МИАТ компани хүнд байдалд орсон тул ажил хайж байна

Үндэсний агаарын тээвэрлэгч МИАТ компани COVID-19 вирусийн улмаас нислэг зогсоосонтой холбоотойгоор хүнд байдалд орсон талаар МИАТ ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баттөр мэдээллээ.

Тэрбээр "Дэлхий нийтийг хамарсан COVID-19 вируст хамгийн түрүүнд нэрвэгдэж байгаа салбар агаарын тээвэр байна. Дэлхийн томоохон компаниудын дийлэнхи нь 4,5 дугаар сард дампуурлаа зарлахад бэлэн болжээ. Бид ч гэсэн маш хүнд байдалтай байгаа.
Бид энэ оны нэгдүгээр улиралд 90 тэрбумын орлого төлөвлөсөн байлаа. Үүнээс COVID-19 .вирусийн дэгдэлт хурдацтай тархахаас өмнө 40 орчим тэрбумын төгрөгийн орлого хийж амжаад 50 гаруй тэрбумын алдагдалд хүрч, орлогын төлөвлөгөө тасарсан. Мөн өнгөрсөн гурван сарын хугацаанд нэмэлт зардал буюу онгоцны агааржуулалт хийхэд маш их хэмжээний хөрөнгө зарцуулсан. Уг нь хэдэн жилд нэг сольдог бол өвчний тархалттай холбогдуулан нислэг бүрт нэг солих шаардлага гарсан. Үүн дээр амны хаалт, хамгаалалтын хувцас зэрэг олон төрлийн нэмэлт зардлуудад нийт 52 тэрбум төгрөгийн зардал гаргасан байна. Өнөөдөр нэмээд онгоцны түрээс, гэрээгээр хүлээсэн зайлшгүй төлөх ёстой 44 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн маш хүнд байдалтай байгаа.
Өөрийн зүгээс нислэг байвал үйлдэхэд бэлэн. Нэг сая төгрөгийн орлоготой байсан ч хамаагүй нисгэгч нарынхаа цалинг тавих үүднээс бид Онцгой комиссын шийдвэрээр нислэг үйлдэж байгаа. Гадаадад бид маш их ажил хайж байгаа. Ачаа тээврийн онгоцнуудын хүрэлцээ сул байгаа учраас карго тээвэрт явах тендерт оролцох санал хүргүүлсэн.
МИАТ компанийн байдал маш хүнд байгаа. Өдийг хүртэл МИАТ компани төрийн дэмжлэг, татаас авалгүй ирсэн. Үндэсний агаарын тээвэрлэгч компаниа яг одоо дэмжих цаг ирээд байна" гэлээ.

Дашрамд мэдээлэхэд БНХАУ-ын Ухань хот руу тусгай үүргийн нислэг үйлдэхэд 53 мянган ам.доллар зарцуулсан бол Испанбулын нислэгт 450 орчим сая төгрөг зарцуулжээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ