Хоёр хүүхдээ тооноор гаргаж амжсан ч эхнэр, хүүгийнхээ хамт амиа алджээ


Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Алтан-Овоо багийн Хишиг хорооллын задгайд таван ханатай гэр шатаж гурван хүн амь насаа алджээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрдэнэцагаан суман дахь Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн 6 алба хаагчид 2020.02.13-ны өдрийн 01:15 цагт 1 автомашинтай 1 км замыг туулан 01:18 цагт очиж, 12 минут ажиллаж галыг унтраажээ.
Уг гал түймэрт иргэн Э /33 настай, эрэгтэй/, Б /33 настай, эмэгтэй/, Х/14 настай, эмэгтэй/ нар өртөж нас барсан байна.
Иргэн Э гал гарах үед хүү Б /12 настай, эрэгтэй/, охин Б /3 настай, эмэгтэй/ нарыг гэрийн тооноор гаргаж амжсан ч харамсалтай нь эхнэр хүүхдийн хамт амь насаа алджээ. Охин Б-ийн зүүн гарын сарвууны арын хэсэг /1-р зэргийн/ түлэгдсэн бөгөөд хүүхдүүдийн биеийн байдал сайн байгаа аж.
Иймд иргэд, олон нийт ахуйн гал түймрийн аюулаас урьдчилан сэргийлж пийшин, зуухны янданг дээврийн гадаргуугаас 50 см-ээс багагүй өндөртэйгээр гаргах, дээвэр таазнаас яндан хүртэл 50 см-ээс багагүй зайтай байх, пийшин зуух нь хананаас 1,25 см-ээс багагүй зайтай байх бөгөөд галлагааны амны өмнө 70х50 см-ийн металл хуудас, төмөр байрлуулах, цахилгаан халаагуур, халаагчийг ашиглахдаа цахилгаан ашиглалтын дүрэм, журмыг мөрдөх, аюулгүй ажиллагааны заавар, зааварчилгаа авах, мэргэжлийн цахилгаанчаар холбуулах, холбогдох байгууллагаас өгч байгаа заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх, галын аюулгүй байдал, гал унтраах автомат тоног төхөөрөмж, дохиолол, гал унтраах анхан шатны багаж хэрэгслийн бэлэн байдлыг хангахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ