"Монголд Covid-19 халдвар нэгэнт ороод ирвэл бид хүчин мөхөсдөнө"

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.03.04/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов. Мэргэжилтнүүд хүн амын хэт бөөгнөрөл өвчнийг тараах гол шалтгаан болж буйг мэдээллийн эхэнд анхаарууллаа.
ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа "Дэлхийн 72 улсад COVID19 халдварын нийт 90 870 тохиолдол бүртгэгдэж 3112 хүн нас барсан байна. Сүүлийн 24 цагийн хугацаанд Португаль, Саудын Араб зэрэг найман оронд нэмж халдвар бүртгэгдсэн. БНХАУ-д тусгаарлаж буй сэжигтэй тохиолдлын тоо буурч 129 болсон" гэлээ.
ЭМЯ-ны гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа "Дэлхий дахинаа халдварын тохиолдол нэмэгдэж байгаа тул улс орнууд хязгаарлалтын арга хэмжээ авч байна. Тухайлбал Сингапур улсын хувьд тохиолдлын тоо хоёроор нэмэгдэж нийт тохиолдол 110 болсон. Халдварыг цааш тархаахгүй байх үүднээс БНСУ, Иран, Итали зэрэг улсад зорчсон түүхтэй иргэдийг өөрийн улс, оронд нэвтрүүлэхгүй байх арга хэмжээг үргэлжлүүлсэн хэвээр байна. Мөн Тайланд улсаас Япон, Герман, Өмнөд Солонгос, БНХАУ зэрэг орныг халдвар өвчний голомт гэж үзэн энэ улсаас ирсэн иргэдийг гэртээ 14 хоног тусгаарлах шийдвэр гаргасан.
Халдварын тархалт нэмэгдсээр байгаа ч манай улсын иргэд өвчлөл дэгдсэн улс оронд аялах зэргээр зорчсоор байгааг Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл анхааруулж "Монголд Covid-19 халдвар нэгэнт ороод ирвэл бид хүчин мөхөсдөнө" гэдгийг хэллээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ