ЭМЯ-наас титэм вирусээр Монгол хүн өвчилсөн гэх мэдээллийг залрууллаа

Австрали улсын Мельбурн хотыг зорьсон 34 настай Монгол Улсын иргэнээс шинээр бүртгэгдсэн титэм вирусийн халдвар илэрсэн болох нь тогтоогдсон болохыг хоёр цагийн өмнө Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.
Гэсэн ч Австралийн эрүүл мэндийн газартай утсаар холбогдож тус мэдээллийг нягтлахад манай улсын иргэн шинэ титэм вирусийн халдвараар өвчлөөгүй. Тухайн нисдэг тэргэнд цуг зорчиж явсан БНХАУ-ын иргэн тус вирусийн халдвараар өвчилсөн бөгөөд лабораторийн шинжилгээний хариу эерэг гарсан тухай албан ёсны мэдээллийг хүргүүлжээ.
Энэ талаар Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга Б.Цогтбаатар "Иргэн М энэ сарын 19-нд БНХАУ-ын Гуанжу хотын Олон улсын нисэх онгоцны буудлаас Австралийн Мельбурн хотод очсон бөгөөд түүний зорчиж явсан онгоцонд титэм вирусийн халдвартай өөр улсын иргэн хамт явсан байна. Өөрөөр хэлбэл Монгол улсын иргэнээс өндөр халуурсан шинж тэмдэг илрээгүй. Харин нэг онгоцонд хамт зорчиж явсан БНХАУ-ын иргэнээс титэм вирусийн шинж тэмдэг илэрч нарийвчилсан шинжилгээгээр уг вирусээр халдварласан нь тогтоогдсон байна. Австрали улсын зүгээс тус иргэнтэй нэг онгоцонд зорчиж явсан бүх иргэдийн хуудсыг татан авч шалгасны дагуу манай улсад энэ талаар мэдээллэсэн. Тиймээс манай улсын иргэн халдвар аваагүй нэгдүгээр хавьталттай болох нь тогтоогдлоо" гэлээ.
Монгол улсын иргэн М энэ сарын 25-ны өдөр Хонконгоор дамжин Улаанбаатар хотноо ирсэн бөгөөд түүнийг ХӨСҮТ-д тусгаарлан тандалт судалгааг эхлүүлжээ. Уг иргэний биед ямар нэгэн зовиур байхгүй ч нарийвчилсан шинжилгээ хийн нягталж буй аж.
Дашрамд мэдээллэхэд БНХАУ-ын 106 хүн титэм вирусийн халдварын улмаас нас бараад байна. Тус вирусийн голомт гэгдэж буй Ухань хотод хүрэлцэн очиж хөлбөмбөгийн тэмцээнд оролцсон "Дэрэн" клубын тамирчин хүүхдүүдэд шинжилгээ хийхэд хариу нь сөрөг гарчээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ