, Солонгосчуудыг нийлүүлсэн нэг консорциум шинээр нэгдэн “нэг консорциум” байгуулагдахаас өмнө үүнийгээ тодорхой болгох ёстой биш үү. Гол нь тус тусдаа улс орныхоо засгийн ашиг сонирхлыг хэрэгжүүлэхээр орж ирж байгаа компаниудыг хэтэвчээ нэгтгэ гэж тулгах чадамж бидэнд бий бил үү. ҮАБЗ-ийн гишүүд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурвын гараар дамжин гарсан зөвлөмж, тэмдэглэл нэг консорциум гэдгийг юуны төлөө гаргасан юм бэ? Тавантолгойг туших гэж үү. Зориуд мэдсээр байж цоорхой гаргачихаад түүгээрээ тоглоод байгаа юм уу?

Э.Болор

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

teneg mongolchuud hohy ny shuu dee. 76 teneg luivarchidaa uursduu songoo biz dee.Deer ny C.Bayar hamtarsan dampuurliin zasgiin gazar baiguulj undsen huulia zurchuud......
2011-10-11
ezengui turtei uls baina.Ezleed avcgaa gadaadiin bayachuud aa???????????? Ard tunen ny ih nomhon yum hyatad, solongosuudaas uhtlee aina,eh orondoo gadaadiinhand deerelhuuleed suuj baidag iim uls uur baidag bolov uu????????? turgen ezlecgee, darga nart hahuul uguud guicee,uur asuudal baihgui.
2011-10-11
ЭНЭ УЛС МӨХӨХ НЬ ЭЭ... НЭГ Ч ГЭСЭН ЮМ ХИЙ Л ДЭЭ ТА НАР... МОНГОЛ ТҮМНИЙ БААТАР БОЛООЧ ДЭЭ ТА НАР МИНЬ НЭГ НЬ Ч ГЭСЭН...
2011-10-11
ezengui turtei uls baina.Ezleed avcgaa gadaadiin bayachuud aa???????????? Ard tunen ny ih nomhon yum hyatad, solongosuudaas uhtlee aina,eh orondoo gadaadiinhand deerelhuuleed suuj baidag iim uls uur baidag bolov uu????????? turgen ezlecgee, darga nart hahuul uguud guicee,uur asuudal baihgui.