ШУУД: Н.Номтойбаяр нарын гэм бурууг АН-д тохож байна

НДЕГ-ын дарга асан Ц.Уртнасанг саатуулан шалгаж байгаа. Үүнтэй холбоотой АН-аас мэдээлэл хийлээ. УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн эзэмшлийн банк гэгддэг Капитал банкыг татан буулгах шийдвэрийг Монголбанк 2019 онд гаргаж тус банкыг дампууруулсан. Дампуурсан Капитал банкинд төрийн 31 байгууллага нийт 375 тэрбум төгрөгөө хадгалуулж байснаас гадна Нийгмийн даатгалын сангийн 200 орчим тэрбум төгрөгийг 2017-2019 оны хооронд ХНХ-ын сайд асан Н.Номтойбаяр, одоогийн сайд С Чинзориг нарын зөвшөөрлөөр НДЕГ тус банкинд хадгалуулж байгаад алдсан нь нэгэнт баримтаар тогтоогдсон.
Тодруулбал, 2017 оны наймдугаар сарын 31-ны өдөр 45 тэрбум төгрөг, 2017 оны есдүгээр сарын 08-ны өдөр 34 тэрбум төгрөг. Мөн оны аравдугаар сарын 04-ны өдөр 10 тэрбум төгрөгийг сайд асан Н.Номтойбаярын зөвшөөрлөөр, одоогийн сайд С Чинзоригийн зөвшөөрлөөр 2017 оны арваннэгдүгээр сарын 03-ны өдөр 10 тэрбум төгрөг, 2018 оны хоёрдугаар сарын 24-нд 2.4 тэрбум төгрөг, 2018 оны зургадугаар сарын 24-ны өдөр 79 тэрбум төгрөгийг тус, тус Капитал банкинд хадгаламж хэлбэрээр байршуулж алдсан байгаа юм.
Гэтэл Капитал банкны дампуурлаас болж Нийгмийн даатгалын санд учирсан хохирлыг 2012-2016 оны хооронд Нийгмийн даатгалын санд ажиллаж байсан албан хаагч нарт тохон, Авлигатай тэмцэх газар, Нийслэлийн прокурорын байгууллагаас эрүүгийн хэрэг үүсгэн улмаар цагдан хориод байна.
Сайд асан Н Номтойбаяр, С.Чинзориг нарын хийсэн үйлдлийг түүнээс өмнө ажиллаж байсан албан хаагч нарт зориуд санаатайгаар тохоон, яллаж байгааг эрх баригчдын улайрсан улс төрийн зорилго захиалгыг гүйцэтгэж байгаа онц ноцтой гэмт хэрэг гэж Ардчилсан нам үзэж байна.
2013-2015 онд Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг Капитал банкинд хадгалуулсан гэрээ контракт нь 2017 онд дууссан бөгөөд гэрээний хугацаанд Нийгмийн даатгалын санд хохирол учраагүй харин ч хүүгийн орлогоор нь Нийгмийн даатгалын сангийн хөрөнгийг их хэмжээгээр нэмэгдүүлсэн байдаг.
Тиймээс Нийгмийн даатгалын санд хохирол учруулсан жинхэнэ эздийг хэрэгт яллагдагчаар татаж, гэм буруугүй хүнийг цагаатгах түүнээс уучлал гуйхыг эрх баригч МАН, тус намын дарга Ерөнхий сайд Ухнаагийн Хурэлсүхээс хариуцлагатайгаар шаардаж байна гэсэн юм.
ХЗДХ-ийн экс сайд Х.Тэмүүжин:
-Нэг иргэнийг таслан сэргийлэх арга хэмжээ авч, түр саатуулсан. Саатуулсан үндэслэл нь "дахин гэмт хэрэг үйлдэж болзошгүй учир" гэсэн ойлгомжгүй асуудал байна. Ажлаа өгөөд дөрвөн жил болсон хүнийг хуульзүйн үндэслэлээрээ ингэж шалгаж болохгүй. Харин одоо эрх мэдэл дээрээ байгаа хүмүүсийг цагдан хорьж байгаа бол хууль эрхзүйн асуудал байхгүй. Илт хуулийн хэрэглээний алдаа гаргаж байна гэдэг нь хуулиас давсан дарамт шахалт байгаа юм байна гэж үзэж байна. 268 тэрбум төгрөгийн ашигтай ажилласныг хууль бус гэж үзэх юм бол буцаагдах болно. Нэр бүхий улстөрчийн нэр бүхий банк ийм хэмжээний алдагдалтай дампуурсан байгаа. Өмнө нь ашигтай ажиллаж, НДС-г арвижуулсан мөнгийг хууль бус гэж зарлах замаар дампуурсан банкны өр авлагыг санхүүжүүлэх зорилгоор хийж байхыг үгүйсгэхгүй. Барьж, хорьж шалгаж байна гэдэг нэрийн дор улс төрийн өрсөлдөгчөө харлуулах гэж байна хэмээв.
Э.Сонор
СЭТГЭГДЭЛ БИЧИХ