Засгийн газрын өр төгрөгийн ханш сулрахад нөлөөлөөгүй

img

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ валютын ханшийн өөрчлөлт, түүний шалтгааны талаар Ерөнхий сайдад асуулга тавьсан. Асуулгын хариуг Монголбанкнаас хүргүүлсэн байна. Үүнд: 

 

Асуулга 1. Эдийн засгийн өсөлт сүүлийн гурван жилүүдэд 6-8 хувь өсөж байгаа талаар Засгийн газраас байнга онцолж ярьдаг. Урд хөршийн эдийн засаг сэргэж, гадаад зах зээлийн эрэлт нэмэгдсэнээр манай уул уурхайн бүтээгдэхүүний үнэ өссөн нь манай эдийн засагт сэргэлт авчирсан. Нөгөө талаар олон улсын санхүүгийн байгууллага, донор орнууд их хэмжээний хөнгөлөлттэй зээлээр манай эдийн засгийг тэтгэж байгаа. Эдийн засгийн ийм таатай нөхцөлд Монгол Улс валютын ханшаа тогтвортой хэмжээнд барьж чадахгүй байгаа шалтгааныг нэрлэнэ үү?

 

Мөнгөний нийлүүлэлтийг огцом өсгөж, дотоод эрэлтийг нэмэгдүүлж, импортыг өдөөх нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханш их хэмжээгээр сулрах суурь нөхцөл болдгийг судлаач, эдийн засагчид тогтоож, улс орнууд үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийн хөдөлгөөнийг зохистой байлгах зорилтыг мөнгөний бодлогоор дамжуулан удирддаг. Мөнгөний нийлүүлэлтийг зохисгүйгээр нэмэгдүүлэх, төсвийн зарлага, төсвийн алдагдлыг огцом өсгөх зэрэг эдийн засгийн бодлогын арга хэмжээний үр дагавар 3-4 жилийн хугацаанд эдийн засагт нөлөөлж, түүнийг засаж, залруулах бодлогын арга хэмжээний үр нөлөөг сааруулдаг.

 

Эдийн засгийн өсөлт, бүтээмжийн өсөлт, валютын урсгалтай нийцээгүй их хэмжээний мөнгө хэвлэх нь валютын ханшид ихээхэн дарамт үзүүлдэг. Монгол Улсын эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн жилүүдэд сайжирч байгаа ч гадаад валютын ханш үргэлжлэн өсөж байгаа нь 2012-2016 онуудад улсын төсвөөс гадна Монголбанк, Хөгжлийн банкны зээл, Концессын гэрээ зэрэг төсвийн гадуурх зарцуулалтыг бий болгож, хяналтгүй их хэмжээний хөрөнгийг зарцуулж байсантай холбоотой. Төвбанкнаас үнэ тогтворжуулах хөтөлбөр, орон сууцны зээлийн хөтөлбөр, сайн хөтөлбөрүүд, компаниудад шууд зээл олгох зэргээр 7 их наяд гаруй төгрөгийг эдийн засагт нийлүүлж, 2 их наяд гаруй төгрөгийн концессын гэрээ байгуулсан нь гадаад валютын ханш хөөрөгдөх, Засгийн газрын өрийн дарамт нэмэгдэх суурь нөхцөл болсон.

 

Түүнчлэн, БНХАУ-ын Ардын банкнаас своп хэлцлээр авсан 2 тэрбум шахам ам.доллартай тэнцэх юаний өрийг оруулан тооцвол 2012 онд 4 тэрбум ам.доллар байсан гадаад валютын нөөц үндсэндээ шавхагдсан байсан. Хөгжлийн банкны гадаад зах зээлээс татан төвлөрүүлсэн арилжааны нөхцөлтэй зээлийг үр ашиггүй, эргэн төлөгдөх боломжгүй төслүүдэд зарцуулж, ханшийг интервенц хийх замаар зохиомлоор барьж байсан нь үндэсний мөнгөн тэмдэгтийн ханшийг тогтвортой байлгахад хүндрэл учруулсан.

 

Гадаад валютын нөөц 2016 оны 6-р сар гэхэд 1296.6 сая ам.доллар буюу ханшийг тогтоон барих зорилгоор интервенц хийх боломжгүй болсонтой холбоотойгоор 2016 оны 8 дугаар сард бодлогын хүүг 10.5-аас 15.0 болгож нэмэгдүүлсэн байна. Гэвч ам.доллартай харьцах төгрөгийн ханш суларч 2488.4 төгрөгт хүрч, гадаад валютын хадгаламж болон зээлийн хүү дунджаар 3 хувиар өссөн нь валютын ханш их хэмжээгээр өсөх дарамт хуримтлагдсан байсны илрэл юм. 

 

Харин сүүлийн жилүүдэд эдийн засгийн өсөлт нэмэгдэж, гадаад худалдаа ашигтай гарч, төсвийн алдагдал болон Засгийн газрын өрийн хэмжээ буурч, гадаад валютын нөөц тогтвортой нэмэгдсэнтэй холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханшийн сулралт тогтвортой бага түвшинд байлаа. Америк долларын нэрлэсэн ханш 2013-2016 онд 1392.1 төгрөгөөс 2489.5 төгрөг болж 1100 орчим төгрөгөөр буюу 79 хувиар суларсан бол, 2017-2019 онд ханш 2489.5 төгрөгөөс 2734.3 төгрөг болж 244 төгрөгөөр буюу 10 хувиар суларсан байна.
 
 
Гадаад валютын албан нөөцийг 4 дахин нэмэгдүүлж 4.3 тэрбум ам.долларт хүргэснээр Монгол Улсын эрсдэл даах чадвар дээшиллээ. Өөрөөр хэлбэл, сүүлийн 3 жил гадаад валютын нөөцийг нэмэгдүүлж, төсвийн бодлогын сахилга батыг сайжруулан, төсвийн алдагдал, Засгийн газрын өрийн хэмжээг бууруулж, төсөв мөнгөний бодлогыг зохистой уялдуулах замаар төгрөгийн ханш огцом сулрах дарамтыг бууруулсан.
 

АНУ бодлогын хүүгээ өсгөж, худалдааны бодлогоо өөрчилсөнтэй холбоотойгоор дэлхийн эдийн засагт тодорхой бус байдал нэмэгдэж, олон улсын зах зээлд ам.долларын ханш чангарч байна. Ялангуяа хөгжиж буй орнууд, түүхий эд экспортлогч орнуудын валютын эсрэг ам.долларын ханш чангарч байна.

 

Тухайлбал, 2017-2019 онд Чилийн песо 24 хувиар, Норвегийн крон 13 хувиар, Индонезийн рупи 10.2 хувиар, Казакстаны тэнгэ 18 хувиар суларч, түүхий эдийн экспорт ихтэй улс, орнуудын валютын нэрлэсэн ханш 2017-2019 оны хооронд25 хүртэл хувиар суларсантай адил нөхцөл байдал төгрөгийн ханш сулрахад нөлөөлж байна.

 

Төгрөгийн бодит үйлчилж буй ханшийн индекс 2013-2016 онд 181.5-аас 147.4 болж 20 орчим хувиар суларч байсан бол, 2017-2019 онд 147.4-өөс 158.7 болж харьцангуй тогтвортой байна.

 

 

Асуулга 2. Монгол улсын нийт өр 2016 оны 6 дугаар сарын 30-ны өдөр 24.2 тэрбум ам.доллар байснаа 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар 29 тэрбум 933 сая ам.долларт хүрч бараг 5 тэрбум 673 сая ам.доллараар өсчээ. Харин Засгийн газрын нийт өр 2016 оны 2 дугаар улиралд 16 их наяд 612 тэрбум төгрөг байсан бол 2019 оны 3 дугаар улирлын Сангийн яамнаас гаргасан мэдээгээр 22 их наяд 694 тэрбум болж даруй 6 их наяд 82 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. Улсын болон Засгийн газрын өрийн хэмжээ ийнхүү асар ихээр нэмэгдсэн нь валютын ханшид хэрхэн нөлөөлж байгаа талаар судалгаа хийсэн бол танилцуулна уу.

 

Монгол Улсын Засгийн газрын өр 2012 оны жилийн эцсийн байдлаар 7.2 их наяд төгрөг, ам.доллартай харьцах төгрөгийн ханш 1392.1 байсан бол 2016 оны жилийн эцсийн байдлаар Засгийн газрын өр 22.3 их наяд төгрөгт хүрч 2012 оноос 79 хувиар, ам.доллартай харьцах төгрөгийн ханш 2489.53 болж 79 хувиар огцом нэмэгдсэн. Засгийн газрын өр огцом нэмэгдэж, валютын ханш сулрах болсон үндсэн шалтгаан нь 2012-2016 онд 1.5 тэрбум ам.долларын Чингис бонд, 500.0 сая ам.долларын "Мазаалай бонд”, 1.0 тэрбум юанийн “Дим сам” бонд, Кредит Свисс банкны 250.0 сая ам.долларын синдикат зээл, Монгол Улсын Хөгжлийн банкны 580.0 сая ам.долларын евро бонд, 30.0 тэрбум иенийн “Самурай бонд” зэрэг их хэмжээний арилжааны нөхцөлтэй үнэт цаас, зээлийг гадаад зах зээл, банкуудаас зээлж, татан төвлөрүүлсэн эх үүсвэрээр төсвийн болон төсвөөс гадуур буцаан төлөх чадваргүй төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж, төсөв болон эдийн засагт дарамт учруулсантай холбоотой.

 

Засгийн газраас төсөв, төрийн сангийн мөнгөн хөрөнгийн зүй зохистой удирдлагыг хэрэгжүүлж, өр төлбөрийн эдийн засаг, төсөвт үзүүлэх дарамтыг бууруулах бодлого баримталсны үр дүнд 2016 оны жилийн эцсийн байдлаар 22.3 их наяд төгрөг, өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 78.8 хувьд хүрээд байсан Засгийн газрын өрийн хэмжээг 2017 онд өнөөгийн үнэ цэнээр ДНБ-ий 74.4 хувь, 2018 онд 58.9 хувь, 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 57.0 хувь болгон тус тус бууруулаад байна.

 

Арилжааны нөхцөлтэй зээллэг аваагүй, өндөр хүүтэй дотоод үнэт цаас болон өрийн баталгаа гаргахыг зогсоосон, барих-шилжүүлэх концессыг шинээр байгуулаагүйн үр дүнд Засгийн газрын өрийн дарамт буурч, хүүгийн зардал 2019 онд 865.6 тэрбум төгрөгт хүрч өмнөх оноос 285.1 тэрбум төгрөгөөр буурсан. Засгийн газрын өрийн ДНБ-д эзлэх хувь хэмжээг бууруулж, төсөвт учруулж буй өрийн үйлчилгээний дарамтыг багасгах бодпогыг үргэлжлүүлэн хэрэгжүүлж байна.

 

Засгийн газрын гадаад өр төлбөрийг эдийн засаг, гадаад валютын улсын нөөцөд ямар нэгэн дарам учруулахгүйгээр хугацаанд нь төлж, ОУВС-ийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн хүрээнд өртөг багатай валютын эх үүсвэр бүрдүүлж, валютын нөөцийг нэмэгдүүлж байна. Өөрөөр хэлбэл, Засгийн газрын өр, төлбөр төгрөгийн ханш сулрахад нөлөөлсөн гэж дүгнэх үндэслэл байхгүй байна.

 

Эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд сайжирч, Монгол Улсын зээлжих зэрэглэл тогтвортой нэмэгдсэн нь Монгол Улсын хувийн хэвшил гадаад зах зээлээс хөрөнгө оруулалт татаж, энэ нь Монгол Улсын гадаад валютын нөөцийг тогтвортой нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулсан гэж үзэж байна.

 

Асуулга 3. Төсвийн алдагдал 3 жил дараалан 2 их наядаас давсан. Энэ жилийн төсвийн алдагдал гэхэд л 2 их наяд 74 тэрбум төгрөг байна. Ийнхүү Та бүхэн засаглаж байх хугацаанд нийтдээ 9 их наяд давсан төсвийн алдагдал гаргасан байна. Түүхэн дээд амжилт тогтоож байгаа ийм хэмжээний архагшсан алдагдал бол зөвхөн дайны хөлд нэрвэгдсэн орнуудын төсөвт байдаг үзэгдэл юм. Ийм их алдагдал үндэсний валютын ам.долларт харьцах ханшид хэрхэн нөлөөлж байгаа талаар тооцоо судалгаа байгаа бол танилцуулна уу?

 

Монгол Улсын 2020 оны төсвийн алдагдал 2,074 тэрбум төгрөг байхаар батлагдсан. Харин сүүлийн 3 жилийн хугацаанд Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцэл гүйцэтгэлээр 2017 онд 1,742.5 тэрбум төгрөгийн алдагдалтай, 2018 онд 27.9 тэрбум төгрөгийн ашигтай, 2019 оны урьдчилсан гүйцэтгэлээр 627.8 тэрбум төгрөгийн алдагдалтай гарч, сүүлийн 3 жилийн хугацаанд 2,342.4 тэрбум төгрөгийн төсвийн алдагдлыг Засгийн газрын мөнгөн хөрөнгө, өрийн зохистой удирдпагыг хэрэгжүүлж Засгийн газрын өрийн дарамтыг нэмэгдүүлэлгүйгээр санхүүжүүлсэн. Олон улсадтөсвийн алдагдлын цар хүрээг мөнгөн дүнгээр хэмжихээс илүүтэйгээр түүний ДНБ-нд эзлэх хувиар хэмждэг.

 

Төсвийн гадуурх зарцуулалтуудыг оруулж тооцсоноор Монгол Улсын нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн тэнцэл2016 онд ДНБ-ний 18хувьтай тэнцэх хэмжээний алдагдалтай байсныг бууруулж, 2018 онд ДНБ-ний 0.1 хувьтай тэнцэх ашигтай, 2019 онд ДНБ-ий 1.7 хувьтай тэнцэх алдагдалтай болгож бууруулсан.

 

Төсвийн сахилга батыг сайжруулж, Засгийн газрын мөнгөн хөрөнгө, өр төлбөрийн зохистой удирдлагыг хэрэгжүүлсний үр дүнд төсвийн тэнцэл сүүлийн 8 жилд анх удаа ашигтай гарч, цаашид төсвийн тэнцлийг зохистой хэмжээнд барьж ажиллах нөхцөлийг бүрдүүлсэн.

 

Асуулга 4. Эдийн засгийн хямрал нүүрлэсэн 2015 онд экспортод 4 тэрбум 669.3 сая ам.долларын бараа, түүхий эд гаргаж байсан бол 2019 онд 7 тэрбум 619.7 сая ам.долларт хүрч, 3 тэрбум ам.доллар-аар өссөн байна. Ийнхүү эрдэс баялгийн бүтээгдэхүүний борлуулалтаас орж ирэх валют асар их хэмжээгээр нэмэгдэж байхад ханш ямар шалтгаанаар буурахгүй байгааг тайлбарлана уу? Монгол улс гадаад худалдаанаас орж ирэх валютаа хянаж чадаж байна уу?

 

2016 оноос хойш эдийн засгийн өсөлт тогтвортой, өндөр байсан учир эдийн засгийн цар хүрээ тэлж, ДНБ-ний хэмжээ 2016 онтой харьцуулахад  1.5 дахин нэмэгдсэн. Эдийн засгийн  өргөжилтийг дагаад Монгол Улсын  импортын хэрэгцээ нэмэгдсэн. Өөрөөр хэлбэл экспортын хэмжээ нэмэгдэж    байгаатай зэрэгцэн импортын хурдацтай өсөлт ажиглагдаж байна. 

 

Иймд бодит ханшийг тогтвортой байлгах хүрээнд валютын урсгалаа зөв удирдах, урт хугацаанд бодпогын хүүг макро эдийн засгийн тогтвортой нөхцөлийг хангах хэмжээнд барьж, зах зээл дээрх хүлээлтийг огцом өөрчлөхгүй байх бодлогуудыг баримталж байна.

 

Асуулга 5. Ханшийг тогтоох зорилгоор Монголбанкнаас хийсэн интервенцийн дүнг сүүлийн 5 жилийн байдлаар жил бүрээр нь тооцон гаргаж ирүүлнэ үү.

 

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар Монголбанк нь гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах үйл ажиллагааг эрхэлдэг тул уг асуулгын хариуг Монголбанкны 2020 оны А-1/206 дугаар албан бичгээс үзнэ үү.

 

Асуулга 6. Монголбанк алт цэвэршүүлэн олж байгаа орлогынхоо хэмжээг мөн сүүлийн 5 жилийн байдлаар жил тус бүрээр нь тооцон гаргаж ирүүлнэ үү.

 

Төв банк /Монголбанк/-ны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 6-д зааснаар Монголбанк нь гадаад валютын улсын нөөцийг эзэмших, удирдах үйл ажиллагааг эрхэлдэг тул уг асуулгын хариуг Монголбанкны 2020 оны А-1/206 дугаар албан бичгээс үзнэ үү.

 

Эх сурвалж: parliament.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

irgen:
yu gej nolooloh um be, ter yeiin hiisen hanshaaraa l baidag shdee geree chin...
2020-03-05