COVID-19: Испанийн цэргүүд ахмадын асрах байрнаас олон цогцос олжээ

Титэм вирусийн халдварын тархалттай тэмцэх ажилд дайчлагдсан Испанийн армийн онцгой байдлын бригадын цэргийн албан хаагчид айл өрх, албан байгууллагуудаар орж ариутгал хийж байгаа юм.
Энэ ажлын хүрээнд, улс орон даяар ахмад настнуудын асрах байруудаар орж ариутгал хийхэд олон зуун ахмад настан ямар ч асаргаагүй, зарим тохиолдолд нас барсан байхыг олсон талаар Радио Свобода мэдээлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр, ахмад настнуудыг асрах ёстой мэргэжилтнүүд ихэвчлэн тэднийг зөнд нь орхиж, зарим тохиолдолд COVID-19 вирусийн улмаас нас барсан байж болзошгүй гэж үзэн цогцосыг нь тусгай байранд ч хүргэлгүй, оронд нь тэр чигээр нь үлдээсэн байхтай цэргийн албан хаагчид таарчээ.
Испанийн Батлан хамгаалахын сайд Маргарита Роблес мэдэгдэл хийхдээ армийнхан ийм тохиолдлуудтай таарсандаа ихэд цочирдсон, мөн цаашид ийм нөхцөлд "маш хатуу, чангаар шийтгэнэ" хэмээн онцолжээ. Мөн Испанийн Прокурорын Ерөнхий газар дээрх тохиолдлуудад эрүүгийн хэрэг үүсгэсэн байна.
Энд дуулгахад, Испанийн хүн амын 19 хувь нь 65-аас дээш насныхан байдаг аж. Мөн тус улсад титэм вирусийн тархалт хурдацтай нэмэгдэж, халдварын тохиолдол 47 мянга, нас баралт 2700 бүртгэгдсэн энэ үед бүх нийтийн хатуу хөл хориог ирэх сарын 11 хүртэл сунгасан юм.
Испанийн нийт халдвар авсан хүмүүсийн 60 хувь нь Мадридад бүртгэгдсэн бөгөөд энэ хотод сэхээн амьдруулах болон энгийн тасгууд дүүрч, өвчтнүүд эмнэлгийн хонгилд газар хэвтэх зэргээр нөхцөл байдал хүндэрсэн байна.
Улмаар, титэм вирусийн дэгдэлтийн үед үйлчлүүлэгчгүй болж хоосорсон Мадридын томоохон, таван одтой буудлууд ч өөрсдийн байрыг өвчтөн хүлээн авахад зориулан ашиглуулахыг зөвшөөрчээ. Мөн Мадридын асар том үзэсгэлэн худалдааны цогцболор 5500 ортой түр эмнэлэг болон хувирсан бөгөөд цаг тутамд энэ эмнэлэг рүү армийн ачааны машинаар өвчтөнүүдийг цэргүүд зөөн авчирч байгаа гэнэ.
Харин Мадридын "Мөсөн ордон" нэртэй мөсөн талбайн газар цогцос хадгалах газар болон хувирчээ.
Г.Бямбасүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ