Ж.Амгалан: Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан иргэд архи нууж уусан

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллийг хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа, ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү, ЦЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан нарын албаны хүмүүс оролцов. Мэдээллийн эхэнд ДЭМБ-аас дэлхий дахинаа өнөөдрийн байдлаар COVID-19 вирусийн эсрэг дархлаатай нэг ч хүн байхгүй байгааг анхаарууллаа.
Гадаад, улс орнуудаас ирж тусгаарлагдсан зарим иргэд дураараа авирлах үйлдэл гаргаж, эмнэлэг, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд хүндрэл учруулж байгаа аж. Тухайлбал "Бага баян" амралтад тусгаарлагдсан Хөвсгөл аймгийн харьяат иргэн Б "Би эмнэлгийн ажилтан. Бүгдээрээ эндээс гарья" хэмээн бусдыгаа уриалан, буруу зүйлд уриалан дуудсан зөрчил гарчээ. Мөн Цэргийн төв эмнэлэгт тусгаарлагдсан нэг иргэн цүнхэндээ согтууруулах ундааны зүйл саванд нуун оруулж бусад иргэдэд дамжуулан нууцаар ууж хэрэглэсэн зөрчил гарсан байна.

Энэ талаар ЕГ-ын Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Амгалан "Налайхын нэг иргэн онгоцноос буугаад зугтсан. Итали улсаар дамжин ирсэн Ш, А гэх хоёр иргэн бага насны хүүхэдтэйгээ ирсэн боловч явсан ирсэн газраа худал мэдүүлсэн. Зарим иргэн өөр газар тусгаарлагдана гэж эсэргүүцсэн. Энэ мэт иргэд дураараа авирладаг. Бид гарсан зөрчил болгоныг баримтжуулж байгаа. Тиймээс иргэдийн гаргасан зөрчил болгонтой хариуцлага ярина. Үүний ард их зардал, олон хүн ажиллаж байгаа. Нэг ч гэсэн иргэнээ халдвар авахуулахгүйн төлөө зүтгэж байгаа алба хаагчдаа хүндэтгэх хэрэгтэй байна" гэлээ.
ХӨСҮТ-д тусгаарлагдаад байсан дөрвөн иргэнээс COVID-19 вирусийн халдвар илрээгүй байна. Одоогоор тус төвд сэжигтэй нэгтохиолдлыг тусгаарлан хяналт шалгалт шинжилгээ хийж байгаа аж. Мөн "Бага баян" сувилалд нийт 8 хүнийг нэмж ажиглалтад авчээ.
Б.Итгэл
СЭТГЭГДЭЛ БИЧИХ