Эцэг эхчүүд хүүхдийнхээ онцлогт тохируулж хичээл давтуулах хэрэгтэй

Коронавирусийн өвчлөл хурдацтай тархаж дэлхий даяар өндөржүүлсэн бэлэн байдал зарлаж, хөл хорио тогтоогоод байна. Өнөөдөр дэлхийн хэмжээнд өнөөдрийн байдлаар 849 сая хүүхэд, сургууль завсардаад байгаа юм. Манай улсын хувьд бүх шатны боловсролын байгууллагын үйл ажиллагааг түр зогсоох хугацааг дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл сунгалаа.
Иймд улс орон даяар цахимаар хичээлийг зааж, сурагчид цагийн хуваарийн дагуу телевизээр үзэж байгаа. Тэгвэл телевизийн цахим хичээл нь хүүхдийг хоцрогдолд оруулж байна гэж эцэг эхчүүд шүүмжлэлтэй хандаж байна.
Иймд телевиз, цахимаар хичээл үзэх нь үр дүнтэй эсэх, мөн эцэг эхчүүд юун дээр анхаарал хандуулбал зохих талаар нийслэлийн ерөнхий боловсролын лаборатори 20 дугаар сургуулийн бага ангийн багш Д. Бадамгаравын зөвлөгөөг хүргэж байна.
Сурагчид телевизээр хичээл үзэх нь хэр үр дүнтэй байгаа вэ?
Манай улсын хувьд телевизээр хичээл үзэж байгаа нь шинэлэг, дэвшилттэй зүйл болж байна. Гэсэн ч богино хугацаанд хурдан заах нь бага ангийн сурагч, тэр дундаа нэгдүгээр ангийн хүүхдийн хувьд хүндрэлтэй байна.
Багш, эцэг эх, сурагчид хэр холбоотой ажиллаж байна вэ?
Харилцаа холбоо сайн байгаа ч зарим эцэг эхчүүд улс орон даяар завсардаж байгаа учраас хүссэн хүсээгүй хичээл нөхөж орно гэж үзээд анхаарал халамжаа сулруулж байна. Мөн өдрийн цагаар ажилтай тохиолдолд оройд заавал хүүхдийнхээ гэрийн даалгаврыг шалгаж, хамтдаа давтаж баймаар байна. Багш, хүүхэд, эцэг эх хамтарч ажилласнаар үр дүнтэй, хоцрогдол бага гарна.
Эцэг эхчүүд хүүхдийнхээ хичээлийг давтуулахад хэр анхаарал хандуулж байна вэ?
Эцэг эхчүүд заах арга зүйн хувьд дутмаг, өрөөсгөл ойлголттой байна. Хүүхдээ хэт их шахах, бусад хүүхдүүдтэй харьцуулах нь буруу юм. Хүүхэд бүрийн онцлогт тохируулж, орчин бүрдүүлэх, хамтдаа хичээллэх хэрэгтэй.. Тиймээс зайлшгүй эцэг эхчүүд, гэр бүлийн гишүүн нь хичээлийг хүүхдийнхээ онцлогт тохируулж тайлбарлаж зааж баймаар байна гэсэн юм.
Харин орон нутгийн хүүхдүүд цахим хичээлдээ хэр сурч байгаа бол. Энэ талаар орон нутгийн сурагчдаас тодрууллаа. Аймаг, сумын төвийн хүүхдүүд хичээлээ цаг тухайд нь үзэх боломжтой, хичээлээ ч хийж, давтаж байна.
Тэгвэл малчин айлын хүүхдүүд хаврын мал төллөлтийн үеэр гэртээ, эцэг эхдээ туслах гэж тэр бүр хичээлдээ анхаарахгүй байгааг дурьдаж байна. Хүүхдүүдийг буруутгах аргагүй . Хаврын хүнд цагт эцэг эхдээ туслахыг хэн хүнгүй хүсэлгүй яахав. Гэсэн ч тогтсон цагт хичээлээ үзээд явбал хоцрогдол үүсэхгүй тустай байхсан.
Сургуулийн цахим хаягаар хичээлээ үзэж, лекц ,семинар, бие даалт, шалгалтаа өгч байгаа. Харьцангуй хариуцлага хүлээж, асуудлыг ойлгох учраас тэдний ихэнх нь хичээлээ хийж байна. Гэхдээ л хэнэггүй хэдэн гарууд мэдээж бий. Хорио цээрийн энэ хугацаа бол оюутнуудын тухайд бие даан хөгжих, боловсрох, өөрийгөө дайчлах боломж гэж харах хэрэгтэйг сурган хүмүүжүүлэгчид захиж байна. Нөгөө талаас багш нарын бие даалт даалгаварт, номноос уншиж ,бичих даалгавар их байгаа. Гэтэл хөдөө орон нутагт тухайн ном нь олдохгүй хэцүү. Иймд оноогоо гүйцэт авч чадахгүй цаашлаад бие даалтаа хийлгүй 0 үнэлгээ авах тохиолдол гарсаар байгааг хаа хаанаа анхаарах хэрэгтэй.
Дэлхийг цочроож байгаа энэ цар тахлын үед өөрсдийн эрүүл мэнд амь насныхаа төлөө хэн хүнгүй хичээж ажиллахаас өөр сонголтгүй. Иймд оюутан сурагчид өөрсдийн ирээдүйн төлөө хариуцлагатай байж, сурах чиглэлийг эрхэм болгох нь зүйтэй юм.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ