Роухани: Онгоц сөнөөсөн нь уучилж болшгүй алдаа

Тегеранд осолдсон Украины онгоцны ослыг мөрдөн шалгахад шүүхийн тусгай хэсэг байгуулна гэж Ираны Ерөнхийлөгч Хасан Роухани мэдэгдлээ. Тэрбээр онгоцны сүйрлийг уучилж болшгүй алдаа гээд мөрдөн шалгалтын үр дүнг олон нийтэд зарлана хэмээн амласан байна. Мөн Иран улс хуулиар хүлээсэн бүхий л үүргээ биелүүлнэ хэмээн онцолжээ.
"Энэ бол уучилж болшгүй алдаа. Зэвсэгт хүчний зүгээс алдаагаа хүлээн зөвшөөрсөн нь эхний зөв алхам. Бид ийм хэрэг дахин давтагдахгүй гэдгийг олон нийтэд батлан харуулах ёстой. Украины онгоцны сүйрлийн нөхцөл байдлын талаарх хэргийг шалгах шүүхийн тусгай хэсгийг бид байгуулах ёстой " хэмээн Роухани мэдэгджээ.
Эргэн сануулахад, нэгдүгээр сарын найманд Украины зорчигч тээврийн онгоц Тегераны олон улсын нисэх буудлаас хөөрөөд хэдхэн мөчийн дараа сүйрсэн.Онгоцонд 176 хүн байсан бөгөөд бүгд амиа алдсан. Тэдний дунд хэд хэдэн орны иргэд байснаас ихэнх нь иранчууд байсан юм.
Ираны Зэвсэгт хүчин Украины онгоцны сүйрлийн хариуцлагыг өөр дээрээ авсан бөгөөд тус улсын агаараас эсэргүүцэн хамгаалах систем зорчигч тээврийн онгоцыг далавчит пуужинтай андууран, алдаа гаргаж, онгоцыг сөнөөсөн гэж нэгдүгээр сарын 11-ний өдөр мэдэгдсэн. Энэ хэрэгтэй холбоотойгоор мягмар гаригт хэд хэдэн этгээдийг баривчилжээ.
Онгоцны сүйрлээр амиа алдагсдын цогцосыг таних ажилд Канад оролцоно
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ