Д.Нямхүү: Алтанбулагийн боомтоор орж ирсэн нэг иргэнээс COVID-19 илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас COVID-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.04.08/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү, Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.
Европ тивд, Турк улсад халдварын тохиолдол эрчимтэй нэмэгдэж, нийт халдвар авсан хүний тоо 34 мянга давсан гэдгийг мэдээлжээ. БНСУ-д өвчлөл буурч байгаа боловч залуус цэнгээний газарт олноор цугларч буй тул өвчлөл ихээр нэмэгдэх эрсдэл үүсч байгаа аж.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020.04.07-ны өдөр ХӨСҮТ болон Монгол Улсын хэмжээнд сэжигтэй тохиолдол тусгаарлагдаагүй. Сэлэнгэ аймагт тусгаарлагдсан таван хүнээс вирус илрээгүй. Харин нэг хүнээс COVID-19 вирус илэрлээ. Уг иргэн Алтанбулагийн боомтоор гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирж ганцаараа тусгаарлагдсан. Анхны шинжилгээний хариу гуравдугаар сарын 28-нд сөрөг гарсан ч дөрөвдүгээр сарын 7-8-ны давтан шинжилгээгээр эерэг хариу гарч вирус илэрсэн. Ингээд нийт Монгол Улсад батлагдсан тохиолдол 16 боллоо" гэж мэдээллээ.
Иргэд олон нийт амны хаалт зүүх нь багасч, цаг агаар дулаарч байгаа учраас хүүхдүүд олноороо гадна талбайд тоглох явдал нэмэгдсэн. Энэ нь өнгөрсөн гурван сарын хугацаанд хөл хорио тогтоож, хяналтаа чангатгасан амжилтаа хоромхон хугацаанд алдах эрсдэлтэй байгааг Эрүүл мэндийн яамнаас анхаарууллаа.
Г.Сүрэн
СЭТГЭГДЭЛ БИЧИХ