"Сайн карт"-аа гээгдүүлсэн бол ингэж нөхөж авна
Гэр хорооллын иргэдэд сайжруулсан түлш авах хяналтын “Сайн карт”-ыг үнэ төлбөргүй тараасан. Иргэд энэхүү картыг 2019 оны есдүгээр сараас эхлэн өөрийн харьяа хорооноос авсан бөгөөд сайжруулсан түлш худалдан авах бүрдээ тухайн цэг дээрх худалдагчид байх төхөөрөмжид давхар уншуулан долоон хоногт зургаан шуудайгаас илүүгүй түлш худалдан авч байна.
Гэвч зарим айл өрхүүд уг картыг хаяж, үрэгдүүлсэн шалтгаанаар түлш худалдан борлуулагч нартай маргаан дэгдээх явдал гарах болжээ.
Хэрэв та "Сайн карт"-аа гээсэн бол:
1. Хэрэглэгч та картаа үрэгдүүлсэн, гээгдүүлсэн тохиолдолд хэрэглэгчийн төв /70119400/-д хандаж картаа хаалгаарай
2. Чингис хаан банкны 3401004344 тоот дансанд шинэ картын төлбөр болох 3000 /гурван мянган төгрөг/ тушаана. Хүлээн авагчийн нэр: Таван толгойн түлш. Шилжүүлгийн утга: Овог, нэр, регистрийн дугаар бичнэ/
3. Таван толгой түлш ХХК-ийн төв оффис /Монгол улс, Уланбаатар хот, Чингэлтэй дүүрэг, 1-р хороо, Жигжиджавын гудамж 8, "Эрдэнэс Таван толгой" ХК-ийн Байр 121 тоотод байрлах "Мэдээллийн төв"-ийн ажилтанд мөнгө тушаасан банкны баримтыг үзүүлж шинэ картаа авах захиалга хийнэ.
4. Шинэ картыг захиалсан өдрөөс 3 хоногийн дараа Даваа, Лхагва, Баасан гарагт "Таван толгой түлш" ХХК-ийн төв оффисоос авна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ