Ш.Оргил: Тусгаарлагдсан оюутнуудын ар гэрийнхэн хэрэглээний зардлыг хурдан шийдмээр байна

Сэлэнгэ аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Ш.Оргил өнөөдөр цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Сэлэнгэ аймгийн Засаг дарга Ш.Оргил:
-Сэлэнгэ аймагт түр тусгаарлагдан ажиглалтад байгаа иргэдийн биеийн байдал хэвийн ямар нэгэн зовиур илрээгүй. Алтанбулагийн боомтоор орж ирсэн зорчигчдоос эрүүл мэндийн анхан шатны үзлэг, тандалтаар сэжигтэй гурван тохиолдол илэрсэн. Эдгээр гурван иргэнийг аймгийн эрүүл мэндийн байгууллагад шилжүүлсэн. Бусад 33 зорчигчийг Алтанбулаг, Сүхбаатар сумын тусгаарлах байранд ажиглалтад авлаа.
Аймгаас төлөөлөгч томилоод тусгайлан бэлтгэсэн хоёр автомашинаар энэ сарын 17-ныг дуустал хилийн цаана буюу Хиагтын районд гарч Монгол иргэдээ тосон авсан. ОХУ улсаас болоод гуравдагч орноос ОХУ-аар дамжин ирж байгаа иргэдийг тусгаарлах арга хэмжээг авч ажиллалаа.
ОХУ-аас зүгээс хилийн боомтууддаа гуравдугаар сарын 18-наас тавдугаар сарын 01 хүртэл зорчигч тээврийн түр хязгаарлалт хийгээд байна. Тиймээс хилийн цаана гарч зохицуулалт хийх боломжгүй боллоо. Иймд Хиагт руу ирж байгаа Монгол иргэд, хилээр нэвтрэхдээ мэдүүлэг, анкетийг үнэн зөв бөглөхөд онцгойлон анхаарах хэрэгтэй.
Улсын онцгой комиссын шийдвэрээр монгол иргэдийг хаанаас ирж байгаагаас нь үл хамааран 14 хоног тусгаарлах байранд байлгаж байна. Тусгаарлагдаж байгаа иргэдийг эрэгтэй, эмэгтэй тасагт хувааж байрлуулж байгаа.
Дархан-Уул аймгийн ачаалал ихэссэн тул манай аймаг энэ сарын 15-аас иргэдийг тусгаарлан ажиглах байрандаа хүлээн авч эхэлсэн. ОХУ-ын их, дээд сургуулиуд сургалтын үйл ажиллагаагаа түр зогсоогооод, гадаад оюутнуудаа дотуур байрнаасаа гаргаж байгаа. Тэнд суралцаж байгаа манай ихэнх оюутнууд ирж байна. Иймд оюутнуудын ар гэрийнхэн тусгаарлагдсан хоногийн зайлшгүй хэрэглээний зардлыг хурдан хугацаанд шийдэхэд анхаармаар байна. Тусгаарлалтын төлбөр дараа, дараагийн тусгаарлалтын бэлтгэл ажилд зарцуулагддаг. Дээр нь тусгаарлагдаж байгаа иргэдээс халуун ус, душ-д ормоор байна гэсэн санал, гомдол гарч байгаа. Бид орон нутгийн боломж бололцоогоо дайчлан шаардлагатай арга хэмжээг авч ажиллаж байна.
Улсын болон аймгийн Онцгой комиссын шийдвэрээр олон нийтийг хамарсан үйл ажиллагааг түр зогсоосон. Гэвч үйл ажиллагаа явуулж байгаа зарим нэг аж ахуйн нэгж, сүм хийдийн талаарх мэдээллүүд аймгийн Онцгой комисст ирж байна. Улс болон аймгийн онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн тохиолдолд бид холбогдох хуулийн дагуу арга хэмжээ авна.
Иргэд онцгой комиссын шийдвэрийг зөрчсөн талаарх талаарх мэдээллийг аймгийн шуурхай штабын 7036-3684 дугаарын утсанд мэдээлж болно.
Аймгийн онцгой комиссын шийдвэрээр Сүхбаатар, Алтанбулаг сумдад нутгийн захиргааны байгууллагын 45 ажилтан, албан хаагч эргүүлийн ажлыг зохион байгуулан ажиллаж байна. Хөл хориог чанд сахимаар байна хэмээв.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ