Гадаадаас ирж буй иргэдийг хил дээр тусгаарлах асуудлыг ярьж байна
Улсын онцгой комиссын ээлжит бус хуралдаан өнөөдөр /2020.02.05/ боллоо.

ОБЕГ-ын дарга Т.Бадрал "Титэм вирусийн халдвар өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Хоногт нас барсан хүний тоо 60 гаруйгаар өсч байгаа. Иймд өвчний оргил үед дөхөж байна гэж ДЭМБ үзэж байна.
БНХАУ-д титэм вирусээс гадна H5N1 гэх шувууны томуугийн өвчин илэрсэн байгаа. Үүнтэй холбогдуулан Засгийн газраас тахианы мах болон тахиан махан бүтээгдэхүүнийг хориглох зайлшгүй шийдвэр гарч байна. Мөн хилийн боомтуудын асуудал байна. Замын-Үүд, Буянт-Ухаа, Шивээхүрэн, Гашуунсухайт боомтууд хаагдсанаар нөхцөл байдал хүндэрсэн.
Гадаад оронд байгаа Монгол Улсын иргэд эх орондоо ирэх хүсэлтээ илэрхийлсээр байна. Өчигдөр 360 иргэн эх орондоо ирсэн. Тиймээс хилийн боомтуудын халдвар, хамгааллын асуудал нэлээд ярвигтай болж эхэлж байна.
Гадаадад байгаа иргэдээ авах нь төрийн үүрэг. Гэхдээ орж ирж буй иргэдийг хил дээр тусгаарлах асуудал яригдаж байгаа. Одоогоор шинжилгээ хийгээд Улаанбаатар хот руу явуулж байна. Цаашид хил дээр тусгаарлах асуудлыг ярьж байгаа. Мөн титэм вирусийн сэжигтэй тохиолдол болон халдвар илэрсэн тохиолдолд өвчтөнийг хэвтэн эмчлэхээр нэг эмнэлгийг тусгаарлан бие даасан байдлаар гаргах нь зөв юм байна гэж ярьж байна. Ямар эмнэлгийг тусгаарлах вэ гэдэг шийдвэр өнөөдөр гарна. Олон улсын жишиг ийм байна" гэлээ.

Өдөрт 300 орчим иргэн хилээр нэвтрэн эх орондоо ирж байгаа аж.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ