Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийг Цагаан сарын өмнө өг

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн С.Жавхлан:
-Ахмадуудынхаа тэтгэврийн зээлийг тэглэх гэж байгаа нь зөв. Жавхлангийн товчлуур дэмжсэн дээр гарна. Та бүхэн өнөөдөр биш төрд гарсныхаа дараа шийдвэрлэсэн бол болох байлаа. Төрийн өндөр албан тушаалыг яаж Сонгуулийн хууль зөрчиж хийж болдгийг харуулж байна. Тэтгэврийн зээлийг тэглэсэнтэй холбогдуулан "Сонгон сонгон нэг цадна, сонгууль дөхөхөөр нэг цадна" гэж зүйр үг нэмэгдэж байна.
Ингээд Байнгын хорооны ажлын хэсэг болон гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналуудаар санал хураалт явуулж шийдвэрлэв. Тухайлбал, төслийн 1 дүгээр зүйлийн 1.1 дэх хэсгийн “төлбөрийг” гэснийг “төлбөрийн тодорхой хэсгийг” гэж өөрчлөх, 2.1 дэх хэсгийн “Төв банк (Монголбанк)-ны тухай хууль” гэсний дараа “Монгол Улсын Хөгжлийн банкны тухай хууль” гэж нэмэх, төслийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсгийн “хүртэлх” гэснийг “дуустал” гэж өөрчлөхөөр болов. Мөн төслийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийг “Тэтгэвэр авагч нь 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусахаас өмнө тэтгэвэр барьцаалсан зээл авч, зээлийн төлбөрөө барагдуулж байх хугацаандаа нас барсан, зээлийн гэрээний үүрэг нь дуусгавар болоогүй бол түүний зээлийн үлдэгдэл төлбөрийг энэ хуулийн үйлчилгээнд хамруулна” гэж өөрчлөн найруулахаар тогтов.
Түүнчлэн төсөлд “Энэ хуулийн 4.1, 4.2-т хамаарах зээлдэгчийн зургаан сая, түүнээс доош зээлийн төлбөрийг төлөх бөгөөд үлдэгдэл зээлийн төлбөрийг зээлдэгч өөрөө хариуцна” гэсэн агуулгатай 4.4 дэх хэсэг нэмэх, төслийн 5.1 дэх хэсгийг “Төрийн өмчит Эрдэнэс Монгол ХХК өөрийн охин компани Салхитын мөнгө, алтны ордын эдийн засгийн эргэлтэд оруулсан орлогыг барьцаалан үнэт цаас гаргана” гэж, төслийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсгийг “Энэ хуулийн хэрэгжилтийг Монгол Улсын Засгийн газар 2021 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн дотор Улсын Их Хуралд танилцуулна” гэж тус тус өөрчлөн найруулахыг дэмжлээ. Мөн хуулийн төслийн анхны хэлэлцүүлэгтэй холбогдуулан гишүүдээс бичгээр гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллоор санал хураалт явуулж шийдвэрлэсэн юм.
Ингээд хуулийн төслийг эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр холбогдох Байнгын хороодод шилжүүлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөлөө.
Тэтгэврийн зээлгүй иргэдэд нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сарын нэгнээс олгоно
19:30 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх төслийг хэлэлцэж байгаатай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
-Зээл тэглэх асуудлыг Цагаан сарын өмнө шийднэ гэж байгааг дэмжиж байна. Үүний хажуугаар 194 мянган иргэнд нэг сая төгрөгийн үнэт цаасыг 2021 оны тавдугаар сард өгнө гэнэ. Нэгмөсөн бондоо босгоод нэг сая төгрөгөө Цагаан сарын өмнө өгөөд явах боломжийг харъя. Хамтад нь шийдээд явсан нь дээр.
УИХ-ын гишүүн Д.Оюунхорол:
-194 мянган иргэнд нэг сая төгрөг өгнө гэдэг нь 194 тэрбум төгрөг шаардлагатай.
УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат:
-Ирээдүйн орлогоор барьцаалж байгаа үнэт цаас тодорхойгүй байна. Салхитын мөнгөний ордын орлогыг яаж тооцоолж байна вэ? 194 мянган иргэнд компанийн үнэт цаас өгнө гэж байна. Өрийн бичиг юм уу, хувь эзэмших эрхийн бичиг юм уу? Үүнийг тавдугаар сарын нэгний дотор өгнө гэж ямар тооцоолол хийсэн юм бэ? Эхлээд ахмадуудын зээлийг шийдэж байгааг эсэргүүцэж байгаа зүйлгүй.
УИХ-ын гишүүн Я.Содбаатар:
-Салхитын ордын ашгийн орлогыг барьцаалж байж, 194 мянган ахмадад үнэт цаас хэлбэрээр нэг сая төгрөгийн эрх олгоно. Энэ нь 2021 оны тавдугаар сарын нэгнээс олгоно.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир:
-Тэтгэврийн зээлгүй 194 мянган иргэндээ нэг сая төгрөгийг бэлнээр олговол эдийн засаг дийлэхгүй.
Г.Занданшатар: Талхаа таллаж авч байгаа хүмүүст тэтгэврийн зээл тэглэлт хүрнэ
18:50 цаг:
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийж байна. Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан гишүүд асуулт тавьж, хариулт авч байна.
УИХ-ын гишүүн О.Баасанхүү:
-Бид байгалийн баялгаараа тэтгэвэр тэглэх гээд байна уу, Салхитын мөнгөний ордоор тэтгэвэр тэглэх гээд байна уу. Хуулийн өмнө тэгш байлгаж өгөөч.
УИХ-ын дарга Г.Занданшатар:
-Зарим УИХ-ын гишүүд судалгаа тооцоогүй, сураг баримжаагаар ярьж байна. Гадаад худалдаа эдийн засагт ашигтай гарсан. Улстөрчдийн тооцоо судалгаагүй яриа эдийн засагт сөргөөр нөлөөлж байна. Эдийн засаг агшсан бодит байдалтай байгаа. Өнгөрсөн онд зээл 2018 онд 24 хувиар өссөн бол 2019 онд таван хувиар өссөн. Энэ мөнгө "Найман шарга" валютын зах дээр очихгүй. Талхаа таллаж, ургамлын тосоо граммлаж авч байгаа хүмүүст хүрч, эдийн засгаа тэлэх бодлого болно. Хамгийн бага эрсдэлтэй зээлийг хаагаад, зээл нэмж, эдийн засгаа тэлнэ. Банкуудад ашиггүй ч эдийн засагт ашигтай зүйл болно. Талхаа таллаж авч байгаа хүмүүсийн орлогыг л чөлөөлж байгаа. Тэгшитгэж мөнгө өгнө гэдэг хавтгайруулсан бодлого. 2017 онд 12 дугаар сард 63 тэрбум төгрөг, 2018 онд 69 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгож байсан. 2019 оны 12 дугаар сард тэтгэврийн зээл олголт 60 тэрбум хүрэхгүй байна. Гэтэл 2019 оны 12 дугаар сард 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгосон гэж ор үндэсгүй зүйл ярьж болохгүй.
УИХ-ын гишүүн, ШИНЭ намын дарга Ж.Батзандан:
-ШИНЭ намын тэтгэврийн зээлийг тэглэхийг өргөн утгаар нь дэмжиж байгаа. Ахмадуудыг ялгаварлалгүй, тэгш хүртээх хэрэгтэй. Хорвоо эргэдэг учир 2020 онд ямар улс төрийн хүчин төр барихыг та бид мэдэхгүй. Ганцхан өдрийн дотор 2 тэрбум төгрөгийн ваучер өгөхийн оронд 750 тэрбум төгрөгөө ахмадууддаа тэгш хуваарилах хэрэгтэй. Ийм учраас баялгийн тэгш бус хуваарилалт гэж ШИНЭ нам үзэж байна.
Чуулганы хуралдаан үргэлжилж байна.
Н.Энх
СЭТГЭГДЭЛ БИЧИХ