Ю.Жаргалсүрэн: Хүмүүс тамхины хог их хаяж байна

Айл бүрийн жаазанд ижил нэг зураг бий. Улсын нийслэл Улаанбаатар хотын төв талбай дээрх зураг. Монгол Улсын нүүр царай. Албан айлчлал, аялал жуулчлал, нэгдсэн арга хэмжээ бүхий л, улсын гэсэн тодотголтой зүйлс талбай дээр болно. Тэгвэл өнөөдөр, их хотын минь төв талбайгаар сонин сайхан юутай байна?
Өглөө эрт учраас хэсэг хүмүүс талбай тойрч гүйж харагдана. Харин зарим нь зүгээр л нарлаж сууна, хэн нэгний хүлээнэ. Ажилдаа явах замын маршрутаараа яаран алхлах нэгэн. Зураг даруулах хэн нэгнийг хүлээх зурагчид. Өдөр бүр харагдах тогтсон хэв маяг, дүр төрх. Гэвч өнөөдөр том ногоон савыг, дааж ядан өргөх эмэгтэй анхаарал татна. Энэ эмэгтэй та бид эртний танилууд. Ингэж хэлж байгааагийн учир нь бид бүхний өдөр бүр харсаар байгаад дасал болсон
ТҮК-ийн ажилчид. Эгчмэд эмэгтэйг түрдэг том ногоон саваа дааж ядан өргөхийг хараад нэг залуу түүн рүү яаравчлан алхана. Бодвол ээж шиг ээ энэ эмэгтэйд туслахыг хүссэн бололтой. Гэвч залууг очихын зуурд саваа өргөөд хогийн сав руугаа хийчихлээ. Залуу ч өөрийн замаар цааш алхлаа. Хэдийгээр туслахыг хүссэн ч амжаагүй тэр залуугийн сэтгэл үнэхээр сайхан. Хөндлөнгөөс ажин суугаа би, тэр эгчийн өмнөөс залууд талархъя. Ингээд төв талбайн цэвэр цэмцгэр, өнгөтэй, өөдтэй байх дээр анхаардаг өөрөөр хэлбэл ариун цэвэр сахиулагч ОНӨААТҮГ-ын Хот тохижуулалтын ажилтан Ю. Жаргалсүрэнтэй ярилцахаар зорилоо. Тэрбээр хүсэлтийг минь “Эгч нь чих хатуу, бичээд байгаарай” гэж инээмсэглэн хүлээж авлаа.
-Өглөө хэдэн цагт таны ажил эхэлдэг вэ?
-Ажил өглөө зургаан цагаас эхэлж, 17:00 цагт тардаг. 10:00 - 11:30-ийн хооронд цайны цаг. Харин 0-12 насны хүүхэдтэй ажилчид өглөө 08:00 цагаас өдрийн 15:00 цаг хүртэл ажилладаг.
-Таны гэр хаана байдаг вэ?
- Дэнжийн 1000-д байдаг. Өглөө таван цагаас гэрээсээ гараад талбай хүртэл алхаад ирэхэд яг ажлын цаг болдог.
-Хэдэн жил ажиллаж байна вэ?
-Найман жил ажиллаж байна. Төв талбай хэсгийг хариуцаж цэвэрлэдэг.
-Долоо хоногийн хэдэн өдөр ажилладаг вэ?
-Хагас сайн өдөр амардаг. Бусад өдөрт нь ажилдаг. Ерөнхийдөө долоо хоногт нэг л өдөр амардаг гэсэн үг.
-Цэвэрлэгээний материал, хангамж хэр байдаг вэ?
-Хангалттай байдаг. Хүрз, шүүр, хогийн сав, өвлийн цагт бол малтуур нүдүүр нэмж өгдөг. Сард хоёр бээлий, нэг маск өгдөг.
-Хэдэн ээлжийн масктай вэ? Маскаа хэдэн цаг тутамд тогтмол сольж байгаа вэ?
- Гурван ээлжийн даавуун масктай . Амьсгаанд нороод байдаг. Тэгэхээр нь сольж зүүдэг. Ажлын байрандаа угаагаад хэрэглэдэг.
-Коронавирус, хөл хорионы энэ цагт ажлын газраас нь маск нэмж өгч байгаа юу?
-Ажлын газраас сар бүрийн эхэнд нэг маск өгдөг. Түүнийгээ л угааж ашигладаг даа. Одоо бол өмнөх өгдөг шигээ л адилхан нэг маск өгч байгаа.
-Өндөржүүлсэн бэлэн байдал, хөл хорионы цагт ачаалал хэр байна вэ?
-Энгийн үеийг бодвол хүмүүсийн хөл хөдөлгөөн бага байгаа. Гэсэн ч хүмүүс тамхины хог их хаяж байна. Мөн нохойгоо салхилуулаад явахаар нохойны баас их байдаг.
-Таны харж байгаагаар гадуур яваа хүмүүс амны хаалтаа сайн зүүж байна уу?
-Зарим нь зүүгээд зарим нь зүүхгүй байна. Хүмүүсийг аль болох өвчин гарсан энэ үед маскаа сайн зүүгээд эрүүл байгаасай гэж хүсч байна.
Хүн бүрийг гараа угааж, ариутгаж, тэр дундаа хүүхдийнхээ эрүүл мэндэд анхаарч өвчин зовлонгүй эрүүл байгаасай гэснээр бидний яриа өндөрлөлөө. "Амжилт хүсье, дүү минь" гээд инээмсэглэн ажилдаа орох энэ эмэгтэй Монгол Улсын минь нүүр царайг өнгөлөн өөдөн татаж өглөө бүр ажилдаа дуртай ирж өөрийн ажлаараа бахархан хийж, үлгэрлэн харуулж байна. Иргэд та бүхэн ч гэсэн өрөөлийг болон өөрийгөө хүндэлж ухамсартай хандаж хогоо хогийн саванд хийж хэвшээрэй.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ