Ж.Болормаа: Монгол руу явах хүсэлт гаргасан оюутан ховор

img

Цар тахлын энэ үед гадаадад байгаа монгол оюутан, залуус хүний нутагт яажшуухан амьдарч байна вэ? Shuud.mn сайт гадаадад ажиллаж, амьдарч байгаа иргэдтэй онлайнаар холбогдон цуврал ярилцлага хүргэж  байгаа. Энэ удаа  БНСУ-ын Бусан хотын Бусан их сургуулийн оюутан Ж.Болормаатай ярилцлаа.

 

 

-Сайн байна уу? Ямар мэргэжил эзэмшихээр сурч байна вэ?

 

-Сайн, сайн байна уу? Намайг Ж.Болормаа гэдэг. Монголд бакалавр эзэмшээд, одоо Бусан их сургуулийн Хүмүүнлэгийн их сургуульд археологийн мэргэжлээр магистрын зэрэг горилон суралцаж байна.

 

-Бусан их сургуульд  Монгол оюутан олон суралцдаг уу?

 

-Олон байдаг. Гэхдээ нарийн тоог нь мэдэхгүй байна.  Хэлний  бэлтгэлийн сургуульд бүр ч олон байдаг гэж сонссон.

 

-Сүүлийн үед манай оюутнууд Солонгос улсыг их зорих болж. Сургуулийн төлбөрийн тухайд  ямар байдаг вэ?

 

-Мэргэжлээсээ шалтгаалаад янз бүр байдаг. Ерөнхийдөө үндсэн ангийн төлбөр 2,3 сая вонноос 3,5 сая хооронд байдаг. Харин хэлний бэлтгэлийн төлбөр нэг улирлын 1,3 сая вон байдаг.

 

-БНСУ-ын Засгийн газрын тэтгэлэгээр суралцдаг уу?

 

-Миний хувьд өөрийн зардлаар, гэхдээ сургуулийнхаа 50 хувийн тэтгэлгээр сурдаг. Тэтгэлгийн хувьд топик 4-с дээш оноотой байж  хамрагдах боломжтой байдаг.  Эхний улиралдаа 50 хувь тэтгэлэг олгоно. Дараагийн улирлын төлбөр дүнгийн голчоос шалтгаалдаг юм. Гэхдээ Засгийн газрын тэтгэлэг биш зөвхөн сургуулиас бол  гадаад оюутанд өгдөг тэтгэлэг  дээд хэмжээ нь 50 хувь байдаг.

 

-Монголд сурах, Солонгос улсад  суралцахад амьдрах орчин, сургалтаас эхлээд ялгаа их байдаг байх? Хамгийн түрүүнд юу анзаарагдав.

 

-Надад маш их ялгаатай санагддаг. Монголд ихэвчлэн багш төвтэй сургалт явдаг бол Солонгос улсад оюутан төвтэй сургалттай.

 

Жишээ нь, манай ангийн хувьд хичээлийн цагаар зөвхөн оюутнууд л өөрсдийн бэлдэж ирсэн хичээлийг үзүүлээд илтгэл танилцуулдаг. Багш нар сонсоод, зөвлөмж зөвлөгөө өгнө. Харин оюутнууд хоорондоо  хэлэлцэх маягтай хичээл ордог. Өөрөөр хэлбэл, хичээлийн цаг дэээр багш биш оюутнууд өөрсдөө хийгээд багшид танилцуулна гэсэн үг. Харин багш нар хичээлийн бус цагаар лекцээ ордог. Мөн дан ганц солонгос хэл дээрх ном сурах бичгийг  ашиглах бус англи болон япон хэл дээр ч номнуудыг уншиж судлах хэрэгтэй болдог юм.

 

-Солонгос хэлийг хаана сурсан бэ?  

 

-Монголд байхдаа хэлээ сураад энд ирсэн. Монголд сураад ирвэл санхүүгийн хувьд их хэмнэлттэй санагддаг. Монголоос хэлний бэлтгэлээр ирсэн  найзуудаасаа сонсоход бүх  зардал нь нийлээд хамгийн багадаа 15 сая  төгрөг  хавьцаа болдог гэж сонссон. Миний хувьд монголд хэлээ сураад, топик шалгалтаа  өгөөд үндсэн ангидаа орсон.  Ойролцоогоор 5-6 сая төгрөгийн зардал гарсан. Манай залуучууд Монголдоо топикийн III шат хүртэл сураад Солонгос улсад ирээд ахиулсан түвшинд нь гурваас зургаан сарын хугацаанд  суралцвал илүү хэмнэлттэй байна. Нөгөө талаас Солонгос улсад ирээд  хэлний бэлтгэлдээ сурвал  үндсэн ангидаа ороод  бага  дарамт мэдрэх байх гэж бодож байна. Яагаад гэвэл хэлний бэлтгэлд байх хугацаандаа тухайн улсын соёл, хэл яриа, хүмүүсийнх нь  хандлага зэргийг нь мэдээд авчихна. Хэлний бэлтгэлээ төгсөөд үндсэн ангид ороход шаардлагатай хичээлүүд бас ордог. Жишээ нь, номны товчлол яаж хийх, цахим хичээл бэлтгэх талаар мэдлэгтэй болох нь  үндсэн ангидаа орсны дараа их давуу тал болно.

 

Миний хувьд шууд үндсэн ангидаа орсон болохоор  эхний үедээ их хэцүү байсан. Шинэ газар, соёл орчин нөхцөл гээд л  бүх зүйл шинэ байсан. Гэхдээ одоо бол дасаад сайн байгаа.

 

-Таны нэг өдрийн хэрхэн өнгөрдөг вэ?

 

-Одоо цахимаар хичээл орж байгаа болохоор өглөө  есөн цагаас  18 цагт хүртэл ажиллаж,  тараад гэртээ ирээд хичээлээ хийж байна. Хичээлээ хийгээд бас хажуугаар ажил хийгээд явахаар бараг амралтын өдөр гэж байдаггүй юм байна.

 

-Оюутны байранд амьдардаг уу?

 

 -Байр түрээслэж амьдардаг. Байрны үнийн  тухайд хот , байрлалаасаа шалтгаална. Ганц хүний өрөөний сарын түрээс нь 250-350 вон байдаг. Барьцаа нь нэг сая вон ба түүнээс дээш байдаг.

 

-Одоо хоёулаа цаг үеийн асуудлаар ярилцлагаа үргэлжлүүлье.  Коронавирусээс үүдэн  амьдарч байгаа хотод нь нөхцөл байдал  ямар байна?  

 

-Харьцангуй тайван байна. Иргэд гэрээсээ аль болох гарахгүй байгаа.

 

-Монгол оюутнууд  хичээлийнхээ хажуугаар цагийн ажил их  хийдэг. Одоо цагийн ажил хэр олдоцтой байна?

 

-Газар газраасаа шалтгаалаад өөр өөр байна. Гэхдээ үйлчилгээний газрууд хэвийн ажиллаж байгаа. Зөвхөн олныг хамарсан, олон нийтийн үйл ажиллагаа л зохион байгуулагдахгүй байна.

 

-Цаг үеэс шалтгаалж  хүнс өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ  өссөн үү?

 

-Бараа бүтээгдэхүүний үнийн нэмэгдлийн тухайд сайн мэдэхгүй байна

 

-Засгийн газрын шийдвэрээр амны хаалтыг зохион байгуулалттайгаар долоо хоногт нэг удаа хоёр ширхгээр авах боломжтой гэсэн. Энэ тухайд? 

 

-Солонгос улсад гуравдугаар  сарын 09-ний өдрөөс эхлэн долоо хоногт  нэг удаа нэг хүнд хоёр амны хаалт худалдаалахаар болсон. Төрсөн оны сүүлийн оронгоос шалтгаалаад өгч байна. Гадаад хүмүүсийн хувьд цэнхэр үнэмлэх, эрүүл мэндийн даатгалын дэвтэрээ үзүүлээд худалдаж авах боломжтой. Харин хууль бусаар байгаа хүмүүсийн тухайд худалдан авах боломжгүй.  

 

-           Даваа  гарагт – 1,6

 

-           Мягмар гарагт- 2,7

 

-           Лхагва  гарагт 3,8

 

-           Пүрэв гарагт 4,9

 

-           Баасан  гарагт 5,0 тоогоор төрсөн он нь төгссөн   хүмүүс  эмийн сан, шуудан, “Ханару” мартаар худалдан авах боломжтой байна.

 

-Амны хаалтын  үнэ? Үнэ нь нэмэгдсэн үү?

 

-Нэг ширхгийн үнэ  1500 вонн байсан.

 

-Гэрээ санаж байна уу? Харих тухай бодогдсон уу?

 

-Яг үнэнийг хэлэхэд гэрээ санах зав чөлөө гарахгүй л байна даа.

 

-Коронавирусийн талаар мэдээлэл хэр байна вэ?`

 

-Өдөр болгон мэдээгээр болон утсаар мэдээлэл ирж байгаа болохоор өвчний талаар мэдээлэлтэй байна. Энд сурч байгаа оюутнуудын хичээл цахимаар ороод эхэлсэн болохоор Монгол руу  явах хүсэлт  гаргасан оюутан ховор байгаа байх гэж бодож  байна. 

 

-Солонгос улсад суралцах хүсэлтэй монгол залуусдаа хандаж хэлэхэд?

 

-Яг сурахыг хүсч буй газар чинь Солонгос улс мөн, өөрөө сурахыг хүсч байгаа эсэхээ маш сайн бодох хэрэгтэй. Гэтэл гэр бүлийнхээ шаардлага бусад зүйлээс болж ирчихээд хэлний бэлтгэлдээ тэнцэлгүй, дахин дахин суралцаж мөнгө санхүүгээрээ хохирох тохиолдол бий. Олон хүндрэлийг давж туулчихаад зорилгодоо хүрэхгүй бол хэцүү шүү дээ. Харин үнэхээр энэ улсад суралцах хүсэлтэй бол санаа зоволтгүй хүрээд ирээрэй. Хичээгээд байхад болно шүү дээ.

 

Мөн уншигч та бүхэн амны хаалт зүүхгүйгээр явах  цаг удахгүй ирэх болохоор хүчтэй байгаарай.  Эрүүл энх сайхан бүхнийг хүсье.

 

-Ярилцсанд баярлалаа. Эрүүл энх сайхан бүхнийг хүсье.

 

Г.Мичидмаа

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Эрдэнэ:
Тхх. Оюутан охидууд хэдэн өвөө нараар их мөнгө олдог. Монгол залуусаа зөвхөн мөнгө болгож харна, ялгаж харьцана. Хамгийн их цусаа булингартуулж яваа нөхдүүд чинь энэ хэдэн эмэгтэйчүүд чинь билээ. Энэ талаар маш их баримт судалгаатай хэдэн минутын бичлэг удахгүй цацна. Эцэг эхчүүд, нөхрүүд юм бодно биз.
2020-04-04
baagii:
songost ynhan shahuu bolson emsvvvd ireh durguig hench meddeg bolchisonshdeee olon ubaagii. dund baidah geel medeee ih gardashdeee
2020-04-03
Эрдэнэ:
Тхх. Оюутан охидууд хэдэн өвөө нараар их мөнгө олдог. Монгол залуусаа зөвхөн мөнгө болгож харна, ялгаж харьцана. Хамгийн их цусаа булингартуулж яваа нөхдүүд чинь энэ хэдэн эмэгтэйчүүд чинь билээ. Энэ талаар маш их баримт судалгаатай хэдэн минутын бичлэг удахгүй цацна. Эцэг эхчүүд, нөхрүүд юм бодно биз.