М.Энхсайхан: “Пийбоди” өөрсдийнхөө асуудлыг шийдэх гэж л тэр үед тендерт орсон юм билээ

img

-Монголчууд үргэлж мега төслөө хийж чадахгүй улстөрждөг нөхцөлд хөрөнгө босгоно гэдэг тун магадлал бага л гэж хэлэх байна-

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Монгол Улсын Ерөнхий сайд асан М.Энхсайхантай ярилцлаа.

 

-Та өмнөх Ардчилсан намын Засгийн газарт мега төсөл хариуцсан сайд байхдаа “Тавантолгой” төсөлд хөрөнгө оруулалт татах, эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг хариуцаж байсан. Төсөл нэлээд бүтэмжтэй, урагштай байсан боловч УИХ-ын босго давалгүй буцаагдсан. Дотоодын улс төрөө даалгүй энэ төсөл унаж, сонгуультай золгосон. УИХ Засгийн газрынхаа ажилд үндсэндээ тээг тавьчихсан л даа.  Үүнийг хүмүүс одоо ч гэсэн ярьж байна. Тэр үед л төслөө хөдөлгөсөн бол гэж... “Тавантолгой” төслийн тендерт ямар санал ирж байсан бэ?

 

-Тавантолгойд олон улсын тендер зарлаж гаднаас хөрөнгө оруулалт татах хүсэл нэлээд эртнээс Засгийн газар, УИХ-д байсан. 2010 онд анх олон улсын тендер зарласан. Тухайн үед супер цикль гээд түүхий эдийн үнэ өндөр байсан учраас 10 гаруй компаниас санал ирж байсан юм билээ. Манайхан хэлэлцээрээ хийж чадахгүй, санал тохиролцож чадалгүй байсаар эхний зарласан олон улсын тендерүүд бүгд нурж унасан. Шалтгаан нь хэлэлцээрээ хийж чадаагүй. Хэлэлцээр гэдэг бол хөрөнгө оруулагч тал болон бид харилцан сонирхлоо нэгтгэхийг хэлнэ. Тэгэхээр сонирхлоо нэгтгэж чадахгүй байсаар унагаачихсан. Нөхцөл байдал цаашид муудаад байхаар 2014 онд дахин олон улсын тендер зарласан. Энэ тендерээр зургаан компанид санал хүргүүлэхэд хоёрхон компани санал ирүүлсэн. Бусад нь супер циклээс холдоод явчихсан, Монголд хөрөнгө оруулах нь эрсдэлтэй гэж үзээд бүгд татгалзчихсан байсан. Нэгдүгээрт, Хятад, Япон, Монголын гурвалсан компани. Хоёрдугаарт Америкийн “Пийбоди” компаниас санал ирсэн.

 

Саналаа ирүүлсэн компаниудаас шалгаруулалт хийхдээ хоёр янзын багц санал авдаг. Нэгдүгээрт техникийн, хоёрдугаарт санхүүгийн. Тэгэхээр үндсэндээ шалгаруулалт яаж хийгддэг вэ гэхээр Монгол Улсын Засгийн газраас тов тодорхой нөхцлүүд гаргаад тавьчихсан. Нөгөөдүүл нь тендерийн бичиг баримтыг үзээд өөрийнхөө техникийн саналыг санхүүгийн саналтай өгдөг.

 

Эхлээд техникийн саналын дугтуйг нь задлаад копаниудын техникийн саналыг нь харьцуулдаг. Ингээд харьцуулж үзэхэд санал ирүүлсэн Хятад, Монгол, Японы гурвалсан компанийн болон Америкийн “Пийбоди” компанийн үнэлгээ нь ойролцоо гарсан. Нэгэнт техникийн саналаараа босго онооноос давчих юм бол дараачийн дугтуйг задалдаг.

 

-Тэр дугтуйг нь задалсан уу. Тэнд ямар санал байсан бэ?

 

-Дараагийн дугтуй бол санхүүгийн санал. Энэ саналыг задлаад үзэхээр Хятад, Монгол, Японы гурвалсан компани тавьсан шаардлагад хүрээд “Пибоди” компанийнх хүрээгүй. Хүрээгүй гол шалтгаан нь тухайн компани та нар Тавантолгойгоо үнэлчих. Үнэлсний чинь дараа бид нар саналаа хэлье гэдэг төсөл барьж орж ирсэн. Өөрөөр хэлбэл, манайх Тавантолгойгоо үнэлчих юм бол Америкийн “Пийбоди” компани  тэр чигт нь хариуцаад хөрөнгө босгоё, цааш нь хувьцаалах зарах асуудлаа шийдье гэсэн санал. Тэгэхээр эдний санал унахаас өөр арга байхгүй. Нэгдүгээрт хөрөнгө оруулах санал алга. Хоёрдугаарт Тавантолгой төслийг хийхдээ Чалькогийн өрийг төслийн компаниар хаалгая гэсэн асуудал үгүй. Төмөр зам, боловсруулах үйлдвэр барья гэсэн санал нь байхгүй. Оруулах хөрөнгө оруулалт нь үгүй. Тэгээд дээр нь монголчууддаа Тавантолгой компаниас 1072 хувьцаа өгнө гээд хэлчихсэн байдаг. Энэ хувьцааг яаж амьд болгох уу, яаж мөнгө өгөх вэ гэдэг дээр ямар ч санал байхгүй. Тийм учраас зарласан шалгуураар харахад “Пийбоди” компани тэнцээгүй.

 

 

-УИХ-ын дарга байхдаа З.Энхболд арай өөр зүйл ярьж байсан. Тодруулбал, Засгийн газрын сонгосон хамтарсан олон улсын түншлэлийг бус АНУ-ын “Пийбоди” компани өрсөлдөөний гадна үлдсэнийг буруутгаж, харин ч тус компанийг оруулаад 30 хувиа гэрээлэх хэрэгтэй гэж ярьж байсан. УИХ-ын даргад төслийн тендерийн ялагч таалагдаагүй учраас “Тавантолгой” хөдлөөгүй гэж харж болохоор.

 

-Хожим уралдаант шалгаруулалт хийснээс хойш нэг их удалгүй Америкийн “Пийбоди” компанийн хувьцааны үнэ “Энержи ресурс” компанийн хувьцааны үнээс доош унасан. Хэсэг хугацааны дараа “Пийбоди” компани санхүүгийн хувьд дампуураад бүтэн дууссан. Тэгэхээр энэ компани санхүүгийн чадваргүй байсан юм байна лээ. Манай “Тавантолгой” төсөлд санал барьж орж ирэхдээ чадваргүй учраас санхүүгийн тухай асуудал яриагүй. Эсвэл та нар эхлээд үнэлчих. Үүн дээр чинь бид хөрөнгө босгоё гэсэн өөрсдийн асуудлыг шийдэх л хүсэлтэй явж байсан юм болов уу гэж бид бодсон. Тийм учраас Америкийн компани шалгуурт тэнцээгүй. Болсон явдал гэвэл ийм л байна. Улстөрчид дараа нь мушгин гуйвуулж олон л юм ярьсан. Энэ Тавантолгой төслийг хийхэд хамгийн том асуудал нь юу байсан бэ гэхээр Хятадаас өөр Япон, Солонгос зэрэг зах зээлд гарах тухай асуудал байсан. Эдгээрт ямар ч санал, хариулт байхгүй  зөвхөн өөрийнхөө Тавантолгойг үнэлээд л бидэнд өгчих гэдэг санал өгсөн. Энэ санал нь Засгийн газраас тавьсан шалгуур даагаагүй унасан юм.

 

-Тавантолгой IPO хийхэд ямар эрсдэл байна гэж та харж байна вэ. Одоо яригдаж байгаа IPO хийгдэх боломж байна уу?

 

-IPO гээд гоё нэр томъёо л хэрэглээд байгаа болохоос биш үнэн хэрэгтээ бид IPO-оор дамжуулж хөрөнгө оруулалт босгох гээд байна. Бид өөрсдөө баяжуулах үйлдвэрээ барьчих мөнгө алга. Төмөр зам барих мөнгө алга. Дөнгөж түүхий нүүрсээ экспортлоод түүнийхээ орлогоор л амьдарч байгаа улс орон болчихоод байна. Тэгэхээр IPO босгож, хөрөнгө босгоё гэж эрмэлзэж байгаа нь хэдийгээр цаг хугацаа, монголчуудын аж байдлыг бүхэлд нь аваад үзэхэд олон жилээр оройтчихсон ч гэсэн зөв санал. Гэхдээ хөрөнгө босгоход хэцүү цаг дээр тулчихсан. Монголчууд үргэлж мега төслөө хийж чадахгүй улстөрждөг нөхцөлд хөрөнгө босгоно гэдэг тун магадлал бага л гэж хэлэх байна.

 

Б.Итгэл

СЭТГЭГДЭЛ БИЧИХ