Туркээс ирсэн дахин нэг иргэнээс COVID-19 илэрч батлагдсан тохиолдол 15 боллоо

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.06/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "Дөрөвдүгээр сарын 5-ны өдөр ХӨСҮТ болон улс орон даяар сэжигтэй тохиолдол илрээгүй. Мөн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан гурван хүнээс вирус илэрсэнгүй. ХӨСҮТ-д тусгаарлагдаж байсан Туркийн нэг иргэнээс вирус илэрлээ. Энэ иргэн нь өмнө нь батлагдсан Турк улсын хоёр иргэний ойрын хавьтлын хүн юм. Турк улсын гурван иргэн шинж тэмдэггүй хэлбэртэй эмчлэгдэж байгаа" гэлээ.
Ийнхүү Монгол Улсад COVID-19 вирусийн батлагдсан тохиолдол 15 боллоо. Үүнээс хоёр хүн эдгэрч сувилалд хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Дэлхийн 211 орон, улс, бүс нутагт COVID-19 вирусийн халдвар бүртгэгджээ. Шинээр Өмнөд Суданд өвчлөл бүртгэгдсэн байна. АНУ, Итали, Иран, Испани, Герман, Турк улсад өвчлөл хурдтай тархсан.
Өнгөрсөн ням гарагт Франц, Испани, Итали улсад нас баралт буурсан байна. Итали улсад 525 нас баралт бүртгэгдсэн нь гуравдугаар сарын 19-ны өдрөөс хойшхи хамгийн бага нас баралттай өдөр байжээ. ОХУ-д шинэ халдварын тоо 658-аар нэмэгдэж нийт халдвар авсан хүний тоо 5000 гаруйд хүрчээ.
Мөн гадаад улс орнуудад зоо паркийн таван бард халдвар тарсан. Мөн гэрийн тэжээвэр муу, нохойнд халдвар тархсан нь тогтоогджээ.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ