ВИДЕО: Гэр хорооллын зарим хэсэг рүү агаарын такси үйлчилнэ
Сүхбаатарын талбайд /2020.01.21/ нийслэлийн автозамын түгжрэлийг бууруулах, нийтийн тээврийг хөгжүүлэх цогц төслийг олон нийтэд танилцууллаа.

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын захирал, Нийслэлийн Иргэдийн Хурлын тэргүүлэгч Г.Төмөрбаатар "Нийслэлээс түгжрэлийг сааруулахаар олон ажил төлөвлөөд байна. Тэрний нэг нь парк шинэчлэлт. Үүнийг дагаад парк шинэчлэлт хийх автобус ямар байх вэ гэдэг асуудал гарч ирнэ. Дэлхий нийтээр эко, утаагүй, ая тухтай нөхцөлийг бүрдүүлсэн автобусны хэрэгцээ шаардлага үүсч байна.
Монголын нөхцөлд таарсан автобус авахын тулд бид БНХАУ-д угсарсан, Америк, Германы хамтарсан үйлдвэрийн 10 автобусны туршилтын арга хэмжээг явуулж байна. Энэхүү автобусыг оны өмнө импортоор оруулж ирсэн. Гурван сарын хугацаанд турших ёстой. Баттерей нь монголын цаг уурын нөхцөлд хэрхэхийг харна. Баттерейд 30 жилийн баталгаа өгч байгаа. Таван минут цэнэглээд 200 километр явах ёстой. Хүйтний нөхцөлд 100 гаруй километр явж байна.
Эдгээр автобуснуудыг Нийслэлийн хөгжлийн корпораци гэрээ хийж оруулж ирсэн. Автобус монголын нөхцөлд таарах эсэхийг шалгаад тохирохгүй бол автобусыг буцаана. Маргаашнаас төв шугамаар туршилтыг эхлүүлнэ" хэмээлээ.
Нийтийн тээврийн үйлчилгээг шинэчлэх, чанарыг сайжруулах төрөл хүртээмжийг нь нэмэгдүүлэх, автозамын түгжрэлийг бууруулах зорилгоор Улаанбаатар хотод агаарын дүүжин замын тээвэр төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж буй. Агаарын дүүжин тээврийг танилцуулах арга хэмжээ өнөөдөр /2020.01.21/ боллоо. Агаарын дүүжин тээврийн төслийн хүрээнд эхний ээлжинд Баянхошууны уулзвараас Ханын материал-3, 4-р хорооллын эцэс хүртэл чиглэлд 16 минутын зайтай, цагт 3000 зорчигч тээвэрлэх агаарын дүүжин зам буюу Cable car барихаар төлөвлөөд байгаа юм.

УИХ-ын гишүүн, ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ "Солонгос, Германы эрдэмтэдтэй НЗДТГ, ЗТХЯ-ныхан 5-6 сарын хугацаанд туршлага судалж хамтран ажиллалаа. Улмаар монгол улсад олон төрөлтөт тээврийг хөгжүүлснээр түгжрэлийг буууруулах боломжтой гэж харсан байна. Нэг үгээр хэлбэл гэр хорооллын зарим хэсгүүд рүү агаарын такси буюу дүүжин тээврээр яваад богино зайны эргэлтэд орох хүртэл дамжиж тээвэрлэгдэнэ. Агаарын дүүжин тээвэр аюулгүй байдлаасаа хамгийн найдвартай. Үүлнээс дээш уулын оргил дээр ч аялал жуулчлалын чиглэлд агаарын тээвэр хөгжиж байна. Үүнийг бид хийчихэж байгаа юм биш. Гурван улсын эрдэмтдийн шийдэл" гэлээ.
Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулахын тулд тусгай замын автобус явуулж эхлэх ажлыг төлөвлөж буй аж. Сурагчдын амралт эхэлсэн даруйд замын түгжрэл тодорхой хэмжээгээр буурч амралт дуусч хичээл эхлэнгүүт түгжрэл эргэн нэмэгдэж буй тул хүүхдийн, сургуулийн автобусыг тусгай замаар зорчуулахаар ярилцаж байгаа юм байна.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ