Улсын аварга фермерчийн хурууд 13-15 мянган төгрөгийн үнэтэй

img

 

Цагаан сар хэдий хүйтэн жиндүү цагт болдог ч айсуй хаврын анхны дохиог бидэнд авчирдгаараа сайхан. Юм бүхнийг цагаанаар тодотгох энэ баярыг идээ будаа элбэг, өмсөж зүүхээр бүтэн угтах гэж хэн хүнгүй л эртнээс бэлддэг.  

 

Өнөө жилийн хувьд дэлхий дахинаа тархаад буй аюулт вирусийн улмаас сар шинийн баярыг тэмдэглэхгүй байхыг зөвлөж байна. Гэвч уламжлалаа дагаад баяраа тэмдэглэхээр хүмүүс зэхсээр л явна. Зуны турш “Сар шинийн баяраар л хот орж борлуулна” хэмээн хуруудаа хураасан малчид үзэсгэлэн худалдаа зориод иржээ. Ааруулын цаана амьдрал бий....

 

Баярт бэлтгэсэн хүмүүсийн цуваатай хөл нийлүүлж 3,4 дүгээр хорооллын эцэст байрлах “Имарт” худалдааны төвийн В1 давхарт зохион байгуулагдаж буй “Миний Монгол” сар шинийн үзэсгэлэн худалдааг зорилоо.

 

Дэлхий нийтээрээ эко амьдралын хэв маягийг эрхэмлэх болсон өнөө цагт нийслэлчүүд ч ченжийн гар дамжсан мах болон үйлдвэрийн сүү, цагаан идээнээс зайлсхийх болсон. Энэ хэрэгцээг хангах үүднээс аймгаас ааруул, өрөм, сүү, цагаан идээгээ тээвэрлэсээр малчид Улаанбаатарыг зорьж байна.

 

3,4 дүгээр хорооллын эцэст байрлах “Имарт” худалдааны төвийн В1 давхарт зохиогдож буй “Миний монгол” сар шинийг угтсан үзэсгэлэнд монгол дээл хувцас, малгай, гутал, хөөрөг даалин, торго дурдан, “Гүрмэл”, “Амдэ”, “Суман гүн” компанийн хэвийн боов, боовны цар таваг, бэлэг дурсгал гээд баярын хэрэгцээ цөм бүрэн байна. Мөн Архангай аймгийн Ихтамир, Чулуут, Цахир сумын малчид цагаан идээгээ борлуулахаар иржээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

“Имарт”-ын В1 давхарын 1000 метр квадрат талбайд зохиогдож буй уг үзэсгэлэн худалдаанд 160 гаруй иргэн, аж ахуй нэгж худалдаа, үйлчилгээ эрхэлж байна. Архангай аймгийн Чулуут сумаас Улсын аварга фермерч эмээгийнхээ бэлтгэсэн ааруул, хуруудыг борлуулахаар ирсэн Д.Отгонбилэг охины лангуугаар зочиллоо.

 

Тэрбээр “Эмээ маань 67 настай. Өнгөрсөн 2019 онд Улсын аварга фермерч болсон. Эмээ өөрийн гараар цагаан идээгээ бэлтгэдэг. Энэ үзэсгэлэнгийн тухай төрлийн ахаасаа сонсоод сүүн ааруул, хэвийн ааруул, хурууд ааруул, хорхой цөрөм, сарлагийн зузаан өрөм, хураасан өрөм зэрэг бүтээгдэхүүнтэй ирээд байна. Жижиг аарцны ааруул 15 мянга, хорхой ааруул 14 мянга, хурууд ааруул нэг кг нь 16 мянга, хэвлэсэн чихэртэй ааруул кг нь 18 мянга, сүүн ааруул 24 мянга сарлагийн зузаан өрөм 24 мянга, хураасан өрөм 13 мянган төгрөгөөр худалдаалагдаж байна. Хэрэв нэг айл долоон үеэр аарулан таваг засах бол  тойрогтоо 18 ширхэг ааруул орно. Үүнд дунджаар тав орчим кг ааруул орно. Долоон үе өрөх ааруул болон идээний дээр тавих чимэглэлийн жижиг ааруул нийлээд 150 мянган төгрөг болно. Харин  таван үе ааруулаар таваг засах бол 120 мянган төгрөг зарцуулна” гэлээ.

 

Д.Отгонбилэг энэ сарын 8-наас үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа бөгөөд сар шинийн битүүний өдрийг хүртэл худалдаа эрхлэх аж.

 

 

Харин Архангай аймгийн Ихтамир сумын иргэн Б.Баяраа хатуу хурууд, тогооны өрөм, чихэртэй чипсэн ааруул, бяслаг,сүүн тарган ааруул, ээзгий зэрэг цагаан идээтэй ирсэн байна. Тэрбээр “Манай аав ээж малчин. Мөн ах дүүс маань мал дээр байдаг. Ах дүүгээрээ нийлж бэлтгэсэн цагаан идээгээ борлуулахаар үзэсгэлэн худалдаанд оролцож байна. Цагаан идээгээ 12-30 төгрөгийн үнэтэйгээр зарж байна. Ааруулаар таваг засна гэвэл нэг айл 100-200 мянган төгрөг зарцуулна. Харин ул боов засаад түүн дээгүүрээ ааруул тавьбал хямд тусна. Энэхүү үзэсгэлэн худалдааны талаар нутгийнхаа ахаас сонсоод анх удаа оролцож байна. Ашиг орлого сайн байна. Цагаан сар дөхөхөөр хөл хөдөлгөөн бүр ихсэх болов уу гэж бодож байгаа” гэв.

 

Тавдахь жилдээ зохион байгуулагдаж буй уг үзэсгэлэн худалдааг Баянгол дүүргийн жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих төв хамтран явуулж буй юм. Улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хөнгөлөлт үзүүлж үнэ төлбөргүйгээр үзэсгэлэн худалдаанд оролцох боломжийг олгожээ.

 

Нөхрийнхөө хамт гар урлалын бизнес эрхлэгч Баянгол дүүргийн иргэн Т.Түмэнчимэг гуравдахь жилдээ энэхүү арга хэмжээнд оролцож буй юм. Тэрбээр эсгий урлал, эсгий болон арьсан зураг, түлхүүрийн оосор, хөргөгчний стикер зэрэг бэлэг дурсгалын бүтээгдэхүүн худалдаалж байна.

 

 

Т.Түмэнчимэг бүсгүй “Би энэ үзэсгэлэн худалдаанд оролцож өөрийн гараар хийсэн зүйлсээрээ хүмүүст танигдахыг л хүсдэг. Тэр хэрээр худалдан авагч нэмэгдэнэ шүү дээ. Өмнөх жилүүдэд үзэсгэлэн худалдаанд оролцохдоо дөнгөж л өөрийн жижигхэн бизнесээ эхэлж байсан бол өнөөдөр тодорхой хэмжээнд хүмүүст хүрч чадсан байна. Миний хийсэн бараанууд Улсын их дэлгүүр, Мөнгөн завъяа гээд цөөнгүй газруудаар худалдаалагддаг болсон. Би нөхөртэйгээ хамт гэрээр хийдэг. Эсгий зурагнуудыг хийхдээ эсгийгээ өөрсдөө худалдан авч байгаад зургийг нь түлж урладаг. Эсгий зургууд дунджаар 25 мянган төгрөгийн үнэтэй” хэмээлээ.

 

Амьдралд хайртай энэ бүсгүйн эсгийгээр урласан жижиг сувинер гэрүүд 3000-15000 төгрөгийн үнэтэй. Гэр дотор гэрэл асна бас бүрэн тавилгатай. Хүнд бэлэглэхэд тун тохиромжтой юм. Харин “Монгол” хэмээн босоо бичгээр чамбай буулгасан арьсан түлхүүрийн оосор 1000 төгрөг.  Мөн тэмээтэй, монгол гэртэй түлхүүрийн оосор ч байна. Энэ бүгдийг Т.Түмэнчимэг нөхрийн хамт өөрсдөө бүтээдэг.

 

“Өвчний дэгдэлттэй холбоотойгоор энэ жил худалдан авалт тааруухан байна. Гэхдээ үзэсгэлэн худалдааны төгсгөлийн мөчид хүмүүс ихээр ирж худалдан авалт хийдэг юм” хэмээн инээмсэглэх бүсгүй болон амьдралд хайртай гэр бүлийг дэмжиж та “Имарт” худалдааны төвийн В1 давхарт зохиогдож буй сар шинийн үзэсгэлэн худалдааг зориорой.

 

Үзэсгэлэн худалдаатай холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг 99119482 дугаарын утсаар авах боломжтой.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ