COVID-19: Хятадын төлөөлөгчид Италийн арга хэмжээг хангалтгүй гэж үзжээ

Шинэ төрлийн титэм вирустэй тэмцэх зорилгоор Итали улс авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг хангалттай хатуу биш хэмээн Хятадын төлөөлөгчид үзжээ. БНХАУ-ын Улаан загалмайн орлогч дарга Сунь Шуопэн Италид очоод, италичууд хамтдаа хооллож, үдэшлэг зохион байгуулахын дээр амны хаалт ч зүүхгүй байгааг хараад ихэд гайхсан талаар Синхуа мэдээлсэн байна. Түүнчлэн халдварын дэгдэлтэд цагаа олж хариу арга хэмжээ аваагүй гэж шүүмжилсний дээр титэм вирустэй өвчтөн эрт илэрсэн ч Италийн эмч нар "улирлын томуу" гэсэн онош тавьж, хугацаа алдсан байж болзошгүй хэмээн шинжээчид таамаглажээ.
Ердөө сарын өмнө өвчний голомт болсон Хятад улсад халдварын тархалт бусад газраас эрчимтэй явагдаж байв. Харин гуравдугаар сарын 12 гэхэд тус улс титэм вирусийн оргил үеийг давсан гэж Хятадын Эрүүл мэндийн улсын хороо мэдэгдэж байлаа.
Гуравдугаар сарын 19-20-ны өдрийн байдлаар БНХАУ-д хоногт 126 шинэ тохиолдол бүртгэгдэж байсан бол яг энэ үеэр Италид халдвар асар хурдацтайгаар, 5322 хүн нэмж халдвар авсан юм.
Нөхцөл байдал ийн хүндэрсэн тул БНХАУ-ын эрх баригчид гуравдугаар сарын 11-ний өдөр Итали руу хүмүүнлэгийн тусламж болон эмч, шинжээчдийн багийг илгээх шийдэр гаргасан. Энэ багийн бүрэлдэхүүнд Хятаын Улаан загалмайн дэд ерөнхийлөгч багтсан юм. Тэрбээр Итали дахь хамгийн хүнд нөхцөл байдалтай байгаа бүс нутаг болох Ломбардид ажиллажээ.
"Ломбарди дахь өнөөгийн нөхцөл Уханьд хоёр сарын өмнө бидний туулсан нөхцөл байдалтай адил байна. Ухань хотод хөл хорио, хязгаарлалт тавих шийдвэр гарснаас хойш өвчлөлийн оргил үе буурч эхэлсэн. Харин энд, титэм вирусийн халдвар ихэссэн Миланд хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхгүй байна. Хүмүүс олон нийтийн тээврээр зорчиж, хамтдаа хооллож, зочид буудалд хурал цуглаан, үдэшлэг зохион байгуулж, амны хаалт зүүхгүй байна " хэмээн БНХАУ-ын Улаан загалмайн дэд ерөнхийлөгч өгүүлжээ.
Улмаар тэрбээр Италийн бүхий л иргэдэд хандан гэрээсээ гарахгүй байхыг, харин тус улсын засгийн газрыг титэм вирустэй тэмцэхийн тулд боломжит бүх аргыг ашиглахыг уриалсан байна.
"Хүмүүс энд юу бодож явааг би мэдэхгүй юм. Бид эдийн засгийн үйл ажиллагаагаа зогсоож, хүмүүс хоорондоо харилцахаа болих хэрэгтэй" хэмээн Шуопэн мэдэгджээ.
Түүнчлэн Хятад улс арми, цагдаагаа дайчлан, хүмүүсийг гэрээс нь гаргалгүй, хяналтын пост ажиллуулж, дрон ашиглан эргүүл, хяналт тавих зэргээр нэн хатуу арга хэмжээ авснаар халдварыг хяналтандаа оруулсан гэдгийг онцолжээ.
Италийн авч хэрэгжүүлсэн арга хэмжээ
Итали улс титэм вирусийн дэгдэлт эхэлснээс хойш Хятадтай агаарын харилцаагаа зогсоосон Европын холбооны анхны улс болж байлаа. Тодруулбал Хятадад халдварын тохиолдол 9,5 мянга, харин Италид ердөө хоёрхон бүртгэгдсэн нэгдүгээр сарын 30-ны өдөр Итали агаарын харилцаагаа зогсоосон бөгөөд халдвар авсан хоёр хүн хоёулаа БНХАУ-аас ирсэн байжээ.
Ингээд ердөө сар хүрэхгүй хугацаанд буюу хоёрдугаар сарын 23-н гэхэд Италид халдварын тохиолдолл 79 болж, Италийн Ломбарди болон Венетод хөл хорио тогтоосон юм. Гуравдугаар сарын наймны өдөр 14 мужид хөл хорио тогтоосон бол хоёр өдрийн дараа, тус улсад халдвар авсан хүн 9172 болмогц улс даяар хөл хорио тогтоов.
Ингэснээр бүхий л төрийн олон нийтийн арга хэмжээ зохион байгуулахыг хориглож, боловсролын байгууллагууд төдийгүй музей, театр, фитнесс төвүүд хаагдсан юм.
Мөн иргэдийг гэрээсээ гарах, онц шаардлагагүйгээр гадуур зорчихыг хориглосон. Гагцхүү ажилдаа явах, эмчилгээ хийлгэх, цуцалж болохгүй ажлаар явахыг л зөвшөөрсөн байна. Онц шаардлагагүйгээр гадуур зорчиж байгаа иргэдэд хууль сахиулагчид хяналт тавьж, зөрчсөн иргэдийг гурав хүртэлх сарын хугацаагаар хорих эсвэл 206 еврогоор торгох шийтгэл ноогдуулахаар болжээ.
Италичуудын алдаа
Нэгдүгээр сарын сүүлээр Италид шинэ төрлийн титэм вирусийн халдвар албан ёсоор бүртгэгдсэн ч үүнээс ч өмнө халдвар орж ирсэн гэж зарим шинжээчид үзэж байна.
"Вирус бүр эрт дэгдсэн байх магадлалтай. Манайд томууны оргил үе таарч, хүмүүс эмчид хандахдаа улирлын томууны шинж тэмдэг илэрсэн тухайгаа хэлж байсан тэр үед л титэм вирус байсан байж болзошгүй" хэмээн Италийн Эрүүл мэндийн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан Флавия Риккардо Тайм сэтгүүлд ярьжээ.
Гэтэл өвчтөнүүд титэм вирусийн халдвар авсан байх үед эмч нар улирлын томуу гэж үзэн эмчлэх гэж оролдож байсан гэж таамаглаж байгаа аж. Үүний баталгаа болгон, COVID-19 тархахаас өмнө Италийн хойд хэсэгт томууны дэгдэлт асар их бүртгэгдсэн гэдгийг Яаралтай тусламжийн хэлтсийн дарга Стефано Палья La Repubblica сонинд өгсөн ярилцлагадаа онцолжээ.
Томууны шинж тэмдэгтэй гэх өвчтөнүүдийг хүлээн авч байсан эмнэлгүүд өвчин тархах голомт болсон байж болзошгүй гэж тэрбээр өгүүлсэн байна.
"Эхлэл нь үл анзаарагдам байсан. Энэ нь, бид нөхцөл байдлыг ухаарч эхлэхээс ч өмнө хэдийнэ халдвар даамжирсан байсан гэсэн үг" хэмээн Риккардо онцолжээ.
Түүнчлэн италичуудын онцлог нөхцөл байдлыг хүндрүүлсэн гэж Английн Редингийн их сургуулийн профессор Марина Делла Жуста үзэж байна. Учир нь тэд бусадтай маш ойр зайнд харилцахын дээр мэндлэхдээ нэгнээ үнсдэг нь халдвар хурдах тархахад нөлөөлсөн байж болзошгүй аж.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ