Цагаан сарыг рекламдахаа больё


Сар шинийн баяр хаяанд ирсэн энэ үед буузаа чимхээд хөлдөөчихсөн. Ул боов, айраг цагаа, хүний гар цайлгах бэлэгний төсвөө гаргаад баталчихсан байх учиртай. Амралтын өдрөөр зах руу явж жаал жуулаар нь цуглуулж эхлэх цаг. Гэвч өнөө жилийн хувьд өвчнөөс урьдчилан сэргийлэх "акц"-тай тул цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэхгүй байхыг албаныхан уриалж байна.
Тиймээс баяртаа бэлдэх эс бол болих учраа олохгүй хөгшчүүд дэмий л төр, засгийн шийдвэр хүлээн сууна. Олон нийтийн арга хэмжээг цуцалсан, хичээл сургуулийг амраасан, хилээ хаасан зэргээр титэм вирусийн халдвараас урьдчилан сэргийлээд байгаа ч сар шинэ тэмдэглэх уламжлалыг шууд хязгаарлачихаж чадахгүй дээрээ ч тэвдэж, доороо ч гайхаж суугаа энэ үед телевизээр хэдий нь сар шинийг рекламдаад эхэлжээ.
Үзэсгэлэн худалдааг зориорой, ул боовоо аваарай. Нэгжийн карт худалдаанд гарлаа, нүнжигтэй бэлэг сонгоорой л гэнэ. Энэ рекламдууд баярлах эсэхээ ч мэдэхгүй суугаа буурлуудыг улам л хямрааж байна. “Хүн ирэхэд хоосон суултай биш. Өнөөдөр зах гаръя” хэмээн босон суун өндөлзөнө.
Дэлхий дахинаа титэм вирусийн 43099 тохиолдол бүртгэгдэж, 1068 хүн нас бараад байна. Гэтэл үүнийг мөсөн уулын зөвхөн орой байж магадгүй гэдэг мэдээллийг ДЭМБ-аас өгсөн. Энэ байгууллагаас манай улсыг титэм вирусийн халдварт өртөх эрсдэл өндөртэй орноор нэрлээд байгаа. Угаас аюул тун ойрхон байгаа.
Одоогоор Дархан-Уул, Архангай, Өвөрхангай, Дорноговь хамгийн сүүлд Хөвсгөл аймагт титэм вирусийн сэжигтэй тохиолдол бүртгэгдлээ. Хөвсгөлөөс бусад аймагт бүртгэгдсэн тохиолдлууд шинжилгээний хариугаар үгүйсгэгдсэн. Мөн Гашуунсухайт боомтод өвчилсөн байж болзогүй 12 хүнийг тусгаарласан нөхцөл байдалтай байгаа. Гэтэл бид баярлах гээд л байдаг.
Олон нийт цагаан сарын баярыг нэг удаа тэмдэглэхгүй гэр гэртээ буузаа жигнэж идээд өнжих саналыг уриалгахан хүлээн авч, дэмжиж байна. Гэвч телевизээр сар шинийн баярт бэлдэж бэлэгээ базаахыг хөхүүлэн дэмжээд буй нь зарчмын хувьд зөрөөд байгаа юм.
Баяр тэмдэглэхгүйгээр, бие биенээ эрсдэлээс хамгаалъя гэж байгаа л бол бид нэг бодолтой, нэг зорилготой байх ёстой. Нэг хэсэг нь сар шинийг тэмдэглэхгүй байхыг уриалж байхад нөгөө хэсэг нь цагаан сарыг рекламдаад байж болохгүй.
Тиймээс компаниуд нийгмийн, нийтийн төлөө телевизээр цацаж буй реклам, сурталчилгаагаа татан авахыг уриалж байна.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ