"ЭЕШ-д бэлтгэгчид өөртөө өндөр шаардлага тавьж ажиллах хэрэгтэй"

Цаг үеийн асуудлаас үүдэн боловсролын байгууллагууд танхимаар хичээллэхээ түр зогсоож, цахимаар хичээллэж байна. Энэ жилийн элсэлтийн ерөнхий шалгалтанд зориулан Боловсролын үнэлгээний төвөөс явуулж байгаа Онлайн шууд /live/ хичээлийн талаар БҮТ-ийн Үнэлгээ хөгжүүлэлтийн хэлтсийн дарга М.Гантуяагаас тодрууллаа.
-Онлайн хичээл хэдий хугацаанд үргэлжлэх вэ?
Элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэгчдэд зориулсан онлайн шууд /live/ зөвлөмж хичээл гуравдугаар сарын 23-аас эхлэн явагдаж байна. Онлайн хичээл зургаан долоо хоног үргэлжлээд тавдугаар сарын 08-ны өдөр дуусна.
-Онлайн шууд хичээл нь теле хичээлээс юугаараа ялгаатай вэ?
-Шууд явагдаж буй зөвлөмж хичээл нь ЭЕШ-ын өмнөх онуудын даалгавар тус бүрийн гүйцэтгэлийн үр дүнд тулгуурлан тухайн даалгавартай холбоотой агуулгын хувьд эзэмшвэл зохих онолын суурь ойлголтуудыг сэргээн сануулах, эзэмшсэн байх чадварыг бататгах зорилготой. Түүнээс гадна шууд хичээлийн үеэр багш, суралцагчид өөрийн эргэлзсэн болон мэдэхгүй зүйлээ тодруулан комментоор асууж хариултыг шууд авах боломжтойгоороо теле хичээлээс ялгаатай юм. Ингэснээр багш, сурагчдын хооронд харилцаа бий болж тухайн даалгавраар дамжуулан суралцагчид өөрийн түвшнээ тодорхойлох, цаашид ямар чиглэлээр гүнзгийрүүлэн судлах хэрэгтэй вэ гэдгээ тодорхойлох боломжтой болно. Онлайн хичээлээр сурагчид ойлгохгүй байгаа зүйлсээ асуултаар ирүүлж, багшаас тодруулга, тайлбар авах боломж нээлттэй.
Өргөн сувгийн 16 телевизээр гарч буй теле хичээл нь тухайн агуулгын хүрээнд зайлшгүй мэдвэл зохих суурь ойлголтууд болон эзэмшсэн чадварын талаар өргөн хүрээний агуулгыг зааж байгаа. Өөрөөр хэлбэл 6-12 дугаар ангийн агуулгыг бүхэлд нь базаж цогц байдлаар нэгдсэн ойлголтыг өгч байгаа. Энэ хүрээнд төгсөх ангийн суралцагчид өөрийн өгөхөөр бэлтгэж буй шалгалтын хүрээнд 6-12 дугаар ангийн теле хичээлүүдийг бүхэлд нь үзэж өмнөх мэдлэг, ойлготоо сэргээх боломжтой.
-Онлайн шууд /live/ хичээл хэдэн минут үргэлжлэх вэ?
Нэг хичээлийн үргэлжлэх хугацаа хорин минут байна. Онлайн хичээлийг сурагчдын зүгээс ирүүлж буй асуултаас шалтгаалан 30 минут хүртэл сунгах боломжтой. Мөн хичээл дууссаны дараа асуулт ирвэл, тухайн хичээл орох дараагийн цаг дээр тайлбарлаж өгнө.
-ЭЕШ өгөхөөр бэлтгэж буй суралцагчдад юуг анхааруулж зөвлөх вэ?
-Ямар хичээлээр шалгалт өгөх вэ гэдгээс хамааран мэргэжлийн багш нараасаа заавар зөвлөмж, давтлага авах нь зүйтэй. Юуны өмнө өөрийн бэлтгэж буй шалгалтнхаа өмнөх оны жишиг тестийг цаг тавин ажиллаж үзэх, шалгалтын материал дээрх даалгавруудыг бүрэн гүйцэтгэж амжиж буй эсэх, хариултын хуудсан дээр алдаа мадаггүй будаж чадаж буй эсэхийг турших хэрэгтэй. Ингэснээр шалгалтын үед гарах механик алдаанаас сэргийлнэ. Үүний дараа ямар төрлийн даалгавруудыг сайн гүйцэтгэж байна, ямар даалгаврууд дээр алдаа гаргаж байна вэ гэдгээ тодорхойлох хэрэгтэй. Ингэснээр цаашид аль чиглэлээр илүү их уншиж судлах, бэлтгэх хэрэгтэй вэ гэдэг асуултын хариулт гарч ирнэ. Мөн даалгаврын асуултыг уншиж ойлгох нь маш чухал чадварт тооцогддог.
Суралцагчдын гаргаж буй алдаанаас харахад асуултаа уншиж бүрэн гүйцэд ойлгоогүйгээс болж тухайн даалгаврыг буруу гүйцэтгэх тохиолдол гардаг. Иймээс асуултаа сайн уншиж ойлгох, даалгавар гүйцэтгэх хурдаа сайжруулах, өдөр бүр тогтмол давтах гэх мэтээр өөртөө нэлээд өндөр хариуцлага, шаардлага тавьж бэлтгэх хэрэгтэй. Дан өөрийн мэддэг чаддаг агуулгын хүрээнд давтаад байх бус тухайн өгөхөөр бэлтгэж буй шалгалтынхаа хүрээнд үзэж судалсан бүхий л агуулгыг системтэйгээр унших, холбогдох дасгал даалгаврыг хөнгөнөөс хүнд рүү чиглэлтэйгээр ажиллах хэрэгтэй. Мөн буруу хариулсан асуултуудын тухайд багш нараасаа зөвлөгөө авах, тэр даалгавартай холбоотой агуулгыг дахин дахин унших гэх мэтээр давтах нь зүйтэй болов уу. Мөн тогтмол давтах, унших, дасгал даалгавар ажиллах цагийг өдөр бүр гаргаж ажиллах нь илүү үр дүнтэй байна.
Нийт суралцагчиддаа амжилт хүсье.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ