Өндөржүүлсэн бэлэн байдал: Зах хаахгүй, замын хөдөлгөөнийг хязгаарлахгүй

Засгийн газрын хуралдаанаар засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2020 оны хоёрдугаар сарын 13-аас буюу өнөөдрөөс эхлэн Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэн.
Өндөржүүлсэн бэлэн байдлын үед иргэд хэрхэн аюулгүй байдлаа хангаж, гамшгаас өөрийгөө урьдчилан сэргийлэх талаар мэдээлэлгүй байгаа юм. Иймд ОБЕГ, ЦЕГ, Засгийн газрын төлөөлөгчид мэдээлэл хийлээ.
ОБЕГ-ын дэд дарга, хурандаа Ц.Ганзориг "Эрсдэл өндөр байгаа учраас өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн. Хэрэв халдварт вирус туссан нь нотлогдвол Монгол Улсад гамшиг болно. Хүний гоц халдварт өвчин нийгмээр тархах эсвэл болзошгүй занал аюулыг үүсгэж байгаа тохиолдлыг Гамшгаас хамгаалах тухай хуулиар гамшиг гэж үздэг. Тийм учраас гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлыг зарлаж байгаа юм" гэдгийг онцоллоо.

ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Халдварт өвчнийг нэвтрүүлээгүй амжилтаа хадгалах хэрэгтэй байна. Үүнд иргэн бүрийн оролцоо чухал Өвчний дэгдэлтийн талаар төрийн байгууллага нууж хааж, худал мэдээлэл өгнө гэдэг ойлголт байхгүй. Энэ нь хуультай. Зөрчлийн тухай хуулийн 6.7-д зөв мэдээллээр хангаж ажиллаагүй төрийн албан хаагч хуулиар хариуцлага хүлээдэг зохицуулалттай. Тиймээс Эрүүл мэндийн яамнаас өглөө бүр өгч байгаа үнэн зөв мэдээллийг эх үүсвэр болгож ашиглах нь зүйтэй байна. Монгол хүний уужуу ухаанаар хандаж дэгтэй журамтай байх хэрэгтэй" гэв.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжүүлсэнтэй холбогдуулан иргэдийн дунд хотоос гарах хөдөлгөөнийг хязгаарлаж, зах худалдааны төвийг хаах тухай албаны эх сурвалжгүй мэдээлэл тархаад байгаа.
Үүнд Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн дарга Ц.Ганзориг "Хүнсний захуудыг хаахгүй, орон нутгийн замыг хааж хөл хорио тогтоогоогүй. Хүнсээ нөөцлөх тухай буруу ташаа мэдээлэл тарааж байгаа нь эргээд нийгэм, эдийн засагт сөрөг үр нөлөөтэй. Хөдөө орон нутагт зорчих иргэдэд өндөржүүлсэн байдлаар хяналт шалгалтыг хийж байгаа" гэдэг албан ёсны хариултыг өглөө.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ