Автобусанд хоёр цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийж, ариутгаж байна


Нийслэлээс нийтийн тээврийн бүх автобусанд хийж буй ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээнд байршил бүр дээр тогтмол шалгалт хийж байна. Өнөөдөр Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх, Нийтийн тээврийн үйлчилгээний газрын дэд дарга Х.Булгаа болон бусад холбогдох албаны хүмүүс нийтийн тээврийн ариутгал, халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээнд хяналт шалгалт хийв.
Томилогдсон ажлын хэсгийнхэн өглөө бүр эх авалт дээр шалгалт хийж байгаа бөгөөд МХЕГ-ын нийтийн тээврийн аж ахуйн нэгжүүдийн аюулгүй байдал, халдвар, хамгааллыг шалгаж , мэргэжил арга зүйн зөвлөмж өгч, шаардлага хүргүүлэн ажиллаж байгаа аж.
Нийтийн тээвэрт хийгдэж буй халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын ажлын талаар Нийслэлийн зам тээврийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч Б.Отгонсүх "Онцгой дэглэмийн үед нийтийн тээвэр халдвар хамгаалал, ариутгалыг тогтмол хийж аливаа эрсдэлээс урьдчилан сэргийлэх нь чухал байна. Нийслэлээс нийтийн тээврийн халдваргүйжүүлэлт, цэвэрлэгээ, ариутгалын явцыг өдөр бүр шалгаж, зөвлөмж хүргүүлж байна. Цаашид карантины үед тогтмол шалгаж шаардлага хүргүүлнэ.
Мөн халдвар хамгаалалыг хаа хаанаа сахих үүргийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусуудад угаалга цэвэрлэгээ, ариутгал халдваргүйжүүлэлт өдөр бүр тогтмол хийгдэж байна. Тодруулбал, нийслэлээс нийтийн тээврийн үйлчилгээнд явж буй 940 орчим автобусуудад өглөө болгон их цэвэрлэгээ, ариутгал, халдаваргүйжүүлэлтийг хийсэн байхыг шаардаж, тогтмол шалгаж байна." гэлээ.

Нийтийн тээврийн үйлчилгээнд явж байгаа автобусууд дараах шаардлагыг тавьж байна. Үүнд:
- Автобусны жолооч нар маск тогтмол зүүх, гар ариутгагч тогтмол хэрэглэх
- Ариутгал цэвэрлэгээ хийхдээ зориулалтын бээлий, бодис, хэрэгсэл ашиглах
- 2 цаг тутамд чийгтэй цэвэрлэгээ хийх, ариутгал хийх
- Автобусан дотор халдвараас урьдчилан сэргийлэх зөвлөмж, мэдээллийг байршуулах

СЭТГЭГДЭЛ БИЧИХ