Ж.Сандагдорж: Загдаагийн “шорон”-гоос хүүхдүүдээ авмаар байна
“Хохирогчдын холбоо”-ноос эрх нь зөрчигдөж, хүчирхийлэлд өртсөн талаар иргэдтэй мэдээлэл хийлээ.
Иргэн Д.Халиун:
-Миний хувьд “Зөв амьдрах ухаан”-д амьдарч байгаад гарсан. Би өөрийнхөө хүүхэдтэй хамт амьдармаар байна. Загдаа намайг хүчиндсэн. Хэрэв нийтэд зарласан тохиолдолд хүүхдийг чинь яаж ч мэднэ шүү гэдэг байсан. Амраа эгч цэцэрлэгт нь байгаа хүүхдүүдийг байнга зоддог.
Иргэн Ж.Сандагдорж:
-Би Загдаагийн “Зөв амьдрах ухаан” ТББ-д 2011 оноос найман жил амьдраад өнгөрсөн онд оргож гарсан. Оргож гараад нэг жил түрээсийн байрны галч хийж амьдарсан. Хүүхдүүдтэйгээ уулзах гээд очихоор уулзуулдаггүй. Намайг олон удаа зодсон. Хүний эрхийн хороо дөрөвдүгээр сарын 18-нд очиж хүүхдүүдийг минь авч өгнө гэсэн гэж мэдээлэл өгч сэтгүүлчдийн асуултанд хариуллаа.
- Загдаагийн лайваар хүүхэд чинь өөр асрамжийн газарт очихгүй гэж байсан?
Иргэн Ж.Сандагдорж:
-Тэр бол Загдаагийн зааж өгснөөр ярьсан. Хэрэв Загдаагийн хэлснээр ярихгүй бол мөнгө төгрөг өгөхгүй дарамталдаг.
-Та хүүхдүүдтэйгээ сүүлийн есөн сарын хугацаанд очиж уулзаагүй гэсэн?
-Намайг очихоор хөөгөөд явуулдаг. Хүүхдүүдэд минь хүртэл дамжуулдаггүй.
-Та хүүхэдтэйгээ ярихдаа "олон юм ярьж байж шоронд оров" гэж хэлсэн бичлэг байсан. Яагаад?
-Би санаатай, албаар хэлсэн. Хэзээ ч эцгийгээ загнаж ярьдаггүй хүүхэд.
-Асрамжийн газарт шилжүүлэх асуудлаар уулзалт товлохоор болсон. Энэ хэзээ болохоор болсон бэ?
-Утсаар цаг хэлнэ гэсэн. Одоохондоо мэдэгдээгүй байна. Загдаа тэр уулзалтанд орвол би охинтойгоо ойлголцож чадахгүй. Загдааг тэр уулзалтанд оруулмааргүй байна.Загдаагийн шоронгоос хүүхдүүдээ авмаар байна.
-Таныг архинд донтсон, амьдрах газаргүй, ажилгүй гэж байсан. Энэ талаар?
-Хан-Уул дүүргийн хүүхэд, гэр бүл хөгжлийн хэлтсээс надад таван ханатай бүрэн тавилгатай гэр өгсөн. Би одоо ажил хийгээд сайхан амьдарч байна. Би архинаас гарсан. Архи уухгүй нэг жил болж байна. Дахиж архи уухгүй.
-Та хэдэн хүүхэдтэй вэ?
-Өмнөх эхнэрийн дөрвөн хүүхэд, Загдаагийнд байгаа гурван хүүхэд гээд нийт долоон хүүхэдтэй.
Г.Мичидмаа
СЭТГЭГДЭЛ БИЧИХ