"Ахмадууд тэтгэврийн зээлийг тэглэх биш зөрүүг арилгахыг хүсч байна"
Монголын ахмадын холбооноос өндөр настнуудын тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн талаар мэдээлэл /2020.01.07/ хийлээ.

Монголын ахмадын холбооны ерөнхийлөгч Ц.Сүхбаатар "Сүүлийн дөрвөн жилд 15 мянган ахмад настан нас барсан. Жил бүр 4-5 ахмад настан нас барж байна. Тэд тэтгэврийн зөрүүг авахын төлөө төр засгаасаа гуйж, хүсэлт гаргасаар авч чадалгүй насан өөд болж байна. Тиймээс Монголын ахмадын холбоо өнгөрсөн жил төрийн өндөрлөгүүдэд мэдэгдэл хүргүүлж 70 ба түүнээс дээш настай ахмадуудын тэтгэврийн зөрүүг арилгаад бурхны оронд сэтгэл амар буцаах санал тавьсан. Гэвч хэн нь ч хариу өгөөгүй. Гэтэл гэнэтхэн тэтгэврийн зээлийг тэглэнэ гэхээр зөрүүг арилгана хэмээн итгэж хүлээж суусан ахмадууд санал нийлэхгүй хүлээж авах нь аргагүй. Тийм учраас нийт ахмадуудын дуу хоолой болж ажиллах үүрэгтэй байгууллагын хувьд тэтгэврийн зээлийг тэглэх арга хэмжээг буруу гэж үзэхгүй байна. Гэвч гарч болох эерэг, сөрөг үр дагаврыг нухацтай авч үзэхийг хүсч байна.
Нэгдүгээрт: Зээлийг тэглэх нь зөвхөн "гал унтраасан" арга хэмжээ. Зээлтэй ахмадуудын зээлийг төлж буй нь чухал ч нэгдсэн бодлогоор ахмадуудын тэтгэврийн хэмжээг нэмэгдүүлэх, зөрүүг арилгахад бодитой арга хэмжээ авах нь чухал.
Хоёрдугаарт: Монголбанк тэтгэврийг зээл болгон хувиргаж тэтгэвэр барьцаалсан зээлээр мөнгө хүүлж асар их хэмжээний ашиг олсон. Сүүлийн хэдэн жилд 2-3 их наяд төгрөгийн ашиг олсон гэж үзэж байгаа. Өөрөөр хэлбэл зээл өгөөд хүүг нь бөөнд нь эхлээд авчихдаг банк гэж байдаг юм уу. Энэ бол зээл биш тэтгэврээ урьдчилаад хүүтэй өгчихөөд буцаан төлж буй зарчим гэж ахмадууд үзэж байна.
Гуравдугаарт: Зөвхөн зээл тэглэх биш цаашид ахмадуудын тэтгэврийн зөрүүний асуудлыг арилгахад алхам хийх хэрэгтэй. Бидний тооцоогоор 70-аас дээш насны 78 орчим мянган ахмад байна. Эдгээрт тэтгэврийн зөрүүд сард 150 мянган төгрөг бодоод өгчихөд жилд 140 тэрбум төгрөг зарцуулагдана" гэдгийг онцлов.
Мөн тус холбооны зүгээс тэтгэврийг 3-6 сарын хугацаагаар хүүгүй урьдчилан олгодог системд шилжүүлэх шаардлагатай гэж үзэж буйгаа хэллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ