
Хүний хөгжил сангаас энэ оны тавдугаар сарыг хүртэл иргэн бүрт сар бүр 21 мянган төгрөг, зургадугаар сард 23 мянган төгрөг буюу нийт 128 мянган төгрөг олгоно гээд тогтчихсон байгаа. Гэхдээ иргэд нэгдүгээр сарын “хишиг”-ээ хүртэж амжаагүй байна.
Энэ сарын 15-наас олгож эхэлнэ гэх мэдээллийг Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газрын Халамжийн хэлтсээс өгч байсан. Тэрчлэн 21 мянгаа авахаар Хадгаламж, Капитал банкны үүдээр эргэлдэж байгаа иргэд цөөнгүй байна. Харин банкны зүгээс 20-ны өдрөөс олгож эхэлнэ гэсэн тайлбарыг өгч байна.
Тиймээс Хөдөлмөр халамжийн үйлчилгээний газраас дахин тодруулахад “2012 оны төсөвт тусгасан орлого хараахан Сангийн яаманд бүрдэж амжаагүй байгаатай холбоотойгоор 21 мянган төгрөг олгогдож эхлээгүй байна. Гэхдээ маргаашнаас эхлээд Нийслэлийн дүүргүүдэд хуваарилагдаад эхлэх байх. Харин орон нутагт 20-ны өдрөөс хэтрэхгүйгээр хуваарилагдана” гэсэн зүйлийг хэлж байна.
21 мянган төгрөгийг олгох банкуудад өөрчлөлт орсон эсэхийг лавлахад “Хэвээрээ Хадгаламж, Капитал банкуудаар тараагдана” гэлээ. Мэдээж Хүний хөгжил сангийн мөнгөө авахын тулд Иргэн та хүн амын шинэчилсэн бүртгэлд хамрагдсан байх ёстой гэдгийг сануулах нь зөв биз ээ.
Мөн дуулгахад 2010 оноос тараасан 70 мянга, 50 мянга, өнгөрөгч 2011 оноос түгээсэн 21 мянгаа аваагүй иргэд мөнгөө авч болно. Эргэж татагдсан зүйл байхгүй гэдгийг тус газраас мэдэгдэж байгаа юм. Гэхдээ холбогдох бичиг баримтын зөрчилгүй байх ёстойг мэргэжилтэн анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ